Улсын эмнэлгүүдийн ирээдүй удирдлагынхаа гарт шилжлээ

Улсын эмнэлгүүдийн засаглалыг бие даасан тогтолцоонд шилжүүлэх замаар тусламж, үйлчилгээнийх нь чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвартай болгохыг “Өнөөдөр” сонин олон жил бодлогоор дэмжиж ирсэн. Учир нь төр, засгаас сүүлийн 30 орчим жил улсын эмнэлгүүдийг зах зээлээс ангид хөгжүүлж, энэ хэрээр иргэд эмчилгээ, үйлчилгээгээ голж, шилж ирсэн. Дэлхийн хэмжээнд өдгөө анагаах ухааны салбарын хөгжил “тэнгэрт” тулчихаад байхад монголчууд л навсайсан цаасан дээр өвчний түүхээ бичүүлж, олон сараар дугаарлан, эмч, ажилтнуудын ширүүн харцанд далдирч яваа.

“Намайг өвдвөл эмчлээрэй” гэж бид сар бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг ч шаардлагатай үедээ тусламж, үйлчилгээ авах гэж танил талаа царайчилдаг нь нууц биш. Тиймээс эмнэлгүүдийг зах зээлийн зарчмаар, менежментийг нь төрөөс ангид хөгжүүлэх асуудал эдүгээ маш чухал болоод байгаа өнөө үед улсын хэмжээний нарийн мэргэжлийн гурван том төвийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлсэн таатай мэдээг уншигчдадаа хүргэе.

Төрийн өмчийн эмнэлгүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр ашгийг сайжруулахын тулд эрүүл мэндийн байгууллагыг бизнесийн орчинд улс төрөөс ангид байлгах, өмчийн бүх хэлбэрийг зах зээлийн харилцаанд тэгш оролцуулах, иргэдэд чанартай, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэхэд санхүүжилтийг зарцуулах механизмыг нь зохицуулах зорилгоор Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2016 оны дөрөвдүгээр сард баталсан билээ. Хууль, эрх зүйн орчин нь дөрвөн жилийн өмнө бүрдсэн байхад эмнэлгүүд одоо л “өрх тусгаарлаж” байгаа нь чамламаар ч зөв голдиролдоо орох үндэс ийнхүү тавигдаж байгааг шүүмжлэх аргагүй. Одоогоор Улсын I, III төв эмнэлэг, Арьсны өвчийн судлалын үндэсний төв (АӨСҮТ)-ийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлээд байна. Ингэснээр эмчилгээ, үйлчилгээнд нь хэрхэн ахиц, дэвшил гарсныг тодрууллаа.

Эмнэлгүүд хагас бие даасан тогтолцоонд шилжсэнээр ямар давуу тал, ашигтай вэ? Хувьчлагдана гэсэн үг үү? хэмээн олон нийт гайхаж, сонирхож байгаа нь лавтай. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасанчлан улсын эмнэлгүүд урьдын адил төрийн өмчийнх хэвээр байна. Даатгалтай болон зорилтот бүлгийнхэн ч өмнөх шигээ тусламж, үйлчилгээ, урамшууллаа үнэ төлбөргүй хүртэнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдийг хэн нэгэнд хувьчлахгүй. Харин менежментийн хувьд бие даан шийдвэр гаргах, төсөв, санхүүгээ захиран зарцуулах эрхийг нь дээрх хуулиар олгож буй юм. Эмнэлэг бүр Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) байгуулж, эмнэлгийн даргаа томилно. Ингэснээр Засгийн газар, сайд, дарга нар солигдох бүрт эмнэлгийн удирдлагыг халж, сэлгэдэг тогтолцоо үгүй болж, үйл ажиллагаанд нь саад учруулж чадахгүй гэсэн үг. Эмч, мэргэжилтнүүд ч ажлын гүйцэтгэл, үр дүнгээрээ цалинжих зэргээр хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх давуу талтай.

