Улсын арслан цолтой бөхчүүдийн онцгой амжилтууд

Үндэсний бөхийн эрхэм цолын нэг нь яах аргагүй улсын арслан. Ардын хувьсгалаас хойших он жилүүдэд эл цолыг 16 аймгийн 74 бөх хүртээд байна. Тэдний 40 нь Төрийн наадамд түрүүлж, 20 нь үзүүрлэн, 13 нь их шөвөгт шалгаран, нэг нь спартакиадад босоо байсан амжилтаар улсын арслан болжээ. Эдгээр бөхөөс 21 нь амжилтаа ахиулан, аварга цол хүртсэн юм. Улсын арслан цолтой бөхчүүдийн онцгой амжилтуудыг уншигчдадаа сонирхуулъя.

С.САМДАНЖИГМЭД 41 НАСАНДАА ТҮРҮҮ БУЛААЛДСАН

Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, “Дэрэн бор” хэмээх С.Самданжигмэд 1956 оны улсын наадамд 41 насандаа үзүүрлэжээ. Улсын наадамд 12 удаа шөвгөрсөн тэрбээр үзүүр, түрүүнд дархан аварга Д.Дамдинд өвдөг шороодсон юм. Түүний амжилтыг Төв аймгийн Баянзүрх сумын харьяат Ө.Эрдэнэ-Очир 40, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат С.Лүндаажанцан 41 насандаа үзүүрлэснээр удаалдаг. Харин улсын арслан цолыг хамгийн залуудаа буюу 22 насандаа хүртсэн бөх бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд билээ. Мөн 26 насандаа эл цолыг авсан дөрвөн бөх байдаг нь Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Урт гарт” хэмээх М.Лхагва, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Ж.Чойжилсүрэн, Төв аймгийн Баянбараат сумын харьяат Л.Сосорбарам, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар нар юм.

АЙМГИЙН ЦОЛОО ШУУД УЛСЫНХ БОЛГОСОН БӨХЧҮҮД

Төрийн наадамд аймгийн цолтой барилдаад шууд улсын арслан болсон хоёр бөх бий. Тэд бол Төв аймгийн Баянбараат сумын харьяат С.Оргодол, Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс нар юм. С.Оргодол 1958 оны наадамд аймгийн заан, П.Бүрэнтөгс 2012 оныход аймгийн арслан цолтой барилдан, түрүүлсэн билээ.

П.ДАГВАСҮРЭН ХАМГИЙН ОЛОН ШӨВГӨРЧЭЭ

Улсын арслан цолтнуудаас Төрийн наадамд хамгийн олон шөвгөрсөн бөх бол Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат П.Дагвасүрэн. Улсын аварга цолны хаалгыг гурван удаа тогшсон амжилтаар бусдыгаа тэргүүлдэг тэрбээр 17 шөвгөрчээ. Улсын наадамд 17 насандаа зодоглож, хоёр жилийн дараа начин болсон П.Дагвасүрэн 1967 онд заан, 1971 онд арслан цол хүртэн, 1973, 1976, 1977 онд үзүүрлэсэн юм. Мөн тэрбээр улсын наадамд 42 жил зодоглосон амжилтаар ижил цолтнуудаа тэргүүлдэг.

УЛСЫН НААДАМД АНХ ЗОДОГЛООД ҮЗҮҮРЛЭСЭН ХҮЧТЭНҮҮД

Төрийн наадамд анх барилдсан жилээ түрүү булаалдана гэдэг том амжилт. Эл амжилтыг Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Д.Далантай (1922), Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Шагж (1927), Завхан аймгийн Идэр сумын харьяат М.Лхагва (1931), Архангай аймгийн Хайрхан сумын харьяат “Аат” хэмээх Д.Лувсанжамц (1937) нар гаргажээ. Тэгэхэд Д.Далантай улсын арслан, бусад нь заан цол хүртсэн юм. Улмаар М.Лхагва нэг, С.Шагж хоёр, Д.Лувсанжамц зургаан жилийн дараа наадамд түрүүлж, улсын арслан болжээ.

