Урагшилж яваа Монгол уу, ухарч байгаа Монгол уу

Хатан зоригт эх оронч Түвдэнгийн Бортой, илгээлтийн эзэдтэй, коммунист нийгмийг санагалзуулсан жагсаал цуглаантай сонгуулийн жилийн хаврын улс төр тун сонирхолтой өрнөж байна.

Эмгэнэлт инээдмийн жүжиг шиг үйл явдлуудыг ажиглах тусам “Бид яг ямар нийгэмд амьдраад байна аа” гэж эрхгүй бодоход хүргэлээ. Саяхан даа, ХҮН-ынхан Тусгаар тогтнолын талбайд нэг цуглаан зохион байгуулсан шүү дээ. Ойр хавиар нь битгий хэл, холуур өнгөрч яваа хүүхэд, залуус ч зогтусан анзаармаар тийм сүртэй цуглаан.

...Яндаж болшгүй далай шигээ

Яасан баян нутаг вэ

Ямар их хувь заяагаар

Бид нар эзэн нь болж төрөв өө хэмээх дууг дээр үеийн цог жавхлантай, уриа лоозон маягийн хэлбэр, тавилтаар нь өсгөгчөөр хангинуулж, цуглааныг удирдагчид “Бид ийм сайхан эх орныхоо эзэд нь. Бид эх орноо луйварчдын савраас аварна” гэнгүүт туг намируулсан жагсагчид уухай хадаагаад л... Цаг хугацааны машинд суугаад, коммунист нийгэмд оччихсон юм шиг сэтгэгдэл залууст эрхгүй төрсөн болов уу.

 

2005 оны есдүгээр сар О.ТОГООХҮҮ: Коммунист нийгэмд байснаас ялгаа алга

“Өнөөдөр” сонины сэтгүүлч, орчуулагч О.Тогоохүү агсан 2005 онд Английн алдарт зохиолч Жорж Орвелийн “Амьтны ферм” туужийг орчуулсан бөгөөд тухайн үед FM-д ярилцлага өгөхдөө ийн хэлж байжээ. Коммунист нийгмийг элэглэж бичсэн уг зохиолын тухай тэрбээр “Энэ номоос уншигчид эрх чөлөөний үнэ цэнийг илүү ойлгох болов уу. Өнөөдөр бид эрх чөлөөт нийгэмд байна л гэдэг. Үнэндээ бол үсчний газар, эсвэл дэлгүүр нээх эрх хүмүүст алга. Тэр эрхийг хүнд сурталтнууд биднээс булаагаад авчихсан. Заавал тэднээс зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Уг нь тухайн хүнд мөнгө, өмч нь байгаа хэрнээ түүнийгээ ашиглая гэхээр эрх чөлөөгүй. Нөгөө л коммунист нийгэмд байснаас ялгаагүй. Зөвшөөрөл өгдөг хүнд сурталтнууд өнөөхөө арилжиж, амьдрах арга хэрэгслээ болгочихсон” хэмээсэн байх юм. 10 гаруй жилийн өмнөх энэ байдал одоо ч олигтой өөрчлөгдөөгүйг манайхан мэднэ.

Зурагтаар хааяа нэг үзэж байсан Майн 1, Октябрийн баярын жагсаал XXI зууны ардчилсан Монголд бодитоор болж байхад өөрийн биеэр “оролцохыг” хүссэн, сонирхсон зарим нь зорилгоо мартаад тийш очиж байгаа харагдсан. Энэ янзаараа манайхан удахгүй болох Майн 1-нийг нэлээд дориун тэмдэглэх шинжтэй шүү.

 Эх орончдын баярын өдрөөр Түвдэнгийн Борын дүрд “хувирч” ард түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн Л.Амгалан хатагтайн “мэргэн” санаа эцэстээ өөрийг нь Хятадын ногоон малгайт гамин цэрэг болгох шахав. “Миний малгайны өнгийг өөрчилчихсөн байна. Би уг нь бор хүрэн малгай өмссөн юм” хэмээн гомдолтой нь аргагүй тайлбарлаж буй түүнд миний хувьд ганц л асуулт тавимаар санагдаад байгаа юм.

