Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн М.БАТСУУРЬ: Зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэх байдлаар шүүгч асуудалд ханддаггүй

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын нэр бүхий гишүүд “Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдэл хийсэн. Иймээс үүнтэй холбоотой тайлбар авахаар шүүгч М.Батсуурьтай ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх үү?

-Би Хиад Боржигины Мишигийн Батсуурь. Булган аймагт төрсөн. “Шихихутаг”, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи төгссөн, хуульч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. 

Сургууль төгссөнөөс хойш мэргэжлээрээ 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Гэр бүлтэй, дөрөв дэх хүүхдээ хүлээж байгаа аав. Миний эхнэр гадаадын хөрөнгө оруулалттай компанид зөвлөгөө өгдөг. Товчоор танилцуулахад ийм л байна.

-МУИС-д багшилдаг, хэд хэдэн ном гаргасан гэдгээр тань хуульчид их мэддэг юм байна лээ.

-Тийм ээ. МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2001 онд захирал, академич С.Нарангэрэл, дэд захирал, доктор Н.Лүндэндорж нарын туслахаар ажилд орж, 2009 он хүртэл тэндээ багшилж, эрдэм шинжилгээний ажил хийсэн. Одоо ч багшлах, ном бичих ажлаа бүрэн орхиогүй байгаа. Шүүгч, хуульчдад хичээл заагаад, номоо гаргаад л яваа. 

Хамгийн сүүлд “Хуулийн сургуульд сурсан 101 зүйл” номыг гаргахад хамтран ажиллалаа. Нийт 20 гаруй номыг дангаараа болон хамтран бүтээлцсэн байна. Шүүгч өөрийгөө байнга хөгжүүлэх ёстой учир эрдэм номын ажлаа хаяхгүйг хичээгээд л яваа.

-Яагаад багшийн ажлаа сольж, Худалдаа хөгжлийн банканд ажиллах болсон юм бэ?

-Би ихэвчлэн онолын хичээл заадаг байсан. Учир нь хуулийн практик багатай байсан юм. Тийм учраас сургуулиас гарахгүй, давхар ажиллах санаатай хэд хэдэн байгууллагад хандаж байснаас зөвшөөрсөн нь Худалдаа хөгжлийн банк. Тэгээд хөдөлмөрийн гэрээ биш, контракт гэрээ байгуулаад ажилласан. 

Энэ нь хөдөлмөрийн гэрээг бодвол богино хугацаатай, тодорхой асуудлаар хамтран ажилладгаараа ялгаатай. Харин сургуулийн удирдлага ятгасан учраас тухайн үед сургуулиа орхихоос өөр аргагүйд хүрсэн. Миний сонирхол анхнаасаа л нийтийн албанд ажиллах байсан. Тиймээс гэрээгээ дуусах үед шүүгчийн сонгон шалгаруулалтад орж, тэнцсэнээр шүүгч болсон.

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы үеэр таны талаар ярихдаа их залуугаараа карьер хийсэн гэж удаа дараа хэлж байхыг сонссон.

-Шүүгч нь Улсын их хурлын гишүүн шиг 25 нас хүрсэн л бол сонгогдоод, томилогдоод явдаггүй, жинхэнэ мерит буюу шатлан дэвшиж явдаг. Өөрөөр хэлбэл, анхан, давж заалдах, хяналтын шат бүртээ шалгалтаа өгч, тэнцсэн нь дэвшээд л явдаг гэсэн үг. Миний хувьд Үндсэн хуульд заасан бүх болзлыг хангасан, давж заалдах, дээд шүүх гээд шат бүрт нь шалгалтыг нь даваад л явсан. Сайдын хэлсэн шиг “кран” шүүхэд байдаггүй.

