Ундуй сундуй УЛААНБААТАР

Ундуй сундуй гэж хоршоо үг байх бөгөөд энэ нь эмх замбараагүй, энд тэнд хөглөрсөн гэсэн утгатай. Улсын нийслэлийн энэ цаг үеийн өнгө төрх иймэрхүү байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх буй за. Газар л харагдвал хашаалж барилга босгосоор явган хүний зам гэх юмгүй болгосон. Хотын төв хэсгийг эс тооцвол хуучных шиг эв хавгүй ч гэлээ хэд хэдээрээ эгнэн, заримдаа сугадалцан алхах зам, талбай бараг байхгүй. Тэр бүү хэл хашаа, авто зам хоёрын завсраар бага ангийн хүүхэд багтаад гарчих зай ч хомс болсон. Үүний сацуу засаж байгаад орхисон зам, өөд нь татахаар зэхсэн ч гар хүрэлгүй зөнд нь хаясан объект, энд тэнд овоолсон элс, хайрга, барилга, байшингийн нуранги гээд хаа сайгүй ундуй сундуй.

Улсын нийслэл хэсэгтээ Утаанбаатар нэртэй болоод байв. Засгийн газраас арга хэмжээ авсны хүчинд өнгөрсөн жилээс утаа хөшиглөх нь эрс багассан. Харин одоо энэ хотыг “Ундуйсундуйбаатар” хэмээн хочлохоор болж. Манай улсын хүн амын дийлэнх нь амьдардаг, ачаалал их гэж арай шалтаглахгүй байх. Хот мөнгөтэй. Гагцхүү байгаа онолгүй “буудаж”, үргүй зардал гаргахдаа гаргуун. Тэр дутагдлаа засах нь бүү хэл, элдэв төслөөр төсвөөс мөнгө чангаахаар өрсөлддөг хэвээр. Улсын хөрөнгөөр тоглосон хүмүүст хариуцлага тооцдоггүй, бие биеэ өмгөөлж, хамгаалахдаа гаршсан, ийм тогтолцоо бүрдүүлж чадсан “гавьяатай”. Жишээ ч олон.

...Иргэд учраа олохын хэрээр амьдралаа төвшитгөсөөр. Гэтэл төрд, нийслэлд өндөр алба хашигчид буюу улстөрчид учраа олохын хэрээр улсаа, хотоо ундуй сундуй болгосоор...

Ганцханыг дурдахад, жанжны талбай тойруулж өрөөд, олны шүүмжлэлээр холдуулсан өнөөх хэдэн дөрвөлжин цагаан чулууны нэгээхэн хэсэг нь өдгөө лав “Бөмбөгөр” худалдааны төвөөс Баруун дөрвөн зам хүртэлх зам дагуу хөглөрч байдаг юм. Зун борооны ус туулахаас зүрхшээсэн авгай, хүүхнүүд дээр нь гарчихсан шовойлдож харагддаг. Зарим өдөр замбараатай цувуулчихсан байх. Удалгүй ийш тийш харчихсан замын тээг болдог. Зам шүүрддэг шар хантаазтангууд янзалж тавьдаг юм болов уу. Эс бөгөөс эдгээрийг өрөх завтай бөгөөд сэтгэлтэй нөхөд байна уу. Энэ чулуунуудад нийслэлээс гурван тэрбум төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл байсан. Гурав, хоёр, нэг ч тэрбум бай тодорхой хэмжээний хөрөнгө зарж төв талбай тойруулж тавих гэсэн санаачилга гаргаж, төсөл болгон төсвөөс мөнгө цохисон нөхдөд хариуцлага тооцсон гэж лав сонсогдоогүй. Хөрөнгийг энэ мэт зүйлд зарцуулахаар үтэр түргэн шийдэж, батлуулж болдог. Харин нийтийн эрх ашигт хамаарах хэрэгцээт засвар, үйлчилгээнд зориулах хөрөнгийг дарж суусаар, намартай золгуулдаг нь ундуй сундуй хотын дарга нарын аяг, арга заль гэлтэй. Хөрөнгийг хугацааны эхэнд шийдэж, ажлыг дунд үед гүйцэтгүүлж дуусган, наймдугаар сарын сүүлчээр хичээлийн шинэ жилийг угтуулан хотоо цэмцийлгээд байж байхад төлөвлөлт, зохион байгуулалт дутдаг гэхээс илүүтэй “дээрээс”, “цаанаас” гэх үл үзэгдэгч хүчний шийдвэрийг хүлээх гэсэн айхавтар асуудлаар “хариуцлага” алдах вий гэхээс үнхэлцгээ хагартал айдаг “хоёрдугаар дэс”-ийн дарга нарын өчүүхэн эрх ашиг илүүддэгийг олон нийт ойлгодог.

“Ундуйсундуйбаатар”-т өдийд, өнөөдөр бараг дүүрэг бүрт явган хүний зам засаж байна. Авто зам ч тэр. Жишээ нь, Баянгол дүүрэг дэх “Өргөө” кинотеатр, “Номин” дэлгүүр орчмын зам засварын ажлыг дуусгахгүй байгаагаас болж зам түгжирсээр. Өглөө хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхээр яарсан хүмүүс нийтийн унаанаас бууж, хүүхдийнхээ цүнхийг үүрч аваад гүйдэг тухай ярьж байна. Их хотын оршин суугчдын амьдрал хэзээ болтол ийм байх вэ.

