Ундны усны шинэ эх үүсвэртэй болохын тулд хүн бүр үүрэг хүлээх ёстой

Ус бол амь, амьдралыг тэтгэгч билээ. Хүн төрөлхтөн усгүйгээр удаан амьдарч чадахгүй. Тиймдээ ч Африкийн орнуудад усны төлөө зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарч байна. Цэнхэр гаргийн минь дийлэнх хувийг ус эзэлдэг хэдий ч ундны цэвэр усны хомсдол өнөөдөр улс орнуудын онцгойлон анхаардаг сэдэв болсон. Өөрөөр хэлбэл, цэвэр усны нөөц дэлхийд маш бага байдгаас ийнхүү анхаарч байгаа юм.

Цэвэр усны нөөц жил бүр багасаж буй нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарлаас шалтгаалж байгааг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн. Манай улсын хувьд ч ялгаагүй цэвэр усны хомсдолд ороход ойрхон байгаа. Төв Азийн өндөрлөг хэсэгт орших эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд ус чандмань эрдэнэ.

Дөрвөн уулын дунд хатан Туулын хөвөөнд оршин суудаг Улаанбаатар хотынхны нүдэн дээр нийслэлчүүдийг ундаалдаг дээрхээс гадна Сэлбэ, Улиастай гээд гол, булаг, рашаанууд ширгэн, урсгал нь багасаж, хуурай сайр болж буй билээ. Олон мянган жилийн өмнөөс л Алтан тэвшийн хонхорт амьдардаг иргэдийг ундаалж ирсэн эдгээр гол, горхи, рашаан уснуудын ундарга тасарч байгаа нь Монгол Улсын нийслэлийн иргэдийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Гол дагуух газар хог новшоор дүүрч, орон гэргүйчүүд оромж, жодгороо босгож, эргэн тойрноо бохирдуулахаас гадна, хөрөнгө мөнгөтэй нэг хэсэг нь бургас, улиасыг үндсээр нь устгаж, хаус, байшингаа сүндэрлүүлсэн нь голын ус татрах нэг шалтгаан болсон юм. Бас нийслэлчүүд бидний өтгөн, шингэнийг Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжид хагас дутуу цэвэрлэсэн болоод Туул голд нийлүүлдэг. Энэ нь уг голыг бохирдуулж, хүн, мал ундаалахын аргагүй болгоод буй билээ.

АГААРЫН ТЕМПЕРАТУР ТАВАН ГРАДУСААР ДУЛААРВАЛ ТУУЛЫН УСНЫ 61 ХУВЬ НЬ ТАТАРНА

Монгол Улс усны нөөц хомс, эрс тэс уур амьсгалтай талаар дээр өгүүлсэн. Дээр нь хүн ам хурдтай өсөж байгаа учраас уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн мэдрэг улс, орны VIII байрт бичигджээ. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн 2014 онд хийсэн Уур амьсгалын эрсдэлийн танилцуулгад ийнхүү онцолсон бол, түүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2018 онд хийсэн Уур амьсгалын өөрчлөлтийн мэдрэг байдлын шинжилгээнд “Хэрэв дэлхийн цаг агаар таван градусаар дулаарч, хур тунадас 20 хувиар багасвал Туул голын урсац ойролцоогоор 61 хувиар татарна” гэжээ. Тэгэхээр нийслэлчүүд бид яалт ч үгүй цэвэр усны хомсдолд ороход ойрхон байна гэсэн үг.

Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд дэлхийн цаг агаар дунджаар 0.6 градусаар дулаарсан. Харин Монголд сүүлийн 75 жилийн хугацаанд цаг агаар дунджаар хоёр градусаар дулаарсан байх юм. 2017 оны байдлаар 376 нуур, цөөрөм ширгэсэн гэсэн судалгааг БОАЖЯ 2016 оны тайландаа дурдсан нь усны хомсдол нүүрлэх аюул ойрхон буйг сануулсан гэлтэй. Тиймээс бид усаа гамнах, дахин ашиглах чиглэлээр үр дүнтэй арга, технологи нэвтрүүлэх шаардлагатай болжээ. Манай Засгийн газраас ч газрын доорх усаа хэмнэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг бууруулахын

тулд гадаргын усыг илүүтэй ашиглах, дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлэх талаар бодлого баримталж буй. Судалгаагаар Монгол орны жилийн усны нөөц нь 608 шоо км бөгөөд газрын доорх усны 80, гадаргын усны ердөө 20 хувийг л ашиглаж байгаа гэнэ. Дийлэнхийг нь буюу 22 болон 25 хувийг нь уул уурхай, эрчим хүчний салбарт ашигладаг юм байна. Хүн амын унд, ахуйд 16 хувийг нь зарцуулж буй аж. Харин гэр хорооллын иргэд болон орон сууцныхны хоногт ашигладаг усны хэрэгцээ тэнгэр, газар шиг ялгаатай. Тодруулбал, Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг хэрэглэгч хоногт 7.8 л усаар хоол ундаа залгуулж, ариун цэврээ сахиж, хувцсаа угааж цэвэрлэдэг гэсэн тооцоо бий. Харин орон сууцынхан хоногт 135 литрийг зарцуулдаг гэнэ.

МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР УЛААНБААТАРТ УСНЫ ШИНЭ ҮҮСВЭР БАЙГУУЛНА

Улаанбаатарын утаа, хөрсний бохирдлыг бууруулах гол арга бол орон сууцжуулах гэж үздэг. Тиймээс ч иргэдээ түрээсээр ч болтугай орон сууцад оруулах бодлого төр, засгаас барьж буй. Тэгэхээр цаашид нийслэлийн хүн амын цэвэр усны хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэнэ. Цэвэр усны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хаягдал бохир ус ч дагаад өсөх нь дамжиггүй. Энэ үед Улаанбаатарын цэвэр усны нөөц багасах нь мэдээж. Үүнээс сэргийлэх арга нь хаягдал усаа цэвэршүүлж дахин ашиглах. Өөрөөр хэлбэл, унд, ахуйн хэрэглээнээс бусад хэрэгцээнд цэвэршүүлсэн ус ашиглаж, цэвэр усны эрэлтийг бууруулах арга хэрэглэх нь үр дүнтэйг дэлхийн улсууд хүлээн зөвшөөрөөд байна. Олон оронд дахин боловсруулсан буюу цэвэршүүлсэн усны хэрэглээ хоногт 21 сая шоо метрт хүрээд байгаа аж. Тэгэхээр бид дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техник, технологийг хэрэглэх нь үр дүнтэй.

Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд 2018 оны долдугаар сарын 27-нд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн Компакт гэрээ байгуулж, үүний хүрээнд “Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг газрын доорх баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр болоод буй. Хоног хоногоор нэмэгдэж байгаа нийслэлийн усны эрэлт, хэрэгцээг тогтвортой хангах, байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр усны хэрэглээг нэмэхэд энэ төслийн зорилго оршиж байгаа юм билээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын газрын доорх усны баруун орд буюу доод эх үүсвэрүүдийг түшиглэн Биокомбинат орчимд 25 сая шоо метрийн хүчин чадалтай гүний 16 худгийн байгууламж барих аж. 

Ингэснээр унд, ахуйн зорилгоор ашиглах боломжтой усны төвлөрсөн эх үүсвэр бий болгох гэнэ. Баруун эх үүсвэр орчмын өнөөгийн нөхцөл байдал, усны чанар зэргээс шалтгаалан усыг унд, ахуйн зорилгоор ашиглахын тулд олон шатлалт, дэвшилт технологитой цэвэршүүлэх үйлдвэр ч барих юм билээ. Ийнхүү шинээр байгуулсан эх үүсвэрүүдээ Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээнд ч холбоно гэсэн. Ингэхийн тулд ус дамжуулах хоолой, өргөх станц, усан сан зэрэг шаардлагатай дэд бүтэц бий болгох аж. Энэ байгууламжийг цогцлоосноор нийслэлийн шинэ суурьшлын бүс, баруун хэсгийн болон дагуул хотуудын хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах таатай нөхцөл бий болгоно гэж Монголын Мянганы сорилтын сангийнхан үзэж буй юм.

ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН АШИГЛАДАГ ЦЭВЭР УСНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРАХ НЬ

Манай Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Компакт гэрээний хүрээнд Төв цэвэрлэх байгууламжид цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, гүн цэвэрлэн дулааны цахилгаан станцуудад техникийн зориулалтаар ашиглах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдөр манайд ашиглаж буй цахилгаан станцууд усыг хөргөлтийн зориулалтаар ашигладаг. Ингэхдээ унд, ахуйн зориулалттай, цэвэр ус ховх сорж байгаа юм. Тоо, баримтаас эш татвал, Улаанбаатар хотын нийт усны хэрэглээний 23.8 хувь буюу хоногт дунджаар 57 000, жилд 21 сая шоо метр усыг газрын доорх эх үүсвэрээс татан цахилгаан станцууд ашигладаг гэнэ. Үүнээс 15 сая шоо метрийг нь хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад хэрэглэж байгаа нь цэвэр усыг хайр гамгүй үрж буйн тод жишээ. Гэхдээ манайд үүнээс өөр арга, сонголт байхгүй. Яагаад гэвэл саарал ус боловсруулах технологи манайд алга байлаа.

Харин дээрх төсөл хэрэгжсэнээр газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах явдал буурч, цэвэрлэсэн усаар орлуулах боломж бүрдэх юм байна. Тэгэхээр цахилгаан станцад ховх соруулж байсан гүний усыг Улаанбаатар хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бий болох нь. Ингэснээр эхний ээлжид хоногт 50 000, жилд 18 сая, өргөтгөл хийснээр хоногт 100 000, жилд 36 сая шоо метр ус дахин боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах гэнэ.

Харин манай улс энэ буцалтгүй тусламжийг хүртэхийн тулд бас тодорхой үүрэг хүлээж буй юм билээ. Тухайлбал, УСУГ-ын цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах үйл ажиллагааны зардлыг нөхөхөд чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх, гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх, төвлөрсөн сүлжээнд нийлүүлж буй хаягдал усны бохирыг хянах, олон нийтийн усны талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах ёстой аж.

Одоогоор уг төслүүдийг хэрэгжүүлэх таван жилийн тооцоолуур гүйж эхлээгүй байгаа ч Монголын тал гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг бүрэн хангах шаардлагатай юм байна. Жишээ нь, УСУГ-ыг урт хугацааны өр төлбөрөөс чөлөөлөх, Улаанбаатарын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээний зардал, усны үнэ тарифыг суурь хураамжийн орлогоос бүрэн нөхөх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, Засгийн газраар батлуулсан байх зэрэг хэд хэдэн чухал ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой юм билээ. Энэ бүхнийг бүрэн хангасны дараа Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, барилгын ажил гүйцэтгэх таван жилийн тооцоолуур гүйж эхлэх нь. Тэгэхээр бид 2050 он гэхэд ундны усны гачаалд орохгүйн тулд Засгийн газраасаа эхлээд, Улаанбаатар хотын, Монгол Улсын иргэн бүр үүрэг, хариуцлага хүлээх ёстой болж байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)