УОК, Засгийн газрын шийдвэр нийслэлийн удирдлагад хүртээлгүй юм байна

Засгийн газар, УОК-оос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг цуцлаагүй байхад нийслэлийн дүүрэг бүрт “Соёлын цаг” хөтөлбөрийн нээлт хэмээн олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулав

Баянгол дүүрэгт байх Ардчиллын хэмээх цогболбор луу дөхөхөд нэгэн хүн чанга яригчаар дурсамж юм уу, эсвэл түүх өгүүлж байгаа бололтой байв. Замын хоёр талаар машин, нийтийн унаа зогсоо зайгүй явах агаад дуут дохиогоо байн байн хангинуулах тул тэр хүний яриа төдийлөн сонсогдсонгүй. Дөхөөд очтол Ардын жүжигчин П.Цэрэндагва байх юм. Дүүргийн Боловсрол, соёлын газраас УДЭТ-тай хамтарч “Соёлын цаг” хөтөлбөрийн нээлтийг зохион байгуулж буй юм байна. Ширээн дээр дэлгэсэн танилцуулга сэлтийг нь сонирхсон хүмүүс бие бие дээрээ хэвтэх шахам бөөгнөрчээ.

Голын ширээний ард амны хаалттай зогсоо хоёр бүсгүйгээс зохисгүй цаг үед юу хийж байгааг асуухад ардаа байгаа өндөр залуу руу зааж “Та энэ хүнээс асуучих уу. Манай удирдах албан тушаалтан” гэв. Түүнд хандахад дүүргийн боловсрол, соёлын асуудал хариуцсан дарга гээд саарал хослолтой, нүдний шилтэй намхан залуу руу заав. Даргаас “Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг цуцлаагүй байгаа. Олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж эхлээгүй байхад болж байгаа юм уу” гэхэд тэрбээр “Нийслэлийн соёл, урлагийн газрын удирдамжаар ажиллаж байна. Соёл, урлагийн салбарын алдар хүндтэй ажилтнуудаар хүмүүст мэдээлэл өгүүлж буй юм. Амны хаалтаа зүүж, дундын зай барьж, ариун цэвэр сайн сахиж байхыг сануулж байгаа юм” гэлээ. “Тэр олон хүнийг харж байна уу. Ам, хамраа нийлүүлэх нь. Ам, ажил хоёр тань зөрөөд байгаа юм биш үү” гэхэд “Харин энэ хүмүүс ингээд байх юм” гэв. Даргаас “Нийслэлийн соёл, урлагийн газраас ийм ажил зохион байгуулах үүрэг даалгавар өгөхөд та ухамсартай иргэний хувиар “Хөл хорио цуцлаагүй байхад ийм ажил явуулж болох юм уу” гэж асуусан уу” гэхэд “Уг нь хэлсэн л дээ” гээд дуугүй болов. Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэдэг шиг л юм болж.

Нийслэлийн соёл, урлагийн газраас “Соёлын цаг” хэмээх арга хэмжээг хоёр сарын хугацаатай зохион байгуулах шийдвэр гаргасныг хэвлэл мэдээллийнхэн мэдэж буй. Гэхдээ УОК буюу Засгийн газрын шийдвэр “Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм”-ийг цуцлаагүй байхад ийнхүү дүүрэг бүрт урлагийнхныг “тууж” аваачин, олон нийтийг бужигнуулж буйг төрийн бодлогыг увайгүйгээр эсэргүүцэж байна гэж харахад хүрэв. Өмнө нь “Өндөржүүлсэн бэлэн байдал үлгэр болох нь” хэмээн бичсэн бол одоо түүх болон хоцорчээ гэхээр байна.

Уг дэглэмийг ирэх есдүгээр сарын 15 хүртэл сунгасан. Нийслэлийн удирдлага тэр болтол хүлээж тэвчихгүй соёл, урлагийн байгууллагуудыг, уран бүтээлчдийг хүчээр шахам Засгийн газрын шийдвэрийн эсрэг тавьж байгааг удахгүй болох орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд ийнхүү дөвчигнөж байна гэхээс өөрөөр дүгнэх аргагүй. Хамгийн сонирхолтой нь дээрх даргын хэлснээр энэ ажлыг Соёлын яамны дэмжлэгтэй зохион байгуулж буй аж. Танилцуулга дээр тэгж бичсэн байв. Сайтынхны мэдээлснээр нийслэлийн удирдлага төдийгүй Соёлын сайд, түүний баг энэхүү “Соёлын цаг” хөтөлбөрийн “ерөнхий” нээлтэд биечлэн оролцсон байх юм. Олон, тодруулбал 25 жилийн дараа сэргээн байгуулсан, соёл, урлагийнхны төдийгүй ард иргэдийн хүлээлтэд нийцсэн хэмээн үзэж буй уг яам анхны ажлуудынхаа нэгээр “Соёлын цаг” хэмээх хөтөлбөрийг дэмжиж, хамтарч буй юм байж. Гэхдээ хөл хориог цуцлаагүй байхад нээлтийн ажиллагаа хэмээн зүй бус цагаар олон нийтийг бужигнуулахыг дэмжсэнээрээ төр, засгийн шийдвэрийг эсэргүүцэж буйтай агаар нэгэн бус гэж үү. Сонгууль л болбол төрийн мэдлийн бүхий л байгууллагыг албан хаагчидтай нь ил, далд хэлбэрээр дайчилдаг, дарамталдаг байдал улам лавширч, бүр сүүлдээ онцгой нөхцөл байдлын үед тогтоосон дэглэмийг хүртэл зөрчихдөө тулж буй юм байна. Улс төрийн тогоон дотор хамтдаа “шалзрах” нь өнөө цагийн сэхээтнүүдийн ч амь аргацаах, ажил, амьдралтай байх арга нь болсон юм гэж үү. Хэрэв тийм бол хэн хэн нь, аль аль талдаа арчаагаа алдаж. Ардын жүжигчин П.Цэрэндагваас ч гэсэн “Амны хаалтгүй хөгшин, залуу хүмүүс, хүүхдүүд нэг дор цуглаад ам, хамраа нийлүүлэх шахаж байхыг харахад санаа тань зовсонгүй юу. Зохион байгуулагчдад ингэж арай боломгүй нь гэж хэлж чадсангүй юу” хэмээн асууя. Өнгөрсөн амралтын өдрүүдэд, түүний өмнөх өдөр ч тэр нийслэлийн дүүрэг бүрт энэ мэтчилэн дуу, хуур болсныг оновчтой арга хэмжээ гэж дэмжих хүн алга. Энэ нь иргэд эрхбиш эрүүлээр сэтгэж буйн илрэл биз ээ.

