Уран зураг болон металл төмрийн бүтээл хосолсон уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өчигдөр Урчуудын эвлэлийн “Арт” галерейд уран бүтээлч, зураач хоёр Ариунболдын уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Хоёр гэсний учир нь үзэсгэлэнгийн нээлтээ хийж байгаа хоёр уран бүтээлч хоёулаа Ариунболд нэртэй. Зосон тосоор байгалийн  зураглал болон түүхийн сэдэвтэй монгол ахуйг тусгасан бүтээлүүд хананд өлгөөтэй байсан нь Урчуудын эвлэлийн зураач  Г.Ариунболдын бүтээлүүд. Харин төмрийн эдлэл болон модон эрх зэрэг бүтээлүүд нь Д.Ариунболдын бүтээлүүд юм. Ингээд хоёр Ариунболдтой нээлтийн үеэр ярилцсанаа хүргэе.

Монголын Урчуудын эвлэлийн зураач Г.Ариунболд:

-Юуны өмнө үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.

-Баярлалаа. Намайг Гүнсамбуугийн Ариунболд гэдэг. Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт төрсөн, үе дамжсан зураач.

-Ямар чиглэлээр уран бүтээлээ туурвидаг вэ?

-Бүтээлүүд маань орчин цагийн болон түүхэн сэдвүүдтэй. Хамтарч уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаа Д.Ариунболд ахын хувьд бол дан орчин цагийн баримал бүтээл туурвидаг. Энэ удаагийн үзэсгэлэнгээ бид хоёр бүтээлүүдээ хослуулж гаргаж байгаагаараа онцлог юм. Харин миний бүтээлийн гол онцлог бол эртний монголчуудын өв соёлыг тусгасан. Морь малыг хүндэтгэн шүтэж явах шүтэлцээ болон байгалийн эрчимт үзэгдлүүдийг харж бүтээлээ туурвисан.

Тухайлбал, “Тэнгэрийн босго” нэрт зураг байна. Энэ зургийг хараад юу өгүүлж байгааг зарим хүмүүс олохгүй байж магадгүй. Монголчууд өнө эртнээс мөнх хөх тэнгэрээ шүтсээр ирсэн. Бүтээлүүдээ тэнгэртэй холбож, түүний үзэгдлүүд болох аянга буух, цахилгаан цахих зэрэг эрчимт үзэгдлүүдийг тусгасан. Харин хэлэх гэсэн санаа нь бол хэнд ч дийлдэшгүй хүчтэй гэсэн утгыг илэрхийлж байна.

-Таны хэд дэх үзэсгэлэн бэ?

-Миний гурав дахь үзэсгэлэн. Хамтарсан үзэсгэлэнгүүд бол зөндөө бий. Сүүлийн үед уран бүтээлүүд рүүгээ нэлээн шаргуу орж байна. Өмнө нь хүн чулуу, сүг зураг болон эд ахуйн соёлын талаар өнгийг нь судалж хийж байсан.

- Энэ удаагийн үзэсгэлэнд хэдэн бүтээл тавигдсан бэ?

- Өөрийн бүтээлээс 30 гаруй уран бүтээл тавигдсан. Ахтайгаа хамтраад нийт 60 гаруй бүтээл тавигдсан байгаа.

- Намрын улирлын зураг нэлээд байна. Яагаад намрыг сонгосон бэ?

-Намар бол хараад л баймаар сайхан улирал. Бас илүү өнгөний гайхамшиг зохицсон улирал. Зураач хүний хувьд байгалийг зурахад намрын улирлыг зурвал илүү сонирхолтой байдаг.

- Таны уран бүтээлийг үзэж байгаа хүмүүс юуг олж хараасай гэж бодож байна вэ?

-Монгол хүний соёл болон өөрийн гэсэн өнгө аясыг олж хараасай гэж хүсэж байна.

Монголын Урчуудын эвлэлийн уран бүтээлч Д.Ариунболд

-Хэзээнээс эхэлж төмрийн материалаар уран бүтээл хийх болсон бэ?

- Миний найз төмрөөр их сайхан уран бүтээлүүд хийдэг хүн байсан. Одоо энэ орчлонд байхгүй л дээ. Түүний уран бүтээлүүдийг үргэлжлүүлэхийг зорьж уран бүтээлүүдээ хийж эхэлсэн.

-Төмрийн материалаар бүтээл хийхэд онцлог зүйл нь юу байна вэ?

- Миний өмнөх үзэсгэлэнгүүдэд дан ганц металл голлодог байсан бол энэ удаад модон эдлэл оруулсан. Мөн төмрийн эдлэлд өнгө оруулснаараа онцлог. Төмөр өөрөө  урлагийн нэгэн материал. Шууд даавуу шиг эсгэж хийх боломжгүй. Уламжлал талаас нь харахад эртний уран дархан хүмүүс ган төмөр, зэс зэргээр их зүйл хийсэн байдаг. Тиймээс ч энэ материал миний сонирхлыг ихэд татаж буй.

- Уран бүтээлээрээ ямар санааг илэрхийлэхийг зорьсон бэ?

- Энэ бол уран зурагтай адил утга санааг нь илэрхийлэхэд төвөгтэй зүйл. Ер нь бол төмрөөр хийгдсэн бүтээлүүд баяр хөөртэй харагддаггүй. Харин эсрэгээрээ хэцүү зовлонтой харагддаг. Хүний сэтгэл гэдэг барьж болохгүй зүйл гэдгийг л харуулахыг зорьсон.

- Бүтээл хийхэд хэдий хугацаа шаардагддаг вэ?

- Өөрийнхөө санаанд тултал хийж чадахгүй бол байж л байдаг. Болсон гэсэн цагтаа л гаргадаг.

- Энэ модоор хийсэн эрхи сонирхол татаж байна. Бөөрөнхий бүрд өөр өөр дүрс ажиглагдаж байна.

-Үүгээр хүмүүний бодлыг харуулахыг зорьсон. Эрхи 108 ширхэг үрэлтэй. Үрэл бүр нь өөр өөр дүрстэй байгаа нь хүний бодлууд юм. Тэгэхээр орчин үеийн хүмүүсийн бодол тогтохоо байсныг илэрхийлэхийг зорьсон.

- Ярилцсанд баярлалаа.

Д.Бямбасүрэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)