Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдан, коронавирусийн шинэ халдвараас сэргийлэхийн тулд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлах шийдвэр гаргалаа. Уг өвчний халдварын эрсдэлийн үнэлгээг манай улс гурав дахь удаагаа хийхэд өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өчигдрийн байдлаар шинэ вирусийн сэжигтэй тохиолдол манайхтай хил залгаа БНХАУ-ын Манжуурт хоёр, Шилийн голд нэг, Эрээнд дөрөв бүртгэгдсэн байна. Мөн өчигдөр 12.00 цагийн байдлаар коронавируст халдвараар БНХАУ-д 1965 хүн өвчилсөн байсан бол цаг гаруйн дараа 2001 болж нэмэгджээ. Халдвар ийнхүү маш богино хугацаанд хүрээ тэлж буй учир манай улс нэн яаралтай арга хэмжээ авах болов. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд өнөөдрөөс улсын хэмжээний бүх шатны боловсролын байгууллага буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл зогсоолоо. Өмчийн хэлбэрийг үл харгалзан, төр, хувийн хэвшил гэлтгүй боловсролын бүх байгууллага, сургалтын төвүүд, олон улсын “Найрамдал” төв ч үүнд хамрагдана. Үүнээс гадна хилийн боомтуудаар орж, гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлав. Гэхдээ үүнд төмөр зам, агаарын тээврийн салбар хамаарахгүй. Мөн улс даяар олон нийтийг хамарсан урлаг, соёл, спортын тэмцээн, уралдаан, хурал, зөвлөгөөн зохион байгуулахгүй. Харин зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг одоохондоо зогсоогоогүй бөгөөд цаашид нөхцөл байдал хүндэрвэл Улсын онцгой комисс асуудлыг дахин хэлэлцэж, олон хүн үйлчлүүлдэг газруудыг хаах хүртэл арга хэмжээ авч болзошгүйг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Сургууль, цэцэрлэг амрах хугацаанд хүүхдүүдэд цахим, теле хичээл заах гэнэ.

Өвчний голомттой бүс БНХАУ-ын Ухань хотод өдгөө манай улсын 31 иргэн бий аж. Урд хөршийн холбогдох албаныхантай хэлэлцэн, Уханьд байгаа иргэдээ өнөөдрийн дотор эх оронд нь авчрах шийдвэрийг Засгийн газар гаргав.

Цаашид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Тухайлбал, халуун хэмжих тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, эмнэлгийн ажилтнуудын хамгаалалтын хувцас зэрэгт шаардагдах хөрөнгийг даруй шийдэж, сонгон шалгаруулалт зарлаж цаг алдалгүйгээр шууд худалдан авах болов. Япон Улсын эрдэмтэн, судлаачид анх удаа уг вирусийн оношлуурыг бүтээн, үйлдвэрлэж, өдгөө туршилтаар ашиглаж буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр манай улс Японоос туршилтын оношлуурууд авах болжээ. Эхний ээлжийн оношлууруудыг маргааш хүлээн авах юм байна.

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд өвчлөл бүртгэгдсэн улс руу явахгүй байх, зорчсон хүнд 14 хоногийн дотор өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, нэн даруй эмнэлэгт хандах шаардлагатай. Халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол зүүх, гараа байнга савандаж угаах, ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах, бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, дархлаа сайжруулах аминдэм хэрэглэхийг Эрүүл мэндийн яам зөвлөлөө.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)