Өөрөөр хэлбэл, тухайн эмнэлэг хоёр үндсэн чиглэлээр улсаас хараат бус ажиллах юм. Нэгдүгээрт, хүний нөөцийн асуудлаа өөрсдөө шийднэ. Өмнө нь улсын эмнэлгүүд төрөөс заасан хэмжээний орон тоонд тулгуурлан ажилладаг байсан бол эдүгээ өөрсдийн төсөвт тохируулж, шаардлагатай хүний нөөцөө нэмж, шигших эрхтэй болж байна. Хоёрдугаарт, дээр хэлсэнчлэн төсвөө захиран зарцуулах гэсэн нь маш чухал. Улсын төсвөөс болон Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог санхүүжилтийг хэрхэн оновчтой хуваарилж, юунд зарцуулахаа эмнэлгийн ТУЗ шийднэ. Үйлчилгээний нэр, төрлөө олшруулж, нэмэлт орлого олох замаар эмч, ажилтнуудаа урамшуулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, засвар, үйлчилгээгээ хийх зэрэг эрх нь эмнэлгийн удирдлагад нээлттэй.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Манай ТУЗ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд байгуулагдсанаар эмнэлэг албан ёсоор менежментийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжсэн. Үүний гол ач холбогдол нь санхүүгийн хараат бус байдлаас ангижирч, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, нэр, төрлийг нь олшруулах боломж бүрдээд байна. Тухайлбал, одоогийн эмчилгээ, үйлчилгээнээс гадна нэмэлт сонголтуудыг иргэд, даатгуулагчдад санал болгох замаар эмнэлгийнхээ төсвийг бүрдүүлэх эрхтэй болсон. Ингэснээр төр, засгийн шийдвэрийг хүлээхгүйгээр эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмж, гүйцэтгэлээр нь урамшуулах тогтолцоог бүрдүүллээ. Мэдээж өмч төрийнх байна. Үүний дагуу ЭМЯ болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан санхүүжилтээ олгож, хяналтаа тавина. Хамгийн гол нь бид өөрсдийн санаачилсан, нэвтрүүлсэн шинэ үйлчилгээгээрээ нэмэлт орлого олж, эмнэлгээ өөд нь татаж, хөгжүүлнэ гэдгийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Жишээ нь, Монголд нэвтрээгүй, өндөр өртөгтэй оношилгоог хийлгэх гэж иргэд гадаад руу явж, өчнөөн мөнгө зарцуулж байна. Тоног төхөөрөмжийг нь оруулж ирэх гэхээр тухайн эмнэлэг төр, засгийн шийдвэр, төсөв санхүүгийн боломжийг харж, олон жил хүлээх нь бий. Харин одоо улсын эмнэлгүүд иймэрхүү асуудлыг дотооддоо ярилцаж шийдээд, зээл тусламжаар ч болтугай өндөр түвшний аппарат, төхөөрөмж худалдан авч болно. Ингэснээр гадаадад өчнөөн мянган ам.доллароор хийлгэдэг оношилгоо, эмчилгээг эх орондоо хэд дахин хямд зардлаар авах боломжтой” гэсэн юм.

УНТЭ-ийнхэн хагас бие даасан тогтолцоонд шилжээд хоёр талт буюу Амбулаторийн эмийн санг Монголд анх удаа нээсэн. Өмнө нь зөвхөн хэвтэн эмчлүүлэгчдэд л эм, тариагаа “зардаг” байсан бол одоо амбулаториор үйлчлүүлэгчдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхлээд байна. Тодруулбал, тус эмнэлгийн амбулаториор өдөрт дунджаар 2500 орчим хүн үйлчлүүлдгийн 80 орчим хувь нь эмийн жор бичүүлдэг аж. Судалгаагаар, нэг хүн дунджаар 30 орчим мянган төгрөгийн эм авдаг гэж үзвэл Амбулаторийн эмийн сан үүний 40 хувь буюу 12 000 төгрөгийг даатгалаас хөнгөлдөг гэнэ. 12 000 төгрөгөөс хямд үнэтэй эм, тариа авбал даатгуулагч мөнгө төлөхгүй. Нэг талаас эмнэлэг эмийн сантай болсноор нэмэлт орлого олоод зогсохгүй үнийн хөөрөгдлийг бууруулах, нөгөө талаас иргэд хөнгөлөлттэй эм олгодог сар бүрийн нэг өдрийг хүлээхгүй зэрэг давуу талтайг Т.Мөнхсайхан захирал хэлсэн. Үүнээс гадна тус эмнэлгийнхэн зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг олон улсын түвшинд хийх Эрүүл мэндийг дэмжих төв нээсэн нь зорилтот бүлгийнхэн болон харьяаллын иргэд, есөн дүүрэг, 21 аймгаас онош тодруулах заалттай үйлчлүүлэгчээс бусад тохиолдолд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх зорилготой аж. Мөн тус эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн хүн бүхэнд зориулсан VIP тасгийг ирэх наймдугаар сард нээхээр бэлтгэж байгаа гэсэн. Ингэхдээ нарийн мэргэжлийн MRI, CT зэрэг оношилгооны төхөөрөмжүүдээ ажлын найм бус, 24 цагаар ажиллуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн нэмэлт үйлчилгээний орлогоосоо эмч, ажилтнууддаа сар бүр “Хандлагын 10 хувь”-ийн урамшуулал олгох болсон байна.

Үйлчлүүлэгчидтэй зөв боловсон, ёс зүйтэй харилцсан бүх хүн энэ урамшууллыг тогтмол авах бөгөөд ирэх оны нэгдүгээр сар гэхэд үүнийг 30 хувь болгон нэмнэ гэж тооцжээ.

