Улсын хийж чадаагүй ажлыг хүүхдүүд өөрсдөө хийчихжээ

ХБК-ийн Циркийн тэнхмийн 10 багш 60 гаруй сурагч хамтран энэ зун бэлтгэлийн байраа засварлаж, ашиглалтад орууллаа. Мөн циркийн урлагт хайртай олон хүн тэдэнд хандив өгсөн бөгөөд багш нар нь ээлжийн амралтынхаа мөнгийг хүртэл засварын ажилд зориулжээ. 

2015 оны зургадугаар сард Дашчойлин хийдэд засвар хийж байсан гагнуурчид дулааны шугам өөрчлөн татахдаа гагнуурын очноосоо гал алдаж, Хуучин циркийн барилгыг шатаасан байдаг. Харамсалтай нь галын дүгнэлтэд тодорхой зүйл өгүүлэлгүй, БСШУЯ(хуучнаар) шатсан барилгынхаа төлөө хөөцөлдөөгүй тул энэ бүхэн мартагдсан. Монголын циркийн урлагийн ирээдүй болсон сурагчид, тэдний багш нар, түүнчлэн залуу циркчид бэлтгэл хийх байргүй болж 200 гаруй хүний хувь заяатай холбоотой асуудал үүссэн. Циркийн сургуулийн сурагчдыг бэлтгэл хийх нөхцөлөөр хангахын тулд Улсын төсвөөс сар бүр 15 сая төгрөг гаргаж, Монголын үндэсний циркийн байрыг түрээсэлж буй. 

Хуучин цирк буюу ХБК-ийн Циркийн тэнхмийн сурагчдын бэлтгэлийн байр шатчихаад байхад БСШУЯ-наас "100 гаруй жилийн түүхтэй соёлын биет өв болсон байгууламжаа авран хамгаалж, сэргээн засварлана" гэж мэдэгдсэн ч жил гаруй хугацаанд юу ч хийсэнгүй. Тиймээс багш сурагчид зүгээр харж суулгүй өөрсдийн боломжоороо байраа засварлачихаад дарга нараас зөвшөөрөл хүсэж суугаа гэнэ. 

2015 оны зургадугаар сарын 30-нд байр ийм байдалтай байсан. 

Тэгвэл одоо хүүхдүүд, багш нар хамтран Хуучин циркийг хэрхэн засварласныг дараах зургаас харна уу

Том дарга нар тэдэнд "Бэлтгэл хийж болно" гэсэн ганц л зөвшөөрөл өгчих юм бол хүүхдүүд өөрийн гэсэн бэлтгэлийн байртай болж, "нар нь гарах" гээд байгаа юм. 

Улсын хийж чадаагүй ажлыг багачууд, багш нар өөрсдөө хийчихлээ. Төсвийг тань хэмнэж, хөрөнгө санхүүжилт шаардалгүй байраа засварласан эдгээр хүмүүст бэлтгэл хийх зөвшөөрөл өгч тусална уу. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)