Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өдөрлөг зохион байгууллаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн аравдугаар сарын 13-нд тохиодог. Олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг таниулах зорилготой эл өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос олон улсад тэмдэглэж эхэлсний дотор манай орон ч багтжээ. Үүний хүрээнд өчигдөр нийслэл, орон нутгийн онцгой байдлын албаныхан 21 аймаг, есөн дүүрэгт гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Тухайлбал, Баянгол дүүргийн нээлттэй өдөрлөг “Өргөө-I” кинотеатрын өмнөх талбайд болсон юм. Ой, хээрийн түймэр, “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, шахмал түлш хэрэглэх, анхны тусламж үзүүлэх зэрэг мэдээлэл, зөвлөгөөг өдөрлөгийн үеэр иргэдэд өгөв. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрынхан Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлсэн юм. Тус хоёр байгууллага 2015 оноос хойш хамтран ажиллаж буй бөгөөд гамшгаас хамгаалах чиглэлээр одоогоор сайн дурын 2100 идэвхтэн бэлтгэж, 77 000 гаруй хүнийг сургалтад хамруулжээ.

Бэлтгэсэн: У.Түвшинбаяр 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)