Эх орончдын өдрөөр эх оронч бүсгүй гэдгээ батлахын тулд заавал Түвдэнгийн Бор “болох”, тэгээд болоогүй ээ, аль амбасын үеийн таван хошуутай малгай өмсөх шаардлага байсан гэж үү. Тэр хүн аль намын хэн байх нь маньд огт хүртээлгүй.

Гагцхүү үүнээс өөр шинэ соргог зүйл сэтгэхгүй, өнгөрсөн үетэйгээ зууралдаад байгаа дунд, ахимаг насны улстөрчид хойч үеийнхэндээ хэрхэн нөлөөлөх бол гэдэгт санаа зовж байна.

Цагтаа олон сайхан дуугаар ард түмний сонорыг мялааж явсан С.Жавхлан, Т.Баясгалан хоёр өнөө юунд ч юм “хорлогдоод”, дал, наяад оны үед хүчээ авч байсан “Илгээлтийн эзэд” аяныг үргэлжлүүлэхээр болчихож.

Тэднийг хамтран дуулаасай хэмээн хүсдэг байсан түмний хүслийг олон жилийн дараа биелүүлэхдээ зүгээр ч үгүй “Илгээлтийн эзэд”-тэй хамтрах гэнэ. БСШУЯ-наас энэ санаачилгыг нь дэмжин “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” аян зохион байгуулж, хүүхдүүдээр хурга, ишигний нэмнээ оёулж, мал төллөх үеэр гэрийнхэндээ туслах хүсэлтэй оюутныг 7-14 хоног хичээлээс чөлөөлөхөөр болсон юм байх.

2013 оны гуравдугаар сарын 7 Ц.ДОРЖГОТОВ: Залуу үеийг тэднээс халдвар авчих вий гэсэндээ би бичдэг юм

Зохиолч, нийтлэлч Ц.Доржготовын 2013 онд бичсэн “Би яагаад амьдарч явсан нийгмээ шүүмжилдэг төгцөг вэ” нийтлэл тухайн үедээ олон хүний дургүйг хүргэсэн гэдэг. Тэнд “...Нэг намын дарангуйлагч тогтолцоог цаагуураа битүүхэн өмөөрч хонзгоноод буй хүмүүсийг би хурц мэдэрдэг. Тийм хүмүүсийн үзэл үр хүүхэд, ойр орчныхондоо нөлөөлбөл хортой. Залуу үеийг тэднээс халдвар авчих вий гэсэндээ би бичдэг юм... Хуучин нийгмийг туулсан хүний хувьд би буцаад нэг намын, нэг хүний дарангуйлалд ормооргүй байна. Буцаад хувийн өмчгүй болмооргүй байна. Утга учиргүй социалист уралдаанаар дахин уралдмааргүй байна. Коммунист үзлээсээ салж чадахгүй хүмүүс эдгээрийг мөрөөдөхөө больчихвол би хуучин нийгмээ яах гэж шүүмжлэх билээ” хэмээсэн байдаг.

Хаваржилт хүндэрсэн аймгийн малчдад туслах гэсэн хоёр гавьяатын зүтгэлийг буруутгахгүй ч нэгэнт хөхөө өвлийн хүйтнийг давж, хөрст газар гэсэх цагаар гэнэт ийм санаачилга гаргасан нь тээнэгэлзэхэд хүргэж байгаа юм.

Тэгээд ч 2016 оны сонгууль хаяанд ирсэн энэ цаг дор С.Жавхлан гавьяат улс төрд дахин санаархаагүй гэх, нэгэнтээ УИХ-ын гишүүн байсан Д.Батбаяр гэргийнхээ ард бүхнийг далдаас удирдаагүй гэсэн баталгаа байхгүй. Энэ бол хүний эрхийн асуудал гээд орхиё гэхнээ оюутан, сурагчдыг эцэг, эхтэй нь давхар “хөлдөө чирэх” нь хэр зохистой бол.

Зардал мөнгө гарздан байж хотоос чөлөөгөөр очсон илгээлтийн эзэдтэй, эзэдгүй манай малчид хэдэн малаа төллүүлж дөнгөдөг юм шүү дээ, уг нь. Хэвлэлийн бага хурал хийх үеэрээ С.Жавхлан гавьяат нэгэн сурагчийн бэлэглэсэн тугалын нэмнээг магнайдаа залан мөргөөд авч байгаа дүр зураг ерөнхийдөө тэдний зорилгыг ямар өчүүхэн, түүндээ хүрэх арга барил нь хэчнээн хоцрогдсоныг илчилсэн билээ.