-Таны шийдвэрлэсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн талаар их яригдаж байна. Шүүгч хүнээс хэргийн талаар хамаагүй асууж болдог юм болов уу?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж бий. Шүүгчийг шийдсэн хэрэгтэй нь холбогдуулж хэрэг бүртгэж, мөрдөн байцаахыг энэ хуулиар хориглодог. Энэ нь шүүгч ирээдүйдээ итгэлтэй байж айдаст автахгүй, хараат бусаар маргаан шийдэх даатгал юм. 

Харин шийдвэрээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бичиг үсэг тайлагдсан хүн бүр уншаад ойлгохуйц байдлаар үндэслэлээ сайтар бичиж, ил тод байлгах учиртай. Уг нь хэргийн шийдвэрийн талаар асуухаас илүү түүний үндэслэлийг тойрч ярьдаг бол шударга ёс илүү тодорно гэж боддог.

-Гэхдээ та ярилцлага өгөхийг зөвшөөрсөн шүү дээ.

-Миний оролцоотой шийдвэрлэсэн хэргийн талаар гомдсон талууд өмнө нь янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Би үүнд огт эмзэглэдэггүй. Учир нь ардчилсан нийгэмд албан тушаалтныг хардах эрх иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, хэнд ч байх ёстой гэж боддог. 

Шүүгч, прокурор гээд хуульч нар иймэрхүү “гал авахад” сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн хүмүүс. Нөгөө талаас би жилдээ 300-400 орчим хэрэг шийдвэрлэхэд оролцдог. Ингээд бодвол шүүгчээр томилогдсоноос хойш 3000 орчим хэрэг шийдвэрлэсэн, үүний цаадах гомдсон талыг тоолж барахгүй. Өөртэйгөө зөрчилдөн, хуулийн дагуу алхаа цохих үе ч зөндөө тохиолдоно. 

Гомдсон, хардсан үг болгонд хэвлэлийн бага хурал, ярилцлага, мэдэгдлээр хариу өгөөд явбал хэзээ үндсэн ажлаа хийх вэ? Ярилцахыг зөвшөөрсөн учир нь намайг хүнд гэмт хэрэгт холбож мэдэгдэл гаргасантай холбоотой. Ингэхдээ Монгол Улсын сайд болон УИХ-ын нэр бүхий гишүүд энэ мэдэгдлийг хийсэн тул тайлбар өгөх нь зөв гэж бодсон. Завсар зайгүй нүдэх бөмбөрийн нүргээн дунд лимбэ сонсогддоггүй гэдэг. Чөлөө олдсон тул тайлбараа өгсөн нь зүйтэй гэж бодлоо.

-Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан учир ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гээд байгаа л даа.

-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг хязгаарлах зорилготой Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай гэсэн урт нэртэй хууль бий. Уг хуульд ямар шийдвэр гаргахад оролцож болохгүй талаар зохицуулсан, ингэхдээ өмнө нь ямар нэгэн байгууллагад ажиллаж байсан бол хоёр жилийн хугацаанд тухайн байгууллагатай холбоотой шийдвэр гаргахыг хориглосон.

Миний хувьд 2009-2011 онд Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан учир энэ заалтыг зөрчөөгүй. Шүүх хурлын үеэр ч энэ талаар хэлж, хариуцагч байгууллагуудаас асуухад татгалзахгүй гэсэн байдаг. Бас нэг зүйлийг хэлэхэд, хэрэгт Худалдаа хөгжлийн банкийг огт хамаараагүй. Харин “Монголын зэс корпорац” гэдэг компани байсан, би үүнтэй огт холбоогүй учир бас зориуд цохож асууж байсан.

-Ер нь ямар шийдвэр гарчихсан юм бэ?

-Нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд, бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн өмчлөлийн асуудлыг огт шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, төр өмчлөх үү, үгүй юү гэдэг маргаан огт биш. Харин УИХ-аас гарсан 23 дугаартай тогтоол бий. Энэ тогтоолд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, ингэхдээ хамгийн гол нь хувийн хэвшилтэй хэлцэл хийх замаар шийдвэрлэхийг даалгасан. 

