Улсын эмнэлгүүд иргэдээ мөлхтөл нь буцаадаг

Улсын эмнэлгүүдийн эмч нар хүнд суртал гэгч айхавтар өвчинд нэрвэгджээ. Энэ нь зан араншинг ноцтойгоор эвдэж, адаг сүүлд нь хүний үнэргүй, хувиа хичээсэн нэгэн болгон хувиргадаг, аюулт өвчин аж. Аврал эрсэн нэгнийг шалтгаангүйгээр загнаж зандрах, хөөж туух, үл тоомсорлох, “хамраа сөхөх” зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хүнд суртал нь “амьсгалын” замаар халдварладаг, ихэнхдээ төрийн албаныхны дунд элбэг тохиолддог гэлцэх. Сүүлийн жилүүдэд эл өвчин эрүүл мэндийн салбарынханд илүүтэй нүүрлэж, түмэн олон үүний золиос болсоор байгаа нь харамсалтай.

“Дээрээс” нь яриулахгүй л бол эмч нар хөдлөхөө больсон нь үүний тод жишээ. “Нийтээрээ тийм биш” гэж тал засахгүй ээ. Тангараг өргөсөн эмч нарын муу нь сайнаасаа дэндүү олширсон учраас тэр. Дээдсийг өргөж, доодсыг нүд үзүүрлэдэг муухай хандлага өмнөх нийгэмд ч байсан. Гэхдээ өнөө цагт энэ үзэл улам архагшиж, өвчин болтлоо хүндэрснийг бид харж сууна.

Эрүүл мэндийн салбарыг санаатайгаар харлуулж, баалах гэсэнгүй. Бодит байдал нь л ийм. Улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэхдээ эмч нарт загнуулж, зандруулаагүй, хоосон хаалга мөргөөгүй, өчнөөн цаг хүлээгээгүй, “өрний морь” шиг ийш, тийш гүйгээгүй хүн бараг үгүй. Эмч, сувилагч нарын ёс зүй, харилцаа хандлага дордохын хэрээр иргэд улсын эмнэлэгтээ итгэл алдарч, хаалгаа тасхийтэл савж байхтай олон таарлаа.

Тэднийг “Их ачааллаа биш, их зангаа дийлэхээ больсон” гэж олон нийт шүүмжилдэг нь үнэний ортой. Эмч, сувилагч нарыг ямар орчинд, хэчнээн цагаар, хэдэн хүнд үйлчилж байгааг ойлгож байна. Гэсэн ч хэдий болтол эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангаргаа уландаа гишгэж, бусдад бурууг нялзаах вэ. Эрүүл мэндийн салбарынхны “Цаг наргүй, цалин бага” гэх тодотголыг аажим аажмаар өөрчилж, нийгмийн асуудлыг нь шийдэх гэж улс хичээж л байдаг. Харин үүний хариуд тэд юу хийв. Ард иргэдийн итгэл, сэтгэлээр “тоглож”, өнгө, мөнгө л хөөх шив.

Улсын эмнэлгийнхний хүнд суртлын золиос болох шахсан нэгэн иргэний жишээг одоо сийрүүлье. 32 настай иргэн А гэнэт хамар, залгиур нь хөндүүрлэн, улмаар 40 хүртэл халуурч, үе мөч нь хавдсан тул энэ сарын 1-нд дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэгт ханджээ. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эмч нар шинж тэмдгийг нь харчихаад “Хүнд зодуулсан байна, ГССҮТ-д зургийг нь авхуул” гэжээ. Иргэн А “Цохиулсан, үгүйгээ өөрөө мэдэлгүй яах вэ дээ. Тийм зүйл болоогүй” гэхэд “Сонин юм аа, зүв зүгээр байж үе мөч нь ингээд хавдчихдаг. Манайх үзэхгүй, Өрхийн эрүүл мэндийн төв рүүгээ яв” гээд халгаагаагүй аж. А алхаж ч чадахгүй байгаагаа учирласны эцэст арайхийн өвчин намдаах тариа хийлгэжээ. Тухайн үед биеэр нь гүвдрүү туурсан байсныг эмч нар үзээд “Улаан бурхан байж магадгүй. Арьс өнгө, халдвартын эмчид ханд” хэмээгээд буцаасан байна.

Үүний дагуу иргэн А холбогдох мэргэжлийн эмч нарт хандсан ч улаан бурхан, харшлын аль нь ч биш болж, арга мухардав. Дотрын эмч нь “Үе мөчний хурц хэлбэрийн үрэвсэл, харшилтай хавсарсан байна. Шинжилгээ өг” гээд тоогоогүй гэнэ. Маргаашийн шинжилгээний цаг авах гэтэл дууссан байж. Тэрбээр маш их өвдөж байсан ч бууж өгөлгүй, III шатлалын эмнэлэгт хандтал “Цусны даралт, зүрхний цохилт хэвийн хүнийг үзэхгүй” гээд бас л буцаажээ. 10 гаруй жил эрүүл мэндийн даатгал төлсний ашиг түүнд гарсангүй. Аргаа барахдаа маргааш өглөө нь буюу энэ сарын 2-нд хувийн эмнэлэгт очжээ. Шээс, цусны болон үе мөчний шинжилгээ өгчихөөд рентген аппаратад харуулах гэж яваад өвчнөө дийлэлгүй, гудамжинд унасан тухайгаа бидэнд хэлэв. Азаар, ойролцоо явсан хүн нь түргэн тусламж дуудсанаар дүүргийн эмнэлэгтээ 11.00 цагийн орчимд хүргэгдсэн гэнэ.

