Улсын хөрөнгө залилсан хэрэгт “Суурь”-ийн удирдлагыг шалгаж байна

Монгол Улсад тендер нэрээр хөрөнгө завшдаг, барилга байгууламжийн ашиглалтад өгөх хугацаа нь өнгөрчихөөд байхад шалдар булдар шалтаг тоочин цаг үрж, мөнгө угаадаг явдал газар авсан. Ялангуяа төрийн байгууллагын захиалгаар барьж, гүйцэтгэж буй эмнэлэг, сургуулийн барилгын ажлыг яст мэлхийн хурдаар явуулдаг.

Хувийн хэвшлийн том байгууламжууд хормын дотор сүндэрлэчихээд байхад улсын гэх тодотголтойнууд нь хэдэн арван жилээр гацаж байна. Хан-Уул дүүрэг дэх IV төрөх, ахмадын болон түлэнхийн эмнэлэг гээд тоочоод байвал барагдахгүй.

Улсын мөнгийг гарынхаа салаагаар урсгаж, хариуцах эзэнгүй үлдсэн бодит жишээ бол Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга. Муу дээр муухай гэгчээр хавдрын эмнэлгийн эмч, ажилтнууд найман жил хүлээн байж шинэ байрандаа дөнгөж төвхнөж эхэлтэл дээврээс нь дусаал гоожиж, хана, хатавчаас нь ус нэвчин, гурван сая ам.долларын үнэтэй туяа эмчилгээний аппаратаа суурилуулж чадахгүйд хүрээд байгаа юм.

Энэ аппаратыг ажиллуулахад цацраг идэвхт бодис ялгарах учраас зориулалтын хана, тааз бүхий өрөөнд суурилуулах ёстой аж. Тиймээс өргөтгөлийн барилгаа ашиглалтад орохоор байрлуулна хэмээн Австрийн Засгийн газрын тусламжаар 2015 онд оруулж ирсэн уг аппаратаа эмчилгээнд нэвтрүүлж чадахгүй хүлээж байжээ. Гэвч уг барилгыг чанарын шаардлага хангахгүй гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэх болов.

Хавдрын өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэн, жилд 6000 орчим тохиолдол бүртгэгдэж буйг ХСҮТ-ийн эмч нар хэлдэг. Гэтэл хэдэн жил дуншиж, үйл ажиллагаа нь дөнгөж эхэлсэн өргөтгөлийн барилга эхний зундаа яагаад усанд автав, улсын төсвөөс барилгын ажилд зарцуулсан гурван тэрбум орчим төгрөгөөр хэн, яаж найрласан бэ гэдгийг бид сурвалжилсан юм.

“СУУРЬ” КОМПАНИЙГ 436 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ГЭВ

Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга чанаргүй болсны үндэс суурь нь “Суурь” компани гэж хавдрын эмнэлгийн эмч, ажилтнууд үздэг. 1991 онд байгуулагдсан, бетон зуурмаг, барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Суурь” гэх компани 2010 онд тендерт ялснаар ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг барихаар болжээ. ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн итгэмжлэлийн дагуу “Суурь” компанийн ерөнхий захирал Х.Чинболдыг шалгуулахаар өнгөрсөн оны хоёрдугаар сард Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл гаргажээ.

Өргөдөлдөө “Тендерт “Суурь” компани шалгарснаар 2010 оны долдугаар сарын 14-нд Баянзүрх дүүрэг дэх ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр БУ-03 10 дугаартай гэрээ байгуулсан. Барилгыг 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд ашиглалтад оруулахаар болж, 3 026 545 386 төгрөгөөр тохиролцжээ.

Барилга угсралтын ажилд барилгын суурь, хучилт, хашлага, хийц, дээвэр, цонх, хаалга суулгах, дотор засал, халаалт, салхивчийн систем, холбоо, дохиолол, цахилгаан шат, бусад бүх л ажил хамаарах бөгөөд “Суурь” компани гэрээнд заасан ажлыг хийсэн гүйцэтгэлээрээ санхүүжилт авахаар тохиролцсон. Гэтэл тус компани барилга угсралтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэлгүй орхиж, улмаар дутуу буюу огт хийгээгүй ажлыг хийсэн мэтээр хуурч мэхлэн 436 178 738 төгрөг илүү авч залилан мэхэлсэн байна” гэжээ.

