Улсын аварга малчин өрх, фермер, саальчин шалгаруулах журмыг шинэчлэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛНА

Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргав. Хэлэлцээр нь есөн зүйлтэй бөгөөд хоёр орны нэгдэн орсон терроризмтой тэмцэх тухай олон улсын гэрээ, хэлэлцээрийн зорилго, зарчим, үзэл санаа, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблейн баталсан тогтоол шийдвэрийг удирдлага болгосон байна. Энэ хүрээнд хоёр улсын эрх