Хэлцэл гэдгийг Иргэний хуульд тодорхойлсон бөгөөд хуулийн сургуулийн наад захын оюутан энэ бол тохиролцоо хийх замаар шийдэгдэх юм байна гэж ойлгоно. Гэтэл Засгийн газар тогтоол гаргахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд шууд бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаад, үүнтэй холбоотой ТУЗ-ийг мөн төрийг төлөөлөн байгуулах үүрэг өгсөн.

-Тэгэхээр бүртгэлтэй холбоотой маргаан юм байна шүү дээ.

-Тийм. Шүүхийн энэ шийдвэрийг УИХ-ын гишүүд уншаагүй юм шиг байна лээ. Улсын их хурлын тогтоолыг Үндсэн хуулийн цэц хянасан байдаг. Энэ дүгнэлтэд хэлцэл хийх замаар хэрэгжүүлэхийг мөн дурдсан байгаа. УИХ, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүч түрэх байдлаар зөрчсөн байхад Засгийн газрын дээрх тогтоолыг зөв гэж дүгнэх боломжгүй.

Улсын дээд шүүх жишиг тогтоодог. Хэрвээ дээрх алхмыг зөв гэж шийдвэл хожим нь адил шийдэх учиртай. Хэрвээ нэг өглөө сэрэхэд таны нэр дээр байсан хөрөнгийн бүртгэлийг зөвшөөрөлгүй өөрчилж, эздийг нь томилоод, шүүх үүнийг Үндсэн хуульд нийцэж байна гээд шийдээд байвал хүний эрх талаасаа юу болох вэ? Зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэдэг зарчим бол социалист нийгэмд үйлчилж байсан. 

Зөв зорилгод, мөн зөв аргаар хүрэх ёстой гэсэн зарчим одоогийн хуулийн ертөнцөд үйлчилдэг гэж би хардаг. Уг нь УИХ-ын гишүүд өөрсдийнх нь баталсан тогтоолыг зөрчсөн Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож байхад харин ч шүүхэд талархмаар юм.

-Таныг ганцаараа энэ шийдвэрийг гаргасан мэтээр ярих юм.

-Би хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцсон болохоос ганцаараа шийдвэрлээгүй гэдгийг зориуд хэлье. Бас нэг зүйл нэмж хэлэхэд, би Танхимын тэргүүний хувьд оролцсон учир хурал даргалдаг, хурал даргалж байгаа хүн хамгийн сүүлд зөвлөлдөх тасалгаанд саналаа хэлэх л хуультай. Зарим хэрэгт миний саналыг сонсохгүйгээр шийдвэрлэдэг. 

Тиймээс намайг удирдаж, ийм шийдвэр гаргуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь худлаа. Бас намайг Худалдаа хөгжлийн банкны хуульч гэж мэдэгдээд байгаа нь ор үндэслэлгүй. Тэр банкнаас гараад удаж байна. Надад энэ банканд эзэмшдэг хувь байхгүй, зээл байхгүй, хамаатан садан ч байхгүй.

-Ер нь процесс яаж явсан юм бол.

-Дээр хэлсэнчлэн энэ бол өмчийн маргаан биш, харин бүртгэлтэй холбоотой маргаан байсан. Энэ маргааныг задлаад үзвэл, иргэн, захиргааны журмаар явж, гурван шатны есөн удаагийн шүүх хурал болж, тухай бүртээ шийдвэр гаргасан байдаг. Энэ бүх шүүх хуралд гурван шатны 27 орчим шүүгч оролцсон бөгөөд бүх шийдвэр нь агуулгаараа “Монголын зэс корпорац” компанийн талд гарсан. 

