Унци алтны ханш 1400 ам.доллар давах уу

Санхүүгийн зах зээл таамаглашгүй гэдгийг харуулах бас нэг жишээ нь алтны ханш байх болно гэж шинжээчид үзсэн тухай Лондоны алтны зах зээлийн холбоо мэдэгджээ. Тус холбоо 30 шинжээчийн дунд судалгаа явуулахад шар металлын үнэ өснө гэж тооцож байгаагаа олонх нь илэрхийлсэн аж.

Тодруулбал, тэдний гуравны хоёр нь энэ онд унцийнх нь ханш 1400 ам.долларт хүрч, давна хэмээн үзэж буй юм байна. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, брексит, АНУ-ын Төвбанкны бодлогын хүү, геополитикийн хүчин зүйл зэрэг нь тодорхойгүй байдал үүсгэж, алтны эрэлтэд нөлөөлж буйтай энэ нь холбоотой гэнэ. 

Токио дахь “Sumitomo” корпорацын шинжээч Эдди Нагао алтны ханшийг бүр 1475 “ногоон”-д хүрнэ хэмээн таамаглаж байгаа аж. Институционал (тэтгэврийн, хамтын сан зэрэг багтдаг) болон хувийн хөрөнгө оруулагчдын дунд үнэт металл эрэлттэй байна гэж тэрбээр үзэж буй.

Гэхдээ дээрх шинжээчдийн зургаа нь унци алтны ханш энэ онд 1300 ам.доллароос доош байх магадлалтай хэмээн үзсэнийг дурдах хэрэгтэй. “Metal bulletin”-ы Адам Виллиамс гэхэд уг таваарын ханшийг дээрх хугацаанд хамгийн ихдээ 1355, багадаа 1200-гоос доош, дунджаар 1242 “ногоон” байна гэж тооцоолжээ. 

Тэгвэл топ брокерт тооцогддог, “Sharps pixley”-гийн Росс Норман алтны ханшийг хямддаа 1280, хамгийн өндөртөө 1410, дунджаар 1337 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзсэн байна. Таамаглал нь сүүлийн жилүүдэд ихээхэн бодитой байсан мэргэжилтэн хэмээн тэрбээр үнэлэгддэг. Түүнээс дутуугүй нэр хүндтэй, Францын “Natixis” хөрөнгө оруулалтын банкны таваарын ахлах шинжээч Бернард Дахдах унци алтны ханш энэ онд дунджаар 1330 “ногоон” байна хэмээн тооцсон гэнэ. Өчигдрийн байдлаар уг таваарын унци нь 1325 ам.долларын үнэтэй байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)