Улсын аварга цолыг П.Дагвасүрэн хамгийн олон “тогшжээ”

Улсын аварга цол хүртэнэ гэдэг хүчтэн бүхэнд тохиохгүй хувь заяа. Төрийн наадамд түрүүлж, олон удаа үзүүрлэсэн ч эл цолны босгыг давж чадаагүй бөх олон. Тэднээс улсын аварга цолонд хамгийн олон удаа дөхсөн хүчтэн бол Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, улсын арслан П.Дагвасүрэн. 

Тэрбээр 1973 онд улсын наадамд шөвгийн дөрөвт үлдэн, улсын арслан болж, 1973, 1976, 1977 онд үзүүр, түрүүнд шалгарсан ч Дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга Д.Хадбаатар нарт өвдөг шороодон, улсын арслан цолны босгонд бүдэрчээ. Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан М.Мөнгөн, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар аварга цолонд хоёр удаа дөхөж очсон амжилтаар түүнийг удаалдаг.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй олон жил түрүү, үзүүр булаалдан, наадамчин олноо баясгасан Д.Мөнх-Эрдэнэ улсын наадамд таван удаа үзүүрлэсэн билээ. 1992 онд анх үзүүрлэхдээ улсын заан, 1995 онд гурав дахиа түрүү булаалдахдаа арслан болсон. 

Улмаар эл амжилтаа 1996, 1997 онд давтахдаа Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодон, аварга цол хүртэж чадаагүй. Төрийн наадамд 14 удаа шөвгөрсөн М.Мөнгөн 1981 онд шөвгийн дөрөвт үлдэн, улсын арслан цол хүртсэн. Улмаар 1982 онд Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнхтэй, 1984 онд Дархан аварга Х.Цэрэнтогтохтой барилдаж үзүүрлэн, аварга цолны “сэнжиг”-нээс атгаад алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)