Мэдээж, үндэслэл нь янз бүр учир өөрчлөлт орсон зүйл байгаа, гэхдээ үндсэн зарчмыг би дээр дурдсан. Тэгэхээр зөвхөн М.Батсуурь удирдаад, хувийн компанид үйлчилсэн зүйл огт байхгүй. Бас гурван шатны шүүх хуралд бүгдэд нь намайг оролцсон гэсэн байна лээ. Уг нь Л.Оюун-Эрдэнэ сайд хуулийн сургууль төгссөн, надаар хичээл заалгаж байсан. 

“Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг үг сайдад лав тохирохгүй юм байна. Хуулийн сургууль төгссөн хүн ийм юм яриад явахаар хэлэх үг ч олдохгүй юм. Нэг шүүгч анхан шатны шүүх дээр шийдвэр гаргахад оролцсон бол тэрийгээ давж заалдах, хяналтын шатанд өөрөө хянадаггүй гэдгийг жирийн иргэн ч гадарлана. 

Тийм зүйл хийсэн бол би шууд ёс зүйн хариуцлага хүлээе. Шат бүрт өөр шүүгч оролцож, хэргийг шийдвэрлэдэг. Шүүгч бол тангараг өргөсөн, бие даасан хүмүүс байдаг. Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүний хэн ч байсан Үндсэн хуульд тангараг өргөсөн бол дээрх шийдвэрийг гаргах байсан гэж бодож байна.

-Төрийн мөнгөөр авсан, мөнгө угаасан гэж тайлбарлаад байгаа шүү дээ.

-“Монголын зэс корпорац” компанийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэрэгт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахдаа хэний мөнгөөр, ямар компаниуд оролцсон талаар ямар ч баримт байхгүй. Дахин дахин хэлэхэд энэ бол бүртгэлийн л маргаан. Бүртгэлийн маргаанд бүртгэл үнэн зөв явагдсан, эсэх нь чухал. 

Харин тэр босгосон, эсхүл зээлсэн мөнгө нь хэнийх байсан бэ гэдэг нь өмчлөлийн маргаан учир иргэний журмаар, хэрвээ мөнгө угаасан гэвэл эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой. Нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Захиргааны шүүх Засгийн газрын тогтоолын зарим заалтыг хүчингүй болгохдоо дахиж ийм шийдвэр гаргаж болохгүй гэж огт хэлээгүй. 

УИХ-ын 23 дугаар тогтоолд нийцүүлээд дахин шийдвэр гаргах эрх бий. Хэрвээ төрийн мөнгөөр авсан гэвэл энэ тогтоолдоо өөрчлөлт хийх эрх УИХ-д байгаа. Яагаад энэ алхмаа хийхгүй, бүртгэлийн маргааныг өмч шийдвэрлэсэн болгож тайлбарлаад, шүүх тойрсон хэрүүл үүсгээд байгаа нь хачирхалтай. 

Шүүгч бусдад таалагдах гэж биш, зөв гэж үзсэн шийдвэр гаргадгаараа зарим улстөрчөөс ялгаатай. Хэнд ч таалагдахгүй шийдвэр гаргах үе ч байдаг. Шүүхэд сэтгэл дурдуур үлдсэн хэн бүхэн ийм арга замаар эсэргүүцэл, тэмцэлд уриалаад байвал юу болох бол.

-Эцгийн тань компаниар 70 сая доллар орсон, гарсан, тэр компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад оролцсон гэсэн яриа байна.

-Үнэнийг хэлэхэд, энэ талаар мэдэгдэл, нэвтрүүлэг зэргээс мэдсэн учир зориуд тодруулсан. Миний аав тус компанид 2011-2015 онд гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад ажлаа өгсөн. Ажиллаж байхад нь 70 сая долларын гүйлгээ огт хийгдээгүй. 

Л.Оюун-Эрдэнэ сайд эхний мэдэгдэлдээ хэлсэн боловч дараа дараагийн мэдэгдэлдээ хувь эзэмшдэг гээд бүр хадуураад явсан. Энэ тухай ааваас асуухад огт мэдэхгүй байсан. АТГ-т ч гэсэн мэдүүлгээ өгсөн. УИХ-ын гишүүдийн хэлж байгаачлан тэр компанийг үүсгэн байгуулаагүй, хувь эзэмшдэггүй, Баатар гэдэг ганц хүний нэр дээр байдаг компани юм билээ. 