Тус дүүргийн хороодод байдал адил, улмаар дүүрэг бүрт ижил гэдэг нь Баянголын VIII хорооны ажилтны өгсөн хариултаас харагдсан юм. Тэрбээр бараг л “Юуг нь гайхаад байгаа юм бэ” гэсэн маягтай ярьсныг яана. “Засвар, үйлчилгээнд зориулсан санхүүжилт хүлээж авсан даруйгаас ажлаа эхэлсэн. Нийслэлд олон дүүрэг, хороо байдаг. Ээлж дараагаар мөнгө авдаг. “Дээрээс” санхүүжилтийг нэг мөр өгнө гэж байхгүй шүү дээ. Нийслэлийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан гэх зэрэг эх үүсвэрээс олгодог юм. Хороод ээлжээ хүлээж байгаад авах нь зөв. Хаана ямар ажил байгааг бол бид тодорхойлоод, хүсэлт гаргадаг юм” гэлээ. Хотын дүүрэг, хороо болгоны замыг зэрэг засуулж, хөдөлгөөнийг бүрмөсөн хааж байснаас ээлжлэх нь мэдээж зөв. Гэхдээ хавар, зуны улирлын өдөр, хоногуудыг тооцоолоод, дөрөвдүгээр сараас буюу газар гэсэх үеэс газар шорооны ажлыг дээр дурдсан ажилтны хэлснээр ээлж дараатай хийлгэвэл наадмын дараахан, наймдугаар сарын эхэн хүртэлх хугацаанд дуусгаж болмоор.

Есдүгээр сар шувтрах гэж байхад хороо хэмээх засаг захиргааны нэгжид алба хашдаг төрийн ажилтан хээв нэг ингэж ярих нь хэзээнээс нааш тогтсон жишиг, хэв шинж юм бол. Төрийн ажил хийж, гүйцэтгэхэд “дээрээс”, “цаанаас” ирэх шийдвэр хүлээх гэдэг амин чухал хэрэгцээ байх болжээ. Болохгүй, бүтэхгүй, аливаа ажил урагш ахихгүй гацдагийн гол учир, зангилаа энд байдаг ажгуу. Нийслэл дэх ундуй сундуй байдал зөвхөн нүдэнд ил харагдаж байдаг уу гэвэл үгүй. Ажил, үйлчилгээнд ч байна. Нийтийн унаа, бие засах газар, ногоон байгууламж, хороолол дундах болон байрнуудын хоорондох мод, зүлэг, хашаа, хайс гээд засаж янзалмаар юм бишгүй. Нийслэлийн холбогдох байгууллагууд дахь эдгээр ажлыг хариуцсан дарга, ажилтнууд зурагтаар бүх юм болж бүтэж байгаа, хот цэцэглэн хөгжиж буй мэтээр ярих. Өнгө засаж, гэгээ татуулах нь бий ч ундуй сундуй нь илүү жин дарсаар, жил ирэх тусам ужгирсаар.

Олон нийт сошиал ертөнцөд амьдрах шахдаг болсон өнөө үед хүмүүсийн бие биедээ сонирхуулдаг гэрэл зургуудын дунд 1980-аад оны Улаанбаатарынх элбэг байдаг. Хотын төв, “Сансар”, III, IV, I хороолол гээд нэрлэж болно. Ямар ч зургаас дутуу орхисон барилга, энд тэнд асгасан хог, сарайж, сэрийсэн төмөр, мод, засах гэж оромдож байгаад мартчихсан зам, талбай, ашиглахгүй хэрнээ дэмий ухсан шуудуу олж харахгүй. Тухайн үед бүхнийг төлөвлөдөг, хугацаа заадаг, хариуцах эзэн нь тодорхой байдаг байлаа. Зам, талбай, ер юу ч байсан засах бол хөрөнгийг цаг тухайд нь шийдэж өгдөг, ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хийж буй, эсэхийг шалгадаг, зөрчилтэй бол арилгуулдаг, болохгүй нэгийг нь, эсвэл баг, хамт олныг хурлаар авч хэлэлцдэг, үүрэг, даалгавар өгдөг байв. Тэгээд барахгүй бол “Матар” самбарт зурагтай нь хадан, донгодож шийтгэдэг байлаа. Энэ нь зөрчил гаргагсдад ямар ч мөнгөн торгууль, ял шийтгэлээс дутахгүй хүнд тусдаг. Үнэн хэрэгтээ ёс суртахууны хариуцлага хүлээлгэдэг байв.

Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрөв. Нийгмийн шилжилт гэж бужигнасан. Иргэд учраа олохын хэрээр амьдралаа төвшитгөсөөр. Гэтэл төрд, нийслэлд өндөр алба хашигсад буюу улстөрчид учраа олохын хэрээр улсаа, хотоо ундуй сундуй болгосоор. Улстөрд захирагдан, ухамсар, ёс суртахуунаа уландаа гишгэж ажилладаг дарга нарын, их хотын иргэдийн тав тухтай амьдралын төлөө өчүүхэн ч санаа тавьдаггүйн нэгэн илрэл нь нийслэл дэх ундуй сундуй байдал.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)