Хүүхдийн оюун санааг “Дээр нь юу ч бичиж болдог цагаан цаас” гэдэг. Бид өсвөр үеийнхэндээ ингэж л үлгэрлэж байна. Үнэндээ үл үзэгдэх коммунизмын “гар” манай нийгэмд үйлчилсээр, бас хэзээ дуусах нь тодорхойгүй байсаар байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд бүх нийтийн оюун санаа, сэтгэлгээнд хангалттай өөрчлөлт гараагүй, магадгүй “Битгий тэгээсэй” гэж хүсдэг хүмүүс төрийн эрх барьж, бодлого тодорхойлон, шийдвэр гаргаж байгаа учраас тэр биз. Нийтлэлч Баабарын хэлснээр 40-өөс дээш насныхан (одоо энэ тоо 50 руу ойртож буй) зайгаа тавьж өгсний дараа ч энэ улс эрүүлжинэ гэдэгт итгэхэд бэрх санагдана.

Манай шинэ цагийн залуучууд өнөөдөр “хуучин бууны хугархай”-нуудтайгаа нийлээд, баян хүнийг үзэж чадахгүй, муулаад л байдаг. Уг нь зах зээлийн нийгэм бол тэр баян хүмүүс том том үйлдвэр, пүүс, компани байгуулж байж, тэнд нь иргэд хэдэн зуу, мянгаараа ажиллан, амьдрал ахуйгаа авч явдаг ийм л тогтолцоотой.

 

2015 оны арванхоёрдугаар сарын 14

Д.ЧОЙЖАМЦ: Нийгмийн үзэл бодлыг зөв төлөвшүүлэхгүй бол коммунистууд төрөн гарсаар байна

Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц манай сонинд өгсөн ярилцлагадаа “Манайд Цагаан сар болсон ч, Улсын баяр наадмаар ч өнөө хэдэн ламаа муулсан, баяд ноёдоо эсэргүүцэн гоочилсон кинонуудаа гаргаад л байдаг. Энэ бол өнөөгийн нийгмийн урагшлах замд чөдөр тушаа болдог маш том хүчин зүйл. Учир нь коммунист нийгмийн 70 жилийн турш үргэлжилсэн бодлогоор, тэр айхтар үзэл суртлын хэмжүүрээр шүүж байж хийсэн урлагийн бүтээл гэдэг ямар ч цаг үед хүний сэтгэхүйд нөлөөлдөг юм байна. Гэтэл Польш зэрэг олон оронд уламжлалт өв соёл, шашинаа үгүйсгэн доромжилсон дээр үеийн кинонуудыг гаргахдаа “Энэ бол манай тийм алдартай жүжигчний бүтээсэн уран дүр юм. Түүнээс биш киноны үйл явдал, утга санаа нь бодит байдлаас огт өөр шүү”, “Энэ бол манай ард түмний нэрт зохиолч, найруулагчийн яруу тансаг хэл, найруулгатай бүтээл гэдгээрээ үнэ цэнэтэй. Харин уг кинонд коммунизмын үзэл суртал нэвт шингэсэн гэдгийг анхаарна уу” гэсэн тайлбар хийдэг болсон. Бид ч гэсэн одооноос нийгэм, соёл, шашинд хандах хандлага, сэтгэхүй, үзэл бодлоо өөрчилж, зөв төлөвшүүлэхгүй бол улам л хойшоо ухарч, коммунист үзэлтэй хүүхэд, залуус бий болсоор байна” хэмээн ярьсан.

 

Амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг таниагүй, таниулаагүйн хар гайгаар өдгөө бид салхинд хийссэн хамхуул шиг юуг ч сохроор даган дуурайхад бэлэн байдаг аж.

