Улсын гарьд Н.Ганбаатараас сэргээш илэрчээ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан, улсын гарьд Н.Ганбаатараас сэргээш илэрчээ. Нэгэнт хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул түүний барилдах эрхийг хасан, цолыг хураах, эсэх нь олон хүний анхаарал татаж байгаа нь мэдээж. Үүний зэрэгцээ өнөө жил улсын наадмын тавын даваанд Н.Ганбаатарт өвдөг шороодсон Баянхонгор аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол нөхөн олгох асуудал сөхөгдөнө.

МҮБХ-ны дүрмийн дагуу Б.Эрдэнэхүү улсын цолтны гэр бүлд багтах учиртай. Энэ талаар МҮБХ-ныхноос асуусан ч хариулт өгөхөөс татгалзав. Хэдийгээр сэргээш илэрсэн нь төдийлөн олны сонорт хүрээгүй ч Н.Ганбаатар гарьд цахим хуудсандаа “Би 2018 оноос хойш улсын наадамд есөн удаа шөвгөрч, тухай бүрт нь WA­DA-гийн шинжилгээнд хамрагдсан. 2008 онд зүүн өвдөг бэртэн, дараа жил нь дахин сэдэрсэн. Эмчилгээ эрчимтэй хийлгэн, илааршуулсан ч өнгөрсөн жил Төрийн наадамд улсын начин Т.Амарзаяатай хүч сориход өвдөгний бэртэл дахин сэдэрч, хүнд байдалд орсон юм. Үүний улмаас ганц ч барилдаанд зодоглож чадахгүй, өнжсөөр энэ онд улсын наадамд өрсөлдсөн. Би допингийн төрлийн бодис огт хэрэглэж байгаагүй, хөлний бэртэлдээ уусан эм, тарианаас л илэрсэн бололтой.

Бие томтой, жин ихтэй болохоор янз бүрийн эм уух шаардлага надад байхгүй. Би одоо 36 настай. Өндөр амжилт гаргаж чадахааргүй ахмад тамирчдын тоонд багтах болсон. Цолоо ахиулах, улсын наадамд түрүүлэхийн төлөө хориотой, элдэв зүйл хэрэглэх шаардлагагүй. Надад урам өгч дэмждэг монгол түмэндээ баярлалаа” гэжээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)