Үүнийг тодруулбал, “Суурь” компаниас ажлын гүйцэтгэлийн тайлан гаргаж өгөхдөө хийгээгүй буюу дутуу гүйцэтгэсэн ажлыг бүрэн хийсэн мэтээр захиалагч талд тайлбарлаж, хуурамч баримт бичиг үйлдэх замаар онц их хэмжээний мөнгийг улсын төсвөөс авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдэл гэж үзсэн байна.

2015 оны арваннэгдүгээр сарын 23-нд гэрээг дүгнэн, акт үйлдсэн бөгөөд “Суурь” компанийн ерөнхий захирал Х.Чинболд гүйцэтгэлийн тайланд дурдсан 436 сая төгрөгийн ажлыг хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрчээ. Өргөдлийнхөө төгсгөлд Ж.Чинбүрэн эмч “Х.Чинболдын дээрх хууль бус үйлдлээс болж, ХСҮТ-ийн барилгын өргөтгөлийн ажил хийгдэхгүй зогсонги байдалд орж, эмнэлгийн үйл ажиллагаа болоод олон зуун өвчтөний эрх, ашиг хохироод байна. Иймд “Суурь” компанийн ерөнхий захирал Х.Чинболдын дээрх залила мэхэлсэн хууль бус үйлдлийг шалган тогтоож, хохирлыг барагдуулж өгнө үү ” гэжээ.

Эмнэлгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг захиалагч талыг төлөөлж Эрүүл мэндийн яам, гүйцэтгэгчийг төлөөлж Х.Чинболд захирал дүгнэн акт гаргасан байх юм. “Суурь” компани дутуу буюу хийгээгүй нэр бүхий ажлыг хариуцахын зэрэгцээ цаашид барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдэж, асуудлыг захиалагч тал шийдвэрлэхээр тохиролцсон байна. Ингэснээр “Зүр” хэмээх компани баригддаггүй эмнэлгийг барих ажилд оролцох болжээ.

Хохирогч тал буюу ХСҮТ-ийн өмгөөлөгчөөр ажиллаж буй В.Батжаргалаас одоогийн нөхцөл байдлын талаар тодруулахад “Эрүүл мэндийн сайдын итгэмжлэлээр ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн “Суурь” компанийг цагдаад шалгуулж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4 буюу “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа. Нийслэлийн Прокурорын газраас үүнийг иргэний хэрэг гэж үзээд хэрэгсэхгүй болгосныг бид Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаснаар, эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэлээ.

Х.ЧИНБОЛД: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМЫГ ШҮҮХЭД ӨГНӨ

“Суурь” компанийн ерөнхий захирал Х.Чинболдоос үүссэн асуудлын талаар тодруулав.

-Танай компани ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг барихдаа дутуу буюу огт хийгээгүй ажлаа гүйцэтгэсэн нэрээр улсаас 436 сая төгрөг авсан гэх юм. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Манайх 2010 онд тендерт ялж, ажлаа хийж явтал ЭМЯ, ХСҮТ хоорондоо учраа олохгүй байдалд хүрсэн. Анхнаасаа ийм тоног төхөөрөмж авна гэдгээ тодорхой болгож, технологийг нь мэдээд зураг төсөлд суулгах ёстой.

Гэтэл зураг төсөл гаргасан “Карказ” компани 2014 онд интернэтээс нэг технологи судалж мэдсэн. Тэр хүртэл барилгын ажил саатсан. Өөрөөр хэлбэл, туяа эмчилгээний аппарат суурилуулах өрөө, ханыг ямар технологиор яаж хийхийг нь шийдэхгүй явсаар манай компанийг хүнд байдалд оруулсан. Бид 2015 онд барилгын ажилд оролцохоо больж, зураг төсөл гаргасан “Карказ” компани ч нэрээ татсан.

-“Зүр” компани барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Гэвч хана, таазнаас нь дусаал гоожиж, чанаргүй барилга гэгдэх болсон. 436 сая төгрөгийг танай компани барагдуулна гээд гарын үсэг зурсан байна лээ.

-Энэ мөнгөний асуудал хавдрын эмнэлэгт хамаагүй. Бид “Зүр” компанийнхантай тохирсон.

-Тэгэхээр дээрх мөнгийг “Зүр” компанид өгнө гэсэн үг үү?