Эмч нар түүнд өвчин намдаах тариа хийж, хүлээн авах тасгийнхаа орон дээр хэвтүүлчихээд бас л алга болчихож. Тэр хооронд иргэн А үхэл, амьдралтай нүүр тулж, толгой нь маш хүчтэй өвдөн, шар, ногоон зүйлээр бөөлжиж, шоконд оржээ. Гэрийнхэн нь “Энд хүн үхлээ” гэсэн ч тоохгүй, хордлогын байдалтай нэлээд удсаны дараа мэдрэлийн эмч нь үзээд “Менингит байх магадлалтай. Нугасны уснаас нь шинжилгээ авч, оношийг баталгаажуулна” гээд А-г тасаг руу шилжүүлсэн аж. Үүнээс хойш 40 орчим минутын дараа шинжилгээнүүд хийж, 16.00 цагийн үед иргэн А-г идээт менингит гэх хүнд өвчин туссаныг баталжээ.

Менингит нь тархи, нугасны бүрхэвч хальсны идээт үрэвсэл бөгөөд өвчин амархан хүндэрч, үхэлд хүргэх аюултай. Гэтэл ийм хүнд өвчтэй хүнийг тоохгүй, авч хэлэлцэхгүй байсаар дөрвөн хөллүүлжээ, манай эмч нар. Хамгийн ичмээр нь Нэгдсэн эмнэлэгт менингит, улаан бурхны тууралтыг ялгахгүй хүмүүс ажилладаг гэхээр гутмаар. Үе мөч, булчин нь хавдчихаад байхад “Хүнд зодуулсан юм биш үү” гэж гөрдөх. Хар ухаанаар бодоход, гэмтэл бэртэл авсан бол тухайн хэсэгт нь хөхөрч, няцармаар юм.

Хүн амын эрүүл мэнд жил ирэх тусам доройтож, монгол хүний амь үнэгүйдэх боллоо. Халдварт болон халдварт бус өвчинтэй хүмүүсийн олонх нь эцсийн шатандаа оношлогддог. Өөрөөр хэлбэл, үхэхийнхээ өмнө л өвчинтэйгөө “танилцдаг” гэсэн үг. Гэтэл эмч нар энэ бүхэнд иргэдийг л буруутгадаг. “Өөртөө хайргүй, арчаагүй, өвчнөө тартагт нь тулсан хойно нь эмнэлэгт ханддаг”. “Машинаа жил бүр оношилгоонд оруулдаг хэрнээ эрүүл мэндээ юман чинээ боддоггүй”. “Эрүүл мэндийн наад захын мэдлэггүй” гэхчлэн чичилдэг.

Бодит байдалд гол буруутан нь эмч нар аж. Нэг үеэ бодвол иргэд эрүүл мэнддээ анхаардаг, санаа зовдог болсон. Гэтэл өөрийг нь гээд очсон нэгнийг “дугаарлаж”, харилцдаг. Урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэх гэхээр “Юу чинь өвдөө вэ, эрүүл бол яах гэсэн юм. Өвчтэй хүмүүсээ хүчрэхгүй ядаж байхад” гэж уцаарладгийг бүгд мэднэ. Дөрвөн хөллөж орж ирээгүй л бол хэр баргийн хүнийг улсын эмнэлгүүд хүлээж авдаггүйг иргэн А-гийн жишээ гэрчлэх биз ээ. Энгийнээр хэлбэл, алхаад ирсэн хүнийг мөлхтөл нь буцаадаг юм, манай эмч нар.

Хамгийн халширмаар нь өвдсөн хүн оношоо тодруулах гэж наад зах нь тав хоног эмнэлгээр явдаг боллоо. Эхний өдөр нь үүр цүүрээр босож, шинжилгээний бичиг авах гэж дугаарлана. Маргааш нь шинжилгээгээ өгнө. Гурав дахь өдөр нь хариугаа авах гэж “өрх” рүүгээ гэлдрэх болдог. Үүний дараа шинжилгээний хэдэн цаасаа сугавчлаад холбогдох мэргэжлийн эмчид үзүүлэх цаг бас авна. Ингээд “тэнгэрийн амьтад”-тай уулзах гэж багадаа 3-7 хоног хүлээх хэрэгтэй. Ялангуяа шүдээ үзүүлэхэд 30, дотрын ЭХО-д харуулах бол хамгийн цөөндөө 14 хоногийн дараа үйлчлүүлэх “эрх” өгдөг. Ийм боломж ажилтай хүмүүст бараг олдохгүй тул тэгсхийгээд хаядаг. Дээрээс нь, гэм хийсэн мэт ааштай эмч, сувилагч нарын гар харан, харцыг хариулж, бөхөлзөх нь хамгийн хэцүү. Зун бүр ч ярвигтай. Эмч нар амарчихаар орлох мэргэжилтэн байхгүй гэх шалтгаанаар хоосон хаалга мөргөх нь бишгүй. Нэг бол Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв хоёрын хооронд хөлийн ул эргэтэл шогшуулна. Иргэд энэ бүхнээс үнэхээр залхаж байна.

