Унасан хус түүсэн ч шийтгүүлнэ

Ойгоос мод бэлтгэхдээ зохих журмын дагуу зөвшөөрлийн болон бусад бичиг баримтыг нь аваагүй бол хуульд заасан хариуцлага хүлээх аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургадугаар сард гоожин буюу мод бэлтгэх зөвшөөрлийн бичиггүйгээр хус мод түүж бэлтгэсэн иргэн Э-д холбогдох хэргийг хэлэлцжээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажилтан, 54 настай Э энэ оны гуравдугаар сарын 3-нд Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг, Хандгайтын зуслан орчмын, нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газраас унасан хус модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, автомашинаар тээвэрлэсэн хэрэгт холбогдсон аж. Нийслэлийн ногоон бүсийн байгаль хамгаалагч нар “Иргэн Э мод тайраагүй ч гэсэн зохих зөвшөөрөлгүйгээр ойн сан бүхий газраас мөчир, гишүү үлдэгдэл цуглуулж, ялган тээвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Тэрбээр нутаг дэвсгэр хариуцсан байгаль хамгаалагчаас зөвшөөрөл буюу гоожин авсан бол ямар ч асуудалгүй байсан” хэмээн шүүхэд тайлбар өгсөн байна. Хэрэгт холбогдсон иргэн ч “Ойн сан бүхий газраас унасан мод зохих зөвшөөрөлгүй түүж авсан гэм буруугаа ойлгож, байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулсан” хэмээн мэдүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Э-д Эрүүгийн хуулийн 24.6-1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэм буруутайд тооцож, 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Мөн зөвшөөрөлгүй бэлтгэсэн 29 ширхэг, 69 720 төгрөгийн үнэлгээтэй хус модыг улсын орлогод хураахаар шийдвэрлэсэн байна. Гэвч иргэн Э нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Бэлтгэсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)