-Өгөхөөр тохирсон. Тэднийх манай хийгээгүй ажлыг гүйцэтгэхээр болсон. Ажлын гүйцэтгэлийн актаа манай компанид өгөх ёстой. Анхны төсөв нь 2.5 тэрбум төгрөг байсан. Сүүлд нь бид хөөцөлдсөөр таван тэрбум төгрөг болгосон. “Зүр” компани тендер шалгаруулалтад оролцоогүй, өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэнэ гээд барилгын ажлыг авсан.

-Энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн үү?

-2015 оноос энэ хэргийг шалгаж байна. Цагдаагийн байгууллагад олон удаа очсон. Эрүүгийн бус, иргэний хэрэг гэсэн. Бид Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгөх гээд материал бэлдэж байна. Манай компани алдагдалд орсон. Дөрвөн давхар хоёр байшин барих гэж мөнгө төсөв, технологийн асуудлаа шийдэхгүй таван жил болсон учраас бид залхсан.

-Буцаад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Та мэдээгүй юм үү?

-Мэдэж байгаа. Энэ асуудлыг улстөржүүлээд байна.

-Танай компанид хэдэн төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа вэ?

-Нарийн тооцоо гаргасан. Гэхдээ энэ тухай одоо яриад хэрэггүй. Бид шүүхэд хандаж, хохирлоо барагдуулна. Зураг төслийн компани, захиалагч тал хоёр харилцан баталсан зургийн дагуу бид ажиллах ёстой. Гэтэл тэгээгүй.

-Танай компани мөн Дундговь аймагт Төв халхын дуулалт жүжгийн театр барих байсан ч дуусгаагүй. Энэ ажил юу болж байна?

-БСШУЯ гэрээгээ сунгахгүй байна. Сунгачихвал тэр ажлыг гүйцэтгэхэд манайх бэлэн. 2012 онд ашиглалтад оруулах байсан. Газрын асуудал, төсвийг нь шийдэхгүй байсаар удааширсан. Банкнаас баталгаа гаргуулсан учир хүү төлсөөр өнөөг хүрлээ. Гэрээ сунгахгүй байгаагаас ажлаа хийж чадахгүй байна.

-Барилгын ажил хэдэн хувьтай байна вэ?

-Бид хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. 700 сая төгрөгийн ажил хийсэн ч тэр нь одоо хүртэл баталгаажаагүй. Дээр нь хоёр үйлдвэр тэнд барьсан. Нэг тэрбум төгрөгийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр дуусгая гэсэн ч гэрээгээ сунгахгүй байгаа.

-Театр барих компани яагаад хайрганы болон бетон зуурмагийн үйлдвэр байгуулчихав?

-850 хүний суудалтай том театр. Үүнийг барихын тулд цементийг энгийн зуурагч машинаар зуурч болохгүй. Маш өндөр даацын бетон орох ёстой. Чанарын шаардлага хангасан элс, хайрга хэрэгтэй. Түүнд зориулж барьсан үйлдвэр. Бид бизнес хийх гэж бариагүй.

-Тэр үйлдвэрийг өөр барилгад ашиглаж болно биз дээ?

-Болно. Гэвч Дундговь аймагт барилга маш цөөн баригддаг. Жалганаас элс аваад хайрга буталж, шороотой зуураад л барилга барьдаг юм билээ. Манайх 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компани. Хоёрын хооронд юм хийдэггүй.

Улсын хөрөнгөөр тоглож, оронд нь чанаргүй барилга үлдээсэн энэ үйлдэлд буруутан олдохгүй нь бололтой. Эмнэлэг, сургуулийн шав тавьж, тууз хайчлахаас өөрөөр төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулж, ашиг шимийг хүртдэг нь маш цөөн. Бантан хутгаж орхисон “Суурь” компани Эрүүл мэндийн болон БСШУСЯ-тай учраа олохгүй, томоохон хоёр бүтээн байгуулалтыг гацааж орхиж. Өвчиндөө шаналж буй олон хүн л үүний хохирогч болж үлдлээ. Стандартын шаардлага хангаагүй, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх асуудлаар тус компанийг “Нарантуул трейд” компани шүүхэд өгсөн байх юм. Энэ мэт хэл ам дагуулсан асуудалд “Суурь” компани оролцож байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)