1980-аад оны сүүлч, 90 онтой золгоход гадаадын өндөр хөгжилтэй улс орнууд ардчилсан нийгэмд шилжихдээ хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэхүйг өмнөхтэй нь хольж хутгалдуулахгүйн тулд бүхнийг хийсэн гэдэг. Жишээлбэл, Германд их, дээд, дунд сургуульд нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн хичээл заадаг байсан багш нартаа их хэмжээний мөнгө өгөөд ажлаас нь чөлөөлсөн гэдэг.

Ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө хоёргүй сэтгэлээр итгэл дүүрэн зүтгэх ёстой залуучуудад коммунизмыг магтан дуулсан хичээл зааж хэрхэвч болохгүй гэдгийг тэд урьдчилаад харсан хэрэг. Гэтэл коммунизм хэмээх шилэн хоргонд амьдарч байсан биднийг нэг л өдөр нууранд цүл хийтэл аваачаад тавьчихсан.

Тэнд хэрхэн сэлэх ёстойг хэн ч зааж өгсөнгүй. Тэгээд “Наана чинь амьдрахад эвгүй байвал эргээд шилэн хоргондоо ирээрэй” гэж тавласан. “Монголчууд феодалын нийгмээс капитализмыг алгасаж шууд социализм буюу нийгэм журамт байгуулал руу шилжинэ. Тэгээд хөгжин хөгжсөөр яваандаа коммунизмд хүрнэ” гэж сэхээ самбаагүй ухуулан сэнхрүүлж байсан шиг тийм итгэл үнэмшил өнөөгийн бидэнд алга.

Алгасаад явчихна хэмээн бат итгэж байсан капитализмдаа одоо бид хөлөө олж амьдрах гэж тэмтчиж байна.

26 жилийн өмнө сонгосон замаасаа бид ухарч, эргээд коммунизм руугаа явж буй тухай нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн цөөнгүй сэхээтэн ярих болсон нь ямар учиртайг энэ хавар өрнөж буй улс төрийн тоглолтоос илүүтэй мэдрэв. Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоох эрс шинэчлэлийн замд гарсан монголчууд сэтгэлгээний хувьд үнэндээ ардчилал, коммунизм хоёрын дунд гацчихаж.

Одоо анзаарах нь ээ, намайг төрж, өсөх, ухаан төлөвших бүхий л явцад энэ нь хамт байсан бололтой. Бүгдээрээ адилхан баян юм уу, дундаж амьдралтай байж чадахгүй бол бүх хүн ядуу байх ёстой юм шиг тамын тогооны үлгэрийг өвөг дээдэс маань бидний мах, цусанд хангалттай “шингээж” өгсөн нь үүний илэрхийлэл.

Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, шинэ эхлэлийг түүчээлэх учиртай Монголын бяцхан үрсийг дээрх үл үзэгдэх “гар” удирдана гэхээр дэндүү хайран. Үнэндээ бид өөрсдөө ч мэдэхгүй хам хэрэгтэн болчихсон, хойч үеэ “хорлон сүйтгээд”, эх орныхоо хөгжлөөс ар тийш нь чангаагаад яваа юм байна.

Энэ байдлаараа ухарсаар яваад феодалын нийгэм рүү, тэгээд боолын эрин рүү очих гээгүй л бол залуу үеийнхнээ дахиад бүгдээрээ хорлохоо больцгооё, тэгэх үү.

2015 оны арванхоёрдугаар сарын 23

Н.ЗОЛЖАРГАЛ: Коммунизм руу явж буйгаа ойлгохгүй байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг гацаасан талаар хэлэлцэх үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Коммунизм руу явж буйгаа ойлгохгүй байна” хэмээн бухимдаж байв. Цэцээс зээлийн барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах зэргээр хөдөлгөх боломж бүрдүүлсэн шийдвэр гаргасныг эсэргүүцэн тэрбээр “Урьд нь банк, иргэн хоёр талаасаа асуудлаа хэлэлцээд, барьцаанд байгаа байраа түрээсэлж болох, эсэхээ шийддэг байсан. Гэтэл иргэдийн эдийн засгийн эрх ашгийг хамгаалах нэрээр боломжийг нь хязгаарладаг сонгодог жишээ энэ боллоо. Коммунизм ийм зүйл дээр л суурилсан. Тэр үед өмч дагасан бүх эрхийг үгүй хийсэн. Ийм л байдал руу буцаад явж буйгаа манайхан ойлгохгүй байна” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)