Улсын баатар С.Дампилын алтан таван хошууг дуудлагаар худалдах нь

Улсын баатар Сангийн Дампилын алтан таван хошууг 49.000 ам.доллароор зарах тухай мэдээлэл ОХУ-ын дуудлага худалдааны http://www.collectrus­sia.com цахим хуудсанд мэдээлжээ. 1945 оны чөлөөлөх дайны үеэр эх орныхоо өмнө онцгой гавьяа байгуулсан, хөнгөн пулемётын наводчик Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, С.Дампилд 1945 оны есдүгээр сарын 26-нд БНМАУ-ын баатар цол олгож, дөрөв дугаартай алтан таван хошуу шагнаж байсан түүхтэй. С.Дампил баатар дайны дараа хүний их эмчийн мэргэжил эзэмшиж, Цэргийн госпиталд хошууч цолтой ажиллаж байсан бөгөөд 1991 онд таалал төгссөнийх нь дараа Монгол цэргийн музейд түүний эдэлж хэрэглэж байсан зүйл, баатрын цол тэмдгийн үнэмлэх зэргийг хадгалах болсон гэдэг.

1990-ээд оны дунд, сүүл үед тэнд ажилд орсон залуухан эрдэм шинжилгээний ажилтан тус музейд байсан нэгэн баатрын алтан таван хошууг авч явж байгаад бусдад залилуулан алдсан гэнэ. Энэ хэргийн хоморгонд Монгол цэргийн музейн захирлаар тухайн үед ажиллаж байсан Б өртөж, асар их хэмжээний төлбөрт унаж байсан гэдэг. Тухайн үед уг алтан таван хошууг дээрэмдэж, залилсан хүмүүс нэлээд өндөр үнээр дамжуулан зарж, эцэстээ хил давсныг нь оросууд дуудлагаар худалдахаар нийтэд зарлажээ. Улсын баатар цолыг анх 1936 онд бий болгож, эхний загвараар нь найман хүн шагнасан бол 1945 онд хийлгэсэн загварыг нь С.Дампил, Л.Аюуш, Д.Данзанваанчиг тэргүүтэй нийт 60-аад хүнд олгосон байдаг аж.

1945 онд шинэчлэн баталсан загварыг нь дээрх цахим хуудсанд “23 каратын алт, очир эрдэнийн шигтгээтэй, зүүлт бүхий дээд хэсгийг нь цэвэр мөнгийг алтаар шарсан, 34.7 мм өндөр, 31.5 мм өргөн, зүүлт, их бие нийлээд 42.1 грамм жинтэй, нэг бүр нь 0.25 каратын таван шигтгээтэй” хэмээн бичжээ.

Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй байдлын төлөө тэмцэж явсан баатруудын маань нэг С.Дампилын алтан таван хошууг хилээр гарсан байдлыг нь тогтоож, хууль бусаар гаргасан, дээр өгүүлсэн Монгол цэргийн музейгээс алдсан нь тодорхой болбол бид эх орондоо авах талаар хөөцөлдөх учиртай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)