Улс төрд цус ойртох вий

Энэ удаагийн сонгууль сонин хачин ихтэй болох нь. Анх удаа хамгийн олон буюу 69 бие даагч өрсөлдөж байгаа, ижил нэртнүүд нэг тойрогт санаатай, санамсаргүй давхацсан, хамаатан садан, ах дүү, эхнэр, нөхрүүд нэр дэвшиж байна, дуучид, бөхчүүд, лам нар түрүү түрүүчийн сонгуулиас олон өрсөлдөнө гээд сонирхох юм элбэг аж. Нэг талдаа бол сонирхол татах мэдээлэл. Гэвч нөгөө талдаа эмгэнэл болж харагдаж буй юм.

ЭХНЭРҮҮДИЙН “ЭРИН ҮЕ”

МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байдлын хугацаа дуусах болоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж чадсангүй. Нэр дэвшинэ хэмээн зүтгэж, өлсгөлөн зарлаад ч тэр тусыг эс олов. 2012 онд энэ эрхэм хүү Батшугарынхаа хамт жагсаалтаар нэр дэвшсэн юм. Гэвч өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн, хүү нь цэргийн алба хаагаагүй байсан учраас хасагдсан. Тиймээс энэ удаа ямар нэг ялгүй, цэргийн алба хаах шаардлагагүйгээр нь эхнэр О.Цолмонгоо өөрийнхөө оронд илгээж байна. Энэ бүсгүйг Н.Энхбаярын “залуурдагч” хэмээн ярьдаг. Өөрөөр хэлбэл, нөхөр нь эхнэрийнхээ үгээр ажилладаг гэж улс төрийн хүрээнд ярьдаг байсан. Энэ үнэн бол хөшигний арын эзэн ил гарах нь.

Тэрбээр ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч, философич мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Монгол төрийн байж болох бүх том албан тушаалыг хашчихаад одоо больчихмоор юм гэсэн шүүмжлэлийг Н.Энхбаяр байнга сонсдог байх. Энэ талаар О.Цолмон “Эд өөрсдөө зуултаа тавихгүй, улс төр рүү орохгүй байж болохгүй нөхцөл үүсгээд байна. Бүх албан тушаалд оччихсон учраас шунахгүй. Гэвч нийгэм, бүх зүйл илжирч буй үед энэ өндөр албыг хашиж явсан хүн зүгээр хараад сууж чадахгүй байна” хэмээн тайлбарласан байна лээ. Нөхөр нь чадаагүй учраас тэр оронд нь улс орноо “төвхнүүлэхээр” өрсөлдөж буй бололтой юм.

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй улстөрчийн бас нэг эхнэр бол Л.Аззаяа. “Гүндалайн ард эхнэр нь чиглүүлдэг” гэдэг яриа түүнийг УИХ-ын гишүүн байсан 12 жилд нэг ч гараагүй. Тэгэхээр Л.Аззаяа жирийн л нэг эзэгтэй. 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний “Шүр эрдэнэ” өргөмжлөл хүртэж байсан. Тэр хэзээ ч улс төртэй хутгалдаж байгаагүй. Сувилагч, олон улсын эдийн засагч мэргэжилтэй юм билээ. Эдүгээ “Чингис хаан трэвэл” компанийнхаа захирлын албыг хашдаг аж. Харин энэ удаа нөхөртөө дэм болохоор шийдсэн бололтой. Ингэхийн тулд овгоо Ламжав болгож, хадам ааваараа овоглосон нь анхаарал татаж буй юм. Уг нь түүнийг Б.Аззаяа гэдэг байсан ч нөхөртэйгөө нэг овогтой болсноор сонгогчдод арай илүү танигдана гэж тооцсон юм болов уу даа.

АХ ДҮҮС

Ах дүүс өөр өөр намаас нэр дэвшиж буй тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал, Завхан аймгийн 18 дугаар тойрогт “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслээс УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, МАН-аас түүний төрсөн дүү Ш.Батсамбуу нар “тулна”. Ховд аймагт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нар нэг тойрогт өрсөлдөхөөр болсон. Тэд бол баз хүргэн, эгч дүү хоёр бүсгүйг авч суусан гэсэн үг. Энэ тохиолдолд ах дүү нарын зөвхөн нэгд нь хүрд эргүүлэх боломж олдоно.