Хэд хоногийн өмнө нийгмийн сүлжээнд улсын эмнэлгийнхний хүнд суртал, үйлчилгээг олон нийт ихэд шүүмжилсэн. Иргэн Я.Доньдсүрэн өөрт тохиолдсон явдлаа цахим хуудсандаа нийтлэхдээ “Тээр жил аав минь өвдөөд, хотод ирж билээ. Тухайн үед надад хамгийн муухай харагдсан хүмүүс бол эмч нар. Өвчтэй аавыг минь загнаад л, хүүхэд болсон хойно хэлж чадах биш. Дотроо л “зангирдаг” байлаа. Тэгсэн өнөөдөр (наймдугаар сарын 3) улсын эмнэлгээр ортол хөдөөнөөс ирсэн өвөө, эмээ нар эмнэлгийн хонгилд үүрэглэн сууна. Хажуугаар нь нүдээ аниад өнгөрч чадсангүй “Та ямар үйлчилгээ авч байгаа вэ” гэхэд “Үгүй ээ, миний хүү, хүлээж бай л гэсэн. Өглөөнөөс хойш л суулаа” гэв. Тэрүүгээр явж байсан эмч, сувилагч нар хөгшчүүлийг гэнэт санах мэт “Өө нээрээ, та байгаа шүү дээ. Өнөөдөр эмч ирсэнгүй, маргааш хүрээд ир” гээд тоох ч үгүй яваад өгөв. Улсын эмнэлгийнхний “Хүн өвдөж л байдаг, үхэж л байдаг” гэх хандлага яг хэвээрээ. 7-8 жил өнгөрчихөөд байхад яагаад юу ч өөрчлөгдөөгүй юм бэ. Хүнээ дийлэхгүй, хүчин чадал нь хүрэлцэхгүйдээ гол биш. Эмч, эмнэлгийн ажилтнууд “өнгө” харж үйлчилсэн хэвээр. Ядарсан иргэд хэдий болтол эмнэлгийн үүдийг нохой шиг сахих вэ” хэмээсэн нь хатуу боловч үнэн.

...Нэгдсэн эмнэлэгт менингит, улаан бурхны тууралтыг ялгахгүй хүмүүс ажилладаг гэхээр гутмаар. Үе мөч, булчин нь хавдчихаад байхад “Хүнд зодуулсан юм биш үү” гэж гөрдөх. Хар ухаанаар бодоход, гэмтэл бэртэл авсан бол тухайн хэсэгт нь хөхөрч, няцармаар юм...

Үйлчилгээ авч болох, эсэхийг хамгаалагч нь шийддэг улсын эмнэлэг ч байна, цаана чинь. Нийтлэлд эрүүл мэндийн байгууллагуудын нэрийг дурдаагүй. Аль нэг эмнэлгийн нэр төрийг зарлахдаа гол биш. Хаа хаанаа алдаагаа ухамсарлаж, эмч, ажилтнуудынхаа харилцаа, хандлагыг засаж, сайжруулах цаг иржээ. МХЕГ-т эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эмч, мэргэжилтний ёс зүй, харилцааны доголдолтой холбоотой гомдол иргэдээс тасралтгүй ирдэг байна. Тэд гомдлыг шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдэд хандаж, дүгнэлт гаргуулан, заримыг нь Цагдаагийн байгууллагад шилжүүлдэг аж. “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, хариуцлага алдагдаж, шат шатанд хүнд суртал газар авсан. Түүгээр ч зогсохгүй биенийхээ буруутай үйлдлийг нуун далдлах хандлага ноёрхох болсон” гэж МХЕГ-ын улсын ахлах байцаагч Б.Оюунцэцэг хэлсэн.

Ёс зүй, хууль, дүрэм, өргөсөн тангаргаа умартсан эмч нарт сануулъя. Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая”. Мөн 28.4.1-т “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх” гэсэн хуулийн заалтаа эргэн хараарай. Эмч болох амархан, байх хэцүү гэлцдэг. Дор бүрнээ хуулиа мөрддөг, дүрмээ баримталдаг, эзэмшсэн мэргэжлээ үнэлдэг, ёс зүйтэй байвал эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд ингэтлээ олны “аманд багтахгүй” биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)