Унаач хүүхэд ухаан ороогүй байна

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жи­лийн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 13 настай Л.Баасандорж хүү мориноос унаж хүнд бэртсэн тохиолдол өнгөрсөн баа­сан гаригт гарсан. Хүүгийн тархины суурь яс гэмтсэн тул орон нутагт эмчлэх боломжгүйд хүрч, дараагийн шатны эмнэлэгт яаралтай хандах шаардлага тулгарчээ. Гэсэн ч шороон замаар тээвэрлэвэл тархинд нь цус харваж, амь нас нь эрсдэх аюултай байжээ. Тиймээс Түдэвтэй сумын ЗДТГ-аас Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хандаж, нарийн мэргэжлийн эмч нар болон нисдэг тэрэг цаг алдалгүй явуулж, хүүгийн амийг аврахыг хүссэн албан бичиг илгээгээд байсан юм.

Уг мэдээлэл тэр даруй олон нийтийн сүлжээгээр тархсан. Мэдээллийн дагуу Д.Тамир, Л.Батсайхан гэх залуус Л.Баасан­дорж хүүд нэн даруй туслах санаачилга гаргаж, “Blue sky aviation” компанид ханд­жээ. Улмаар тус компанийнхан онгоцоороо хүүг өнгөрсөн бямба гаригийн орой хотод авчирсан байна. Л.Баасандорж хүү өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн аав М.Лхагвасүрэнтэй өчигдөр орой холбогдоход “Хүүгийн маань тархи хүнд гэмтсэн. Эрчимт эмчилгээ хийлгэж байна. Хотод ирэнгүүтээ мэс засал хийлгэсэн, одоохондоо ухаан ороогүй. Эмчилгээгээ цаг алдалгүй эхлүүсэн болохоор аминд нь аюулгүй, хурдан эдгэнэ гэж найдаж байгаа. Тусалж дэмжсэн Д.Тамир, Л.Батсайхан нар, “Blue sky aviation” компанийнханд маш их талархаж байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)