Миний аав энэ компанид ажиллаж байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой ямар ч үйл ажиллагаанд оролцож байгаагүй, огт холбоогүй гэдгийг цохон хэлье.

-Ажлаа яагаад өгсөн юм бол.

-Эрүүл мэндийн шалтгаанаар. Миний аав энэ жил 71 нас хүрч байна. 1977 онд “ДЦС-3”-д слесариар ажилд орсноос хойш тус станцын ерөнхий инженер, үйлдвэрийн дарга, Эрчим хүч, хүнд үйлдвэрийн дэд сайд болтлоо дэвшиж ажилласан. Мэдэгдэл хийгээд байгаа зарим хүн шиг даргын цүнх барьж гүйгээд сайд болоогүй. 

1996 оны сонгуулийн дараа ажлаа өгөөд бизнест хөл тавьсан. Түүнээс хойш 2015 он хүртэл ажилласан, одоо гэр зуураа байгаа. Сая битүүний өдөр хагалгаанд ороод тэнхэрч ядаж байхад нь УИХ-ын гишүүд удаа дараа худал мэдэгдэл хийгээд, АТГ-аас асууж байцаагаад тиймхэн л байгаа. 

Гэхдээ гэмт хэрэг хийсэн биш, удахгүй үнэн нь тодроод л гараад ирнэ. Худал сүржин боловч хоосон, үнэн алгуур боловч жинтэй гэдэг үг байдаг даа.

-Хэрвээ Та энэ асуудалд хамааралгүй юм бол яагаад УИХ-ын нэр бүхий гишүүд дахин дахин мэдэгдэл хийгээд байгаа юм бол.

-Намайг АТГ-т өгнө гэж гурван удаа хурал хийлээ. Одоо өгч байгаа, өгчихлөө гээд хэдэн ч хэвлэлийн бага хурал хийх юм, бүү мэд. Үүнийг хүлээлгүйгээр энэ 70 сая долларын хэрэгт холбоотой эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан буюу намайг Худалдаа хөгжлийн банкны хуульч болгож харагдуулаад байгаа асуудлуудаар АТГ-т би хандаж байгаа.

Ард түмний элч болсон УИХ-ын гишүүд хагас дутуу, худлаа мэдээлэлд суурилж, иргэдээ төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Хуулийн байгууллагад хараат бусаар ажиллах боломжийг олгоосой гэж хүсэж байна. Үүнээс илүүтэй өөр ашиг сонирхол байх вий гэдэгт би санаа зовж байна.

-Тухайлбал, ямар ашиг сонирхол?

-Богино хугацаандаа хуулийн байгууллагуудын удирдлагыг ямар нэгэн зүйлтэй холбон буруутгаж байгаад солиод, өөрсдийн хүнийг байршуулах. Болж байгаа үйл явдлыг хараад байхад ерөнхий прокуророос ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой нэр бүхий гишүүдийн асуудлыг УИХ-д оруулах болгонтой зэрэгцээд хуулийнхныг харлуулах юм яваад байгаа нь тун хачирхалтай.

Мэдэгдэл хийгээд байгаа гишүүд өөрсдөө ЖДҮХС-гийн зээлийн талаар огт дуугарахгүй байгаа нь бас сонин. Над руу чиглэдэг нь ч тохиолдол биш гэж бодож байгаа. ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг эрүүгийн журмаар явж дийлэхгүй байгаа учраас хэсэг хуульч үүнийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан байсныг би дөнгөж мэдсэн. 

