Урагшаа нэг, хойшоо хоёр алхам

III, IV хороолол. 12.30 цаг 2019.12.16

Нийслэлийн оршин суугчид агаарын бохирдол бага, нийтийн тээвэр хүрэлцээтэй, зам түгжирдэггүй, хог хөлөөр нэг хөглөрөхгүй, хүмүүс хоорондын харилцаа эелдэг байхад тав тухтай амьдарна. Сэтгэл тэнэгэр бол ажил үйлс илүү бүтэмжтэй байна. Эдгээр нь хэдийгээр хуруу дараад тоолоход гарын таваас илүү гарахааргүй ч саяас дээш хүн амтай их хотын хувьд зохицуулахад бодлого, шийдэл багагүй шаардана. Дээр дурдсанаас иргэд, олон нийтийг бухимдуулаад байлгүй, хэл амгүй гүйцэтгээд байж болох ажил нь хог ачих санагддаг юм. Машин техник, хүн хүч нь байхад гагцхүү хуваарьт өдрөө алгасалгүй ачдаг байхад л болохоор атал хорооллын айлууд нийтээрээ үгээ хэлтэл үзэгдэж харагдахгүй болчихдог учир юу вэ. Байшингуудын хооронд байршуулсан чингэлгэн хогийн сав амаараа сагаж, хавь ойрд элдэв хог өнгө алаглан тарж, хүн, нохойн хөлөөр ийш тийш “зорчих” нь тав тух алдагдуулах бас л нэгэн шалтгаан. Хараад бухимдах нэг хэрэг. Айлд байхдаа ялзарч илжрээд гарсан хог тэнд ирээд сайжрах нь үгүй, бүр л муудаж, элдэв нян бактерийн үүр, уурхай болж байгаа шүү дээ. Өвөл эрхбиш хөлдөх юм. Гэхдээ хүйтэнд тэсвэртэй ямар ч өвчин үүсгэгч тэр их хог дунд амь бөхтэй байдгийг таашгүй. Халдварт өвчний тархалт буурахгүй байна л гэдэг. Хог, орчны бохирдол нөлөөлж л байгаа бус уу.

Зун яг одоогийнх шиг хуваарьтай өдрөө ачихгүй байвал ялаа, батгана шаваад өт цацчихсан байхаар нөхцөл байдал Баянгол дүүргийн I, III хороо орчимд л байна уу гэтэл тус дүүргийн III, IV хороолол тийш бас адилхан байх аж. Саваа халин сагасан хог энд тэндгүй.

“Бөмбөгөр” худалдааны төвийн зүүн тал. 16.20 цаг 2019.12.16

Хотын хог гэхээр хамгийн түрүүн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог, хаягдлын удирдлагын хэлтэс санаанд орох тул дарга С.Аригуунаас нь “Дүүргүүдийн нутаг дэвсгэр хогтой байх юм, цэмбийтэл цэвэрлээд байж болдоггүй юм уу, танай ажлын алба шаардлага тавьдаг уу” гэж асуухад энэ нь дүүрэг тус бүрийн Засаг дарга нарын хариуцах ажил гэдгийг хэлж өглөө. Гэсэн ч тэдний хэлтэс хараагүй юм шиг сууж чаддаггүй гэнэ. Иргэдээс ирсэн мэдээлэл, гомдлыг шүүж үзэхэд Баянгол, Баянзүрх дүүрэгт хогийг хуваарьт өдрөө, товлосон цагтаа ачдаггүйгээс ихээр цугладаг байна. Нийслэлийн МХГ-аас ТҮК-иудад арга хэмжээ авах талаар байнга шаарддаг ч хэн ч, хэзээ ч хариуцлага тооцож байгаагүй бугшмал асуудал болоод уджээ.

Тэгэхээр гэр хорооллын гудамж, орон сууцын хороолол хогонд дарагдсан байх, эсэх нь тухайн дүүргийн Засаг даргын удирдлагад ажилладаг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн ажлаас шууд хамаардаг юм байна. Тус хэлтэс хог тээвэрлэх машин техниктэй, хүн хүчний нөөцтэй компаниудтай гэрээ хийж ажиллуулдаг бөгөөд хэлтэс өөрөө иргэд, оршин суугчдын өмнө хариуцлага хүлээх субъект байдаг.

Хог, хаягдлын тухай хуулиар нутаг дэвсгэрээ хоггүй, цэвэр цэмцгэр байлгах үүргийг Дүүргийн Засаг дарга нар хүлээдэг. Ийм үүрэгтэйгээ ялангуяа Баянгол болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нар мэддэг юм болов уу. Хариуцсан нутаг дэвсгэр нь хогонд дарагдаж, иргэд, оршин суугчдын тав тухыг алдагдуулсаар байхад тэд яагаад ямар ч арга хэмжээ авдаггүй, хариуцлага хүлээдэггүй вэ. Аль эсвэл хог нь дүүргийн Засаг “ноён” тавгүйтэх, ажил, үүргийн дагуу арга хэмжээ авч, үр дүнг хариуцсан дарга, мэргэжилтнүүдээс шаардах хэмжээний асуудал биш үү. Засаг дарга нар ядаж Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн нь ажлаа хийж байгаа, эсэхийг, ажилтнуудын олон нийтэд зориулж гаргасан утасны жагсаалтад буй дугаарууд нь зүгээр л эгнүүлж бичсэн цифр, ер холбогддоггүй гэдгийг мэддэг юм болов уу.