Нийслэлийн удирдлагуудад УОК, Засгийн газрын шийдвэр ямар ч хүртээлгүй нь тэдний бас нэг алхмаас харагдав. Нийслэлийн дүүрэг тус бүр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх нэрийн дор иргэдийг олуул нэгдэж дасгал, хөдөлгөөн хийхийг уриалж, цагийн хуваарийн дагуу цуглуулах зар түгээв. Сүхбаатар дүүргийнхнийг жанжин Д.Сүхбаатарын талбайд 07.00 цагт ирж дасгал хий гэсэн. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийг хэн ч, аль ч шатанд дэмжинэ. Гэхдээ Засгийн газар, УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг цуцалсны дараа олныг хамрах арга хэмжээ явуулж болно шүү дээ. Учир мэдэхгүй хүүхэд буруу, зөрүү авир гаргавал аав, ээж нь хэлээд болиулдаг. Сэтгэцийн хүнд өвчтэй, юу хийхээ, хийж буйгаа мэддэггүй хүмүүс бол хэцүү. Тэднийг залах аргагүйд хүрвэл, өөрөөр хэлбэл, яах аргагүй байдал үүсэхэд тусгай эмнэлэгт аваачдаг. Мэдсээр байж, төрийн, нийслэлийн оршин суугчдын өмнө удирдах үүрэг хүлээсэн албан тушаалтнууд ийнхүү хөл хорионы дэглэмийг улайм цайм зөрчихийг сэтгэцийн өвчтэй хүмүүстэй зүйрлэхээр. Ингэтлээ адгах нь өнөөх сонгууль хэмээх “солиорол”-д улайрсных, намын пиарчид гэдэг “цүнх баригчид”-ын санааг хэрэгжүүлэх гэж буруу, зөвгүй зүтгэж буйнх гэлтэй.

Иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын бүхий л үе шатыг ухамсартай, тэвчээртэйгээр даван туулсаар байна. Харин болох, бүтэхгүй бүхэн дээрээс доош чиглэлтэй буюу яам, тамгын газар, нийслэлийн удирдлага зэрэг субъектээс гарч буй нь харамсалтай. Үүнийг Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хаяглалаа. Цаашид бичсээр байх болно. Хөнөөлт өвчин дэлхий нийтийг хамран аюул тарьж буй энэ цаг үед тогтоосон дэглэмээ өөрсдөө зөрчихгүй байх нь төрийн өндөр албан тушаалтнууд, яамд, нийслэлийн удирдлагын энэ тэргүүний зорилт байх ёстой атал энд дурдсанчлан “Намайг хэн хэлэх юм” гэх лугаа адил эрээ цээргүй авирлагсдад зохих хариуцлага хүлээлгэмээр.

Дэглэм зөрчигсөд зөвхөн нийслэлд байна гэвэл үгүй. Төв аймгийнхан эсгий хийхийг зааж, Булганыхан айрагны баяр тэмдэглэсэн гээд бичээд байвал өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг цуцлаагүй байхад төрийн байгууллагуудын зүгээс арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн нь олон. Төрийн, нийтийн алба хаших гэдгийг хэзээ хүссэн цагтаа юуг ч, ямар ч үнээр, золиосоор хийж болдог гэж эндүүрэгсдэд авах арга хэмжээ байдаг хэмээн найдна. Ийм бэрх цаг үед Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй, Засгийн газар ч байдлыг хяналтдаа байлгаж чадахгүй байгаагийн гор тун их хохирол, эмгэнэлтэйгээр гарахыг үгүйсгэхгүй. Коронавирусийн халдварыг өнөө болтол ХӨСҮТ-өөс алдчихалгүй, ард түмнээ амгалан байлгаж буй эмч, мэргэжилтүүдэд талархахын зэрэгцээ аюул тун ойрхон, хаалга тогшсоор байгаа гэдгийг цаг ямагт санаж, сонор сэрэмжтэй байхыг дахин сануулъя.

ДЭМБ-аас манай улсыг эрсдэл өндөртэй орноор нэрлэсээр, сэрэмжлүүлсээр буй билээ. Судалгаа, олон хүчин зүйлийн нэгдэлд үндэслэн ийм дүгнэлт хийж байгаа нь мэдээж. Тэдгээрийн нэг нь төрийн албан тушаалтнууд, ялангуяа нийслэлийн удирдлагын хайнга байдал гэлтэй. Коронавирусийн халдвар нийслэл, орон даяар тархаж, түймэр мэт дүрэлзвэл энэ хүмүүс амиа хоохойлохоос өөрийг чадах уу. Өнөөх хэдэн эмч л улаан нүүрээрээ тулна шүү дээ. Улс төрд хожих гэсэн өчүүхэн эрх ашгийн төлөө өрөөлийг, олон нийтийг ч ашиглахаа, золиослохоо зогсооно уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)