ТӨРИЙН НААДАМД АНХ БАРИЛДААД ТҮРҮҮЛЭГСЭД

Улсын наадамд анх барилдаад л түрүүлж, арслан цол хүртэн түмэн олноо баясгасан гурван бөх бий. Тэд бол Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, “Босоо” хэмээх С.Шагдар (1924), Булган аймгийн Хангал сумын харьяат, “Хурандаа” хэмээх М.Бэх-Очир (1931), Төв аймгийн Баянбараат сумын харьяат С.Оргодол (1955) нар юм. С.Шагдар, М.Бэх-Очир нар улсын наадамд дахин барилдаагүй бол С.Оргодол 1956, 1957 онд зургаа давжээ.

АРСЛАН ЦОЛЫГ АЛГАССАН ДӨРӨВ

Улсын арслан бол аварга цолны өмнөх гишгүүр. Тэгш ойн жил түрүүлсэн амжилтаар үүнийг шууд алгасаад үндэсний бөхийн оргил цолд хүрсэн дөрвөн хүчтэн бий. Булган аймгийн Сайхан сумын харьяат С.Цэрэн 1941, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Д.Сумъяабазар 2006, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат 2011, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба 2016 онд түрүүлж, шууд аварга болжээ. Тэднээс С.Цэрэн 1971 онд улсын наадамд үзүүрлэн, даян чимэг хүртсэн юм.

СОДОН АМЖИЛТЫН ЭЗЭН

Улсын наадамд түрүүлэх зорилгодоо хүрч чадаагүй ч өөр барилдаанд манлайлснаар эл цолны эзэн болсон ганцхан хүчтэн бий. Тэр бол Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Ж.Чойжилсүрэн юм. ХААИС-иар овоглон барилддаг байсан тэрбээр 1961 оны Монголын бүх ард түмний спартакиадад 25 давж, улсын арслан болжээ. Улсын наадамд хоёр удаа үзүүрлэсэн (1958, 1962 онд) тэрбээр 10 удаа шөвгөрчээ. Үүний сацуу спартакиадаар улсын том цол хүртэн, түүнийгээ ахиулаад арслан болсон бөх олон бий. Төв аймгийн Баянбараат сумын харьяат Л.Сосорбарам, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Г.Дэмүүл, Төв аймгийн Баянзүрх сумын харьяат Ө.Эрдэнэ-Очир нар спартакиадаар улсын заан болж, хожим түүнийгээ ахиулжээ.

ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРААД УЛСЫН АРСЛАН БОЛОГСОД

Улсын наадамд таван удаа үзүүрлээд ч аварга цол хүртээгүй хүчтэн бий. Тэгвэл Төрийн наадамд шөвгийн дөрөвт шалгарсан амжилтаар 13 бөх улсын арслан болжээ. Тэд бол Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Б.Яндаа (1926), Архангай аймгийн Ихтамир сумын харьяат С.Лүндаажанцан (1929), Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат Г.Намжимваанчиг (1936), Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат С.Самданжигмэд (1946), Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Д.Самбуу (1946), Булган аймгийн Сайхан сумын харьяат Б.Жамъяндорж (1961), Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Ч.Бээжин (1961), Төв аймгийн Баянбараат сумын харьяат Л.Сосорбарам (1963), Увс аймгийн Хяргас сумын харьяат Х.Баянмөнх (1966), Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат П.Дагвасүрэн (1971), Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Ж.Хайдав, Төв аймгийн Баянзүрх сумын харьяат Ө.Эрдэнэ-Очир (1976), Увс аймгийн Давст сумын харьяат М.Мөнгөн нар юм. Эдгээр хүчтэнээс Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх дархан аварга, Ч.Бээжин улсын аварга болсон.

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН БАРААН ШУУРГАНД ӨРТӨГСӨД

Хэлмэгдүүлэлтийн бараан шуурга бөхчүүдийг ч тойроогүй. Улсын наадамд анх барилдсан жилээ түрүүлэн, улсын арслан болсон С.Шагдар, М.Бэх-Очир болон Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Д.Далантай нар хэлмэгдүүлэлтэд өртөн, амиа алдсан байдаг. Мөн Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Ш.Гилэг, “Урт гарт” хэмээх М.Лхагва нар амжилт гаргах ид үедээ улсын наадамд барилдаж чадаагүй. М.Лхагва арслан л гэхэд улсын наадамд хоёр дахиа үзүүрлэсэн жилээ буюу 1939 онд шоронд орон, таван жилийн дараа суллагдсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)