Улс төрийн зодооны ялагч: АЛТНЫ ЛОББИ

2014 оны 1-р сард бүртгэгдсэн долларын ханш 1710 төгрөг байв. Гэтэл өнөөдөр 2645 төгрөгт хүрч. УИХ 2014 оны эхээр хуралдахдаа Валютын ханшийг ТОГТВОРЖУУЛАХ, Валютын нөөцийг БҮРДҮҮЛЭХЭД чухал нөлөө үзүүлэхүйц төсөл хэмээн үзэж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Оруулахдаа өмнө нь үйлчилж байсан ашигт малтмалын нөөц ашигласны 5 хувийн төлбөрийг хоёр дахин багасгаж 2.5 болгосон (2006-2011 онд 68% байв).

. Түүнээс хойш 4 жил өнгөрөхөд Засгийн газрын зүтгүүлж, УИХ-ын баталсан хуулийн уг өөрчлөлт үндсэн зорилгоо биелүүлсэн үү, биелүүлэхэд алхам ойртов уу?

Долларын ханш 832 төгрөгөөр өсчихөөд байхад биелүүлсэн гэж хэлэх эдийн засагч лав гарахгүй биз. Харин биелүүлсэн гэж зүтгэх улстөрч гарч ирэх л байх. Түүний хэлэх үг нь алт тушаалтын хэмжээ байх нь дамжиггүй. Алтнаас авах татварыг 2.5 хувь болгосноор шар металлыг улсад тушаах хэмжээ нэмэгдсэн нь үнэн. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний 15 жилийн дүнгээр алт тушаалтын оргил үзүүлэлт 2005 онд тохиосон нь жилийн 15.23 тонн юм.

Тэгвэл алтны татвар 2011 онд  5%, 2014 онд 2.5 болж буурсны үрээр дээрх амжилт давтагдсанаар барахгүй, бүр ахиулсан. 2016 оны статистикаас харахад Монголбанкинд түшаах алтны хэмжээ 18.3 тонн хүртлээ өсчээ. Сайхан өсөлт, сайхан амжилт. Гэтэл магтаал дуулсны дараачаас эхлэн энэ тоо НЭГ БАЙРАНДАА ГАЦЧИХЛАА. Өнөөх үсрэнгүй үзүүлэлт сарниж эхэлжээ. Жишээ нь, Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ 2017 оны эхний 11 сард 18.9 тонн байсан бол энэ үзүүлэлт 2018 оны мөн үед тэр хэвээрээ л байна. Үүнийг зарим нөхөд “Нийлүүлэлтийн тогтворжилт нь сайны шинж” энээ тэрээ гэх байх. Гэхдээ байзаарай!

-Чухам тогтворжуулах гэж алтны татварыг 2.5% болгон шалд нь буулгасан хэрэг үү? 

-Тэгээд үйлчлэл нь саарч, нийлүүлэлтийг тогтоочихоод байгаа татварын хувь хэмжээг цааш үргэлжлүүлэх нь зөв үү, Монгол улсад ашигтай юм уу? 

-Дээрх 18 тонн алтыг зөвхөн аж ахуйн нэгжүүд тушаагаад байгаа гэж үү? 

-Ер нь тэгээд 2.5% хувь тань зөв үү?

Энэ бүх асуултад тайлбар хэлэгч та ЦЭЭЛ ХООЛОЙГООР тов тодорхой хариулт өгөх хэрэгтэй болж байна. Энэ бүгдийг тэнгэрт тухлаастай дарга нартаа, газарт амьдраастай иргэддээ ойлгуулж байж цаашаа явах хэрэгтэй л дээ.

Ядаж л, 18 тонны хэдийг нь хувь хүн тушааж байгааг нарийн тайлагнаж, үүнийг цаашид яаж шийдэх хэрэгтэйгээ хэлэлцүүлэх ёстой. Улсад орох ёстой аж ахуйн нэгжийн 25%-ийн татвар улсын төсөвт сох дутсаар байна шүү. Үүнээс улбаалан, тавигдах асуултууд дахин босч ирнэ.

-2016 оны дүнгээр алт тушаагчдын 61%-ийг хувь иргэн эзэлсэн бол энэ тоо 2018 онд 70%-д хүрлээ. Энэ юу вэ?!

-Иргэд шууд Монголбанканд бус Найман шарга мэтийн хар захаар дамжуулан тушаах үзэгдэл гаарч, ломбардад хандах хүртлээ дордож. Энэ мөн юу вэ?!

-68%-ийн татварыг цөм доошлуулж 5%, дахин бууруулж 2.5% болгуулсан атлаа алтны компаниуд иргэний хувиар тушааж байна. Энэ бас юу вэ?!

Тиймээс улсын эдийн засаг, валютын нөөц энэ тэр гэж эгэл иргэний толгойд багтахгүй өргөн дэлгэр онолоор сүрдүүлэн Ашигт малтмалын тухай хуулийг тодорхой өөрчлөлтгүйгээр сунгах бус харин туулж ирсэн туршлага, тулгарч байгаа асуудлуудаа НЭГ МӨР ЦЭГЦЛЭЖ АВААД урагшлах л хэрэгтэй. Хууль санаачлагчид “Дагавар хууль энэ тэрэндээ тусгана” хэмээн тайлбарлаж л байна. Гэхдээ бодлого тодорхойлох хуулиндаа тусгаж баймааж үүссэн асуудалд гэрэл нэвтрэх бөлгөө. Д.Тэрбишдагва тэргүүтэй хашир гишүүд үүнийг онцолж л байна лээ. 

Гэсэн атал одоо хэрэгжиж буй хуулийн үйлчлэлийн хугацааг сунгая гэдэг саналыг Засгийн газар УИХ-д тавилаа, бүр 2024 он хүртэл гэнэ. Санал болгосон цөөн хэдэн өөрчлөлт дотор нь дээр өгүүлсэн сэдвүүдийн талаар НЭГ Ч ТУСГАЛ АЛГА. Тэгэхээр 2011 оноос 2018 онд туулж ирсэн алт тойрсон маапаан дундаа монголчууд бид дахин таван жил амьдрах нь дээ.

Ядаж байхад, хуулийн төсөл хэлэлцэгдэх тов нь улс төрийн үймээн самуун, нийгмийн уур амьсгалын савалгаа давхацсан өдрүүдэд таардаг нь ч юув дээ. Эсвэл улс төр дэх өөрийн байр байдлаа бодолцон УИХ-ын дарга нь зориуд энэ долоо хоногт хэлэлцүүлсэн хэрэг үү.

Юутай ч улс орон, хот аймаг, бизнес аж ахуй, өрх иргэний амьдрал ахуйд шууд болоод шууд бусаар нөлөөлөх чухал хуулийг буруу цаг үедээ л хэлэлцэж байна. Гэтэл уг хуулийн үйлчлэлийн хугацаа нь 2019 оны 01 сарын 01-нд дуусах гээд байдаг. Яамаар ч юм дээ.

Нөгөө цаг хугацааны ХАЙЧИНД ОРУУЛНА гэдэг нь энэ үү?! Улс орон, иргэд олныхоо эрх ашгийг хайч майчиндаа хавчуулаад, хэцүү ч юмаа даа дарга нар.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)