Оршин суугчид хогийг сайтар ялгадаггүй юм гэхэд уутанд хийж хаядаг болсон. Энэ нь Э.Бат-Үүл даргын элдвээр муулуулан байж хэвшүүлэх гэж оролдсон ногоон уутны хэрэглээний үр дүн ч байж магад. Ямар ч байсан хүнс худалдаж авахдаа савласан уутаа хогийн савандаа углаж байгаад хог хийдэг, тэр чигт нь боогоод гадагшлуулдаг болсон. Ингэж нэгбүрчлэн хэлж, бичих нь өрөвдмөөр, зүдэрсэн мэт харагдавч үнэн хэрэгтээ нийслэлчүүд саяхан болтол хогийг задгай асгачихдаг байсан нь үнэн билээ. Иргэд нэг үеэ бодвол зүгширч хогийг уутанд хямгадаж

гаргаад байхад машинтай хүмүүс нь хуваарийн дагуу сүнгэнэж ирээд ачаад явдаг бол гудамж, хороололд хог хийсэж, гутал, хувцсанд наалдаж тав тух алдагдуулахгүй, муухай үнэр салхиар нэг туугдахгүй сэн.

Социализмын үед хотод хогтой холбоотой гомдол бараг гардаггүй байлаа. Байрны гадаах нийтийн хогийн сав ч жижигхэн байв. Яагаад гэвэл тийш хийх хог бага. Ясыг тусад нь цуглуулж, савлан бага зэргийн мөнгөөр тушаана. Авсан хүмүүс өнөөхийг савангийн үйлдвэрт өгнө. Төрөл бүрийн шилийг бас тусад нь өчүүхэн ч гэлээ мөнгөөр зарна. Өнөөгийнх шиг хэрээс хэтэрсэн хэрэглээ гэж байгаагүй болохоор айл хог тэгтлээ их “үйлдвэрлэхгүй”. Гэтэл одоо хог ч дийлдэхгүй, ачих, зөөх байгууллага ч олигтой ажиллахаа байжээ. Дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэстэй гэрээний хүрээнд хамтарч ажилладаг компаниуд хариуцсан дүүрэгтээ өдөрт 14-15 машин явуулдаг байхад зарим нэг нь 30-ийг ч гаргадаг байж. Улаанбаатарын хэмжээнд хогийн машины паркийг 2012 онд шинэчилсэн бөгөөд дүүрэгт хорооных нь тоогоор орчин үеийн тоноглол бүхий машин явдаг байхаар зохион байгуулжээ. Тэдгээр машины ашиглалтын хугацаа долоон жил. Өөрөөр хэлбэл, энэ жилээр ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа машин олон аж. Үүнтэй холбоотойгоор машины паркийг дахин шинэчлэх хүртэл хог ачилт улам цөөрч мэдэх л бололтой.

Хэдийгээр зарим дүүрэг хогонд дарагдсан байдалтай, хариуцсан хүмүүс нь хаа яваа нь мэдэгдэхгүй шахам байгаа ч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог, хаягдлын удирдлагын хэлтсийнхэн өөдрөг байгаа юм байна. Уг хэлтэс Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваанд тээвэрлэж аваачсан хогийг технологийн дагуу дарж булах ажлыг хариуцдаг юм байна. Зориулалтын дагуу буюу өдгөө дэлхийд мөрдөж буй стандартаар ухсан нүхэнд хөрс, хог, хөрс гэсэн схемээр хог хийж, дарж, булдаг аж. Хог булсан газар, хөрсний ирээдүй ямар байх талаар одоохондоо бодох хүн байхгүй ч лав тус хэлтсийнхний амьдралаас олж харсан, хог бага байлгах гарц нь хогийг дахин боловсруулж хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тул энэ чиглэлийн санаачилга, үйлдвэрлэлийг сайтар дэмжих нь зүйтэй гэж үздэг юм байна. Бодлогын түвшний энэ асуудлыг төр, нийслэл мэргэн хараандаа байлгасаар, авч үзсээр, хэлэлцэн, шийдвэрлэсээр байх биз ээ.

Яг өнөөдрийн байдлаар бол байрны гадаах хогийн сав сагаастай, оршин суугчдын ууталж гаргасан хогийг нохой болон өнөөх муу нэрт хүмүүс онгичсон, хогийн савны эргэн тойронд эвгүй үнэр ханхийсэн, машин ирэх нь нүдний гэм, Засаг дарга нар нь үл тоосон байдалтай байна. Иргэдийн ухамсарт бага ч болов ахиц дэвшил гараад байхад нийслэлийн зохих удирдах байгууллага хойрго хандаж буй нь хоёр алхам хойш сууж байгаагаас ялгаагүй дүр зураг харагдаж байна. Хонх нь дуугарахаар дамар нь таг ч гэдэг дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)