“Умард Солонгосын Иванка”

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн сарын 11-нээс хойш олны өмнө гараагүйн улмаас түүнийг амралтын газарт сувилуулж байгаа, эсвэл өвдсөн, бүр таалал төгссөн гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд гарсан. Ийм цуу яриа газар авсан үед эмэгтэй дүү нь түүний халааг авах магадлалтай хүний хувиар олны анхаарлыг татав. Тиймээс Ким Ё Жөний тухай сонирхолтой баримтуудаас сонирхуулъя.

Ким Ё Жон хэдэн настай нь ахынх нь адил тодорхойгүй. АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр тэрбээр Пёньянд 1989 оны есдүгээр сарын 26-нд, Өмнөд Солонгосын Тагнуулын албанаас уламжилснаар 1987 онд мэндэлжээ.

Ким Жөн Ир, түүний гэргий, япон гаралтай, балетчин агсан Ко Ён Хи нарын бага охин. Хайртай охиноо Ким Жөн Ир “гүнж” хэмээн өхөөрдөж, мундаг албан тушаалтан болно хэмээн зөгнөдөг байжээ. Миний бага охин нь улс төр сонирхдог бөгөөд Умард Солонгосын Засгийн газарт ажиллахыг хүсдэг хэмээн Ким Жөн Ир 2002 онд ярьж байсан гэнэ.

1996-2000 онд Ким Ё Жөн ах Ким Жөн Уны хамт Швейцарын дунд сургуульд сурч, балетын дугуйланд явдаг байжээ. Ах, дүү хоёр бие хамгаалагчдын ажиглалт доор хувийн байшинд амьдардаг байв. “Тэд байнга цуг явдаг, ирээдүйд хэн болохоо мэддэг учраас өөртөө итгэлтэй байдаг” хэмээн Өмнөд Солонгосын судлаач Юншик Бон хэлжээ. Хожим нь Ким Ё Жөн эх орондоо очоод, эхлээд Цэргийн, дараа нь Ким Ир Сений их сургуульд мэдээллийн технологи судалсан байна.

Пёньянд буцаж очсоноос нь хойш Ким Ё Жөн бараг 10 жил олны өмнө гараагүй. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн таамагласнаар энэ бүх хугацаанд авга эгч, Ким Жөн Ирийн туслах байсан Ким Гён Хи үеэл охин дүүгээ Ким Жөн Уных шиг үүрэг гүйцэтгэхэд бэлтгэж байжээ. Энэ хоёр эмэгтэйг ах, дүү нарт нь туслуулахын тулд албан тушаал ахиулсан гэж Тагнуулын төв газрын шинжээч асан Юнг Пак үзэж байна. Ким Ё Жөн 2011 онд аавыг нь оршуулж, ах нь удирдагч болсноос хойш олны өмнө гарах болжээ.

Өмнөд Солонгост 2018 оны хоёрдугаар сарын 9-нд болсон өвлийн олимпын нээлтийн ёслолд Ким Ё Жөн оролцсон. Энэ нь БНАСАУ-ын эрх баригчдын гэр бүлийн гишүүн Солонгосын дайнаас хойш БНСУ-д айлчилсан анхны тохиолдол болов. Ким Ё Жөн Сөүлд очоод Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ямар их татсаныг ВВС дурсангаа түүнийг Умард Солонгосын нууц зэвсэг, Пёньяны пиар хатан хаан хэмээн нэрлэжээ. Түүний үс, сэвхний талаар ч сэтгүүлчид бичиж байв. Гэхдээ тэдний олонх нь АНУ-ын Сангийн яам түүнийг БНАСАУ-д хүний эрх зөрчсөний төлөө хар жагсаалтад оруулсныг дурсахаа мартсан байв. Ким Ё Жөнийг хар дансанд бүртгэсэн 2017 онд тус яамны Гадаадын хөрөнгөд хяналт тавих газрын захирал Жон Смит “Умард Солонгосын эрх баригчид зөвхөн хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй төдийгүй хяналтын хатуу бодлого хэрэгжүүлж, хүнлэг бус бөгөөд дарангуйлдаг байдлаа нуусан” хэмээн мэдэгджээ. Уг жагсаалтад орсон түшмэд хариуцлага хүлээнэ гэж тэрбээр хэлсэн байна.