Уг нь шүүгчид нөлөөлсөн бол албан тушаалтныг 10 жилийн хугацаанд нийтийн албанд томилохгүй гэсэн хууль үйлчилж байсан. Харамсалтай нь, Зөрчлийн хуульд оруулах нэрийн дор алга болгосон. Одоо ч шүүгчид рүү дайрах, нөлөөлөхөд улс төрч нарт асуудалгүй болсон доо.

-Алсдаа ямар ашиг сонирхол байна гэж?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа. Үүнд шүүгч нарыг хугацаатай томилох талаар төсөлд тусгасан байна лээ. Энэ нь Үндсэн хуулийн одоогийн ололтоос ухраад зогсохгүй, НҮБ-ын баталсан “Шүүгчийн хараат бус байдлын зарчим”-ыг зөрчсөн зүйл болно. Дэлхий үүнийг туршаад болохгүй гэдгийг ойлгосон учир НҮБ-ын түвшинд чуулж, батлуулсан нь дамжиггүй. 

Шүүгч хугацаатай томилогдоно гэдэг нь үндсэндээ “даалгавар”-тай томилогдоно гэсэн үг. Хэрвээ даалгавар муу хийвэл дахиж томилогдохгүй. Мөн прокурорыг Ерөнхий сайдын мэдэлд буюу гүйцэтгэх эрх мэдэлд харьяалуулах санал оруулсан нь тун буруу гэж бодож байна. Манай Үндсэн хуулиар Ерөнхийлөгч намаас биш, бүх ард түмнээс сонгогдож, бүрэн эрхийн хугацаанд намын харьяаллаа түдгэлзүүлж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг өөрөө хэрэгжүүлдэггүй учир шүүгч, прокурорыг томилох онцгой бүрэн эрхийг олгосон гэж харж байгаа. 

Энэ нь ч зөв гэдгээ харуулж байна. Монгол Улсын Төрийн тэргүүн шүүгч, прокурорыг дуудаж даалгавар өгсөн гэж би лав сонсоогүй, надад ч тийм үүрэг даалгавар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч өгч байгаагүй. Тиймээс Ерөнхийлөгчид байгаа энэ эрхийг Ерөнхий сайд буюу угтаа ялсан намын даргад өгөх нь том ухралт. Дээрх өөрчлөлтийг хийхийн тулд шүүх эрх мэдлийг харлуулж байх вий гэж санаа зовж байна.

-Хэвлэлээр шүүгч нарын талаар янз бүрийн зүйлс л явах юм.

-Шүүх бол ардчилсан нийгмийн хамгийн сүүлчийн цайз. Энд худалд туйлдсан хүн үнэнийг эрж ханддаг. Энэ цайз ард түмний итгэл дээр л зогсож байдаг. Энэ итгэлийг эргүүлбэл шүүхийг нурааж, өөрийнхөөрөө шүүхийг байгуулахад л амархан болгоно. Хэрвээ хуульч хүн, тэр дундаа шүүгч гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан бол хуулийн хариуцлага зайлшгүй хүлээх ёстой. 

Тэр нэр дурдагдаад байгаа шүүгч нар өөрсдийн асуудлаар АТГ-т тайлбар, мэдүүлгээ өгөөд явж байгаа гэж сонссон. Мэдээж хүн л болсон хойно шүүгч, прокурорт алдаа байхыг үгүйсгэхгүй. Түүнээс санаатайгаар муу зүйл хийгээд явдаггүй байх. Үүнийг засах, сайжруулахын тулд УИХ, Засгийн газартай хамтрахад үргэлж бэлэн. Үйлийн үр гэж юм бий. 

Зөв, буруу хэзээ нэгэн цагт тунгаагдана. Шүүгч нар гэмтэй бол үүнийгээ ч мөн л үүрнэ. Эцсийн эцэст бид шүүгч байна уу, УИХ, Засгийн газрын гишүүн байна уу, ялгаагүй, Эрлэг Номун хааны өмнө тэгш эрхтэй л нүглээ шүүлгэнэ шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)