Хагас бие даасан тогтолцоонд шилжсэн нөгөө хоёр эмнэлгийн нэг нь АӨСҮТ юм. Тус төвийн гүйцэтгэх захирал Ц.Уранчимэг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсны дараа Засгийн газар, ЭМЯ-ныхан “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр эхлүүлсэн. Үүний хүрээнд эхэндээ 10 эмнэлгийг бие даасан тогтолцоонд шилжүүлнэ гэж байсан ч засаг, төр солигдож, хуулийн дагуу дүрэм, журам боловсруулах ажил хойшилсон. Гэсэн ч ЭМЯ, АХБ-ныхан уг ажлыг дахин эхлүүлж, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлэн, зургаан эмнэлгийн удирдлагыг дээрх чиглэлээр сургасан. Одоогоор гурав нь дээрх тогтолцоонд шилжээд байна. Хуулийн дагуу гарах дүрэм, журмуудыг ч өнгөрсөн онд боловсруулж дууссан. Манай эмнэлэг үүний дагуу ТУЗ-өө байгуулж, гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахад би томилогдсон. Бие даасан тогтолцоонд шилжсэн эмнэлгүүд адилхан, ТУЗ нь есөн гишүүнтэй. Үүнд ЭМЯ, Сангийн яам, ЭМДЕГ-аас гурав, эмнэлгийн эмч, сувилагч, ажилтны төлөөлөл, бусад гурав нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, нийгэмлэгийнхэн байна. Эмнэлгийн захирал өөрт олгогдсон эрхийн хүрээнд дотоод бүтэц, зохион байгуулалт, менежментээ удирдан явуулна. Энэ дагуу бид ямар үйлчилгээгээ өргөтгөх, алиныг нь танах төлөвлөгөөгөө ч боловсруулсан. Түүнчлэн эмнэлэгт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудын түрээсийг Сангийн яамнаас гаргасан зохих журам, дүрмийн дагуу шинэчлэн тогтоохоор сонгон шалгаруулалт зарласан. Мөн манай төвд үйл ажиллагаа явуулдаг цайны газрын үйл ажиллагааг нь өргөжүүлж, түрээсийг нь нэмсэн. Цаашид хоёр талт буюу Амбулаторийн эмийн сан нээх гэхчлэн нэмэлт орлого олж, эмч, ажилтнуудынхаа цалин, урамшууллыг өсгөх, тусламж, үйлчилгээнийхээ төрлийг олшруулах, хүртээмжийг нэмэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Улсын эмнэлгийн санхүүжилтийн гол цөм нь Эрүүл мэндийн даатгал байдаг. Эмнэлгүүд энэ мэтчилэн “тусдаа гарчихвал” даатгалын сангаас эмчилсэн хүнийхээ тоогоор санхүүждэг болох юм. Өөрөөр хэлбэл, тухайн эмнэлэгт сард 100 мянган хүн үзэж, оношлох төсөв хуваарилдаг. Үүнээс хэтрүүлбэл өрөнд ордог тогтолцоо ийнхүү устах нь. Нөгөөтээгүүр, төсвийн мөнгийг улсын эмнэлгүүд үр ашиггүй зарцуулдаг, тусламж, үйлчилгээнд оновчтой хуваарилдаггүй гэж иргэд шүүмжилдэг. Эмнэлгийн удирдлага төсвөө “барьдаг” болчихвол ийм хандлага аажимдаа үгүй болно гэдгийг эмнэлгийн дарга нар хэлж байлаа. Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын засаглалыг шинэчлэх асуудлыг сүүлийн 10 орчим жил ярьсан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталснаар өдгөө эрх зүйн томоохон шинэчлэл, өөрчлөлт хийгдэж байна. 2020 оны нэгдүгээр сараас ЭМЯ, Сангийн яам болон АХБ-ныхан “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах техник туслалцааны төсөл” хэрэгжүүлсэн. Хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төслийг Сангийн яам удирдах бөгөөд манай гурван эмнэлэг сонгогдон, хамрагдаж байна. Ингэснээр лавлагаа шатлалын төвүүд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээгээ утгаар нь үзүүлэх боломж нээгдэж, иргэдийн санхүүгийн эрсдэлийг бууруулан, ДЭМБ-ын “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах” зорилт руу чиглэх юм. Санхүүжилтийн механизмыг нь уян хатан болгосноор менежмент нь аяндаа шат дараатай сайжирна. Олон жил яригдсан улсын эмнэлгийн төсвийн хязгаарлагдмал байдал ч арилж, тусламж, үйлчилгээний төвлөрөл бууран, иргэдийн сэтгэл ханамж дээшлэх ёстой. Түүнээс биш, улсын эмнэлэг бизнесийн байгууллага болохгүй” хэмээв.

Өндөр хөгжилтэй орнууд эдийн засгийнхаа гуравны нэгийг эрүүл мэндийн салбараасаа бүрдүүлдэг. Манайхан эмнэлгүүдээ ашгийнх болгож чаддаггүй юм гэхэд ядаж алдагдалгүй ажиллуулахын тулд менежментийн дээрх хувьчлал нь хамгийн оновчтой шийдэл аж. Өөрөөр хэлбэл, улсын эмнэлгүүдийн ирээдүй удирдлагынхаа гарт ийнхүү шилжиж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)