Ким Ё Жөн 2015 оноос БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн захирлын нэгдүгээр орлогчийн албан тушаал хашиж буй. Түүнийг Ким Жөн Уны хамгийн ойрын хамтран зүтгэгч, улс төрийн имиж дээр нь ажилладаг хүн гэдэг. Тэрбээр дипломат айлчлалуудад ахыгаа байнга дагалдан явдаг. Вьетнамын нийслэл Ханойд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Ён Жөн ширээн дээр байсан үзэгний оронд өөрийнхийг ахдаа өгч, баримт бичигт гарын үсэг зуруулсан бол Хятадад БНАСАУ-ын удирдагчийн хуягласан галт тэрэг зогсох үед Ким Жөн Уны тамхилахад үнсний савыг нь барьж өгчээ. Гэхдээ Ким Ё Жөн илүү хариуцлагатай үүрэг гүйцэтгэж, жишээ нь, ахыгаа өвчтэй байх хугацаанд улс орноо удирдсан гэж Өмнөд Солонгосын дүн шинжилгээний төвөөс мэдээлсэн байна.

Эрх баригчдын дунд чухал үүрэг гүйцэтгэдгээ онцлон тэмдэглэсэн, улс төрийн мэдэгдлийг Ким Ё Жөн хоёр ч удаа хийжээ. Пёньяны цэргийн сургуулилалтыг Сөүл эсэргүүцсэний дараа тэрбээр өнгөрсөн сард Өмнөд Солонгосын шүүмжилсэн. БНСУ “айсан нохой шиг гасалж байна” хэмээн Ким Ё Жөн мэдэгдсэн аж. Мөн хоёр талын сайн харилцаагаа хэвээр хадгална хэмээн найдаж буйгаа илэрхийлээд, БНАСАУ-д коронавирустэй тэмцэхэд туслах санал тавьсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр сайшаажээ. Цөмийн зэвсгийн улмаас сөргөлдсөөр буй хэдий ч Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний ах хоорондоо хувийн, бат бөх харилцаатай байсныг Ким Ё Жөн тэмдэглэсэн байна. Үүний дараа сэтгүүлчид түүнийг “Умард Солонгосын Иванка” буюу АНУ-ын Ерөнхийлөгчид нөлөөлдөг охинтой нь адилтгажээ.

Умард Солонгосын төрийн бусад зүтгэлтний адил Ким Ё Жөний хувийн амьдралын талаар мэдээлэл тун бага. Өмнөд Солонгос болон Японы зарим хэвлэлд бичсэнээс үзвэл тэрбээр өндөр албан тушаалтантай гэрлэсэн. Ким Жөн Уны эмэгтэй дүү хуримын бөгж зүүдгийг л одоогоор тодорхой хэлэх боломжтой байна.

Ах нь таалал төгссөн тухай цуу яриа гарсан үед Ким Жөн Уны эмэгтэй дүү хэвлэл мэдээллийн болон хүүхэлдэйн баатар болжээ. Нийгмийн сүлжээний хэрэглэгчид түүнийг “анхны эмэгтэй дарангуйлагч”, “дарангуйлагч тян”(эелдэг залуу эмэгтэйн тухай хүүхэлдэйн кинонд дурлагчдын ашигладаг япон хэлний угтвар) гэдэг. Мэдээллийн олонход Ким Ё Жөн ахаасаа улс орныхоо удирдлагыг гартаа авах, эсвэл ахыгаа таалал төгссөний дараа төрийн эрхийг атгах болсондоо баяртай буйгаар дүрслэгджээ. Твиттер хэрэглэгчид түүнтэй адил хүүхэлдэйн баатар олсон нь “Аварта:Аангийн тухай домог”-ийн баатар, ахаасаа хаан ширээ булаахыг оролддог, эсрэг талын гол дүр Азула аж.

Ахад нь үнэхээр ямар нэг зүйл тохиолдсон бол Ким Ё Жөн ахынхаа байр суурийг эзэлж чадах, эсэх талаар шинжээчид маргасаар байна. Нэг талаар, түүнийг нэр дэвшигчээр сонгох нь тодорхой. Ким Жөн Ун хүүхэдтэй ч, тэд нь улс орон удирдахад балчирдана. Харин түүний ах Ким Жөн Чоль улс төр сонирхдоггүй, гитар тоглох дуртай. “Умард Солонгос дэлхийн хамгийн үндсэрхэг үзэлтэй нийгмийн нэг ч Хөдөлмөрийн намын харьяалал нь хүйсийг орлоно” гэж Өмнөд Солонгосын дипломатч Чон Юнгву үзэж байна. Нөгөө талаар, БНАСАУ-ыг хэзээд эрэгтэй хүн удирддаг. Ким Ё Жөн үүнийг өөрчилнө гэдэгт шинжээчид эргэлзэж буй. “Тэрбээр эмэгтэй хүн учраас удирдагч байх боломжгүй” гэдэгтэй Сөүл дэх Солонгосын их сургуулийн профессор, Кимийн гэр бүлийг судалдаг Лим Чеон итгэлтэй байна.

Бэлтгэсэн: З.Ариун


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)