Тэгвэл ах дүү нар өөр тойрогт, өөр намаас нэр дэвшсэн тохиолдол бас бий. УИХ-ын гишүүн Б.Наранхүү АН-аас Дундговьд, түүний дүү Б.Саранчимэг МАН-аас Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт нэр дэвшихээр үнэмлээ авлаа. Мөн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү Хүдэр-Ян “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслээс Хэнтийд, охин Энхбайгаль АН-аас Төв аймагт нэр дэвшсэн. Хэрэв тэдэнд аз таарвал гэр бүлээрээ УИХ-ын танхимд сууж, хууль тогтоох нь. Ах нь УИХ-д, дүү нь хотын парламентад хүч үзэж буй хоёр ч жишээ байна. Нэг нь эрхэм гишүүн Г.Батхүү. Тэр энэ жил тойргоо сольж, нийслэлийн Хан-Уул дүүрэгт “нүүж ирсэн” бол дүү Г.Батчимэг нь НИТХ-д өрсөлдөж буй юм. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр АН-аас Увсад, дүү С.Амарсайхан нь МАН-аас НИТХ-д нэр дэвшиж байгаа.

ТӨРИЙГ “ЭЗЛЭХ” ХҮСЭЛ

Ах дүү, эхнэр нөхрүүд УИХ, НИТХ-д нэр дэвшиж буй жишээ л ийм. Харин үүнээс доогуурх албан тушаал руу нэг айлын хэчнээн хүүхэд өөр өөр намаас зүтгэж явааг бид мэдэхгүй. Нэг айлд хэчнээн ч намын гишүүн байж болдог цаг үе юм даа. Аав, ээж нь бодлогоор хүүхдүүдээ намуудад тарааж элсүүлдэг ч явдал бий. Цөөн тохиолдолд хүүхдүүд нь өөрсдийн итгэл үнэмшлээр сонголтоо хийсэн байх. Юутай ч аль ч нам ялсан тэр гэр бүлийн төлөөлөл ажилтай, эрх мэдэлтэй үлдэх л тэдэнд чухал байна. Ахынхаа оронд дүү нь, ээжийгээ залгамжилж хүү нь УИХ-ын гишүүн болсон түүх манайд бий. Харин одоо бүр ах дүү нар, эхнэр нөхрүүд УИХ-ын танхимд зэрэгцэн сууж, хувийн эрх ашиг, бизнесээ тэтгэсэн хууль баталдаг болохыг хүсчээ. Төрийг гэр бүлээрээ “эзлэх” нь. Сонгогдох эрхээ эдлэх нь тэдний эрх ч нэг гэр бүлээс хоёроос илүү хүн УИХ-ын гишүүн болно гэдэг манай төр яаж жижгэрэхийн тод жишээ.

Хамаатан садан биш ч эрх ашиг дээрээ нэгдээд хэдхэн хүн ямар хууль баталж, юуг ч завхруулж чадна. Ийм байхад нэг гэр бүлийн хоёр ороод ирвэл бүр л их “хор хутгах” боломж бүрдэх болов уу. “Оймсонд хавчуулагдсан”, чирэгдэж, түлхүүлж, эсвэл бүр хуулийн байгууллагатайгаа хамтраад луйвардаж байж орж ирсэн үнэ цэнэ, хүндлэл муутай түшээдтэй, уруудаж, наймаалцсан тогтолцоо бүхий төртэй бид амьдарч байгаа. Үүн дээр нэмээд ах дүү нар, амраг садангуудыг сонгочихвол төрд цус ойртоно. Энэ нөхцөлд бид зөв сонголт хийх учиртай. Туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сонгож байж л тэр тогтолцоог эрүүлжүүлж, төрийн нэр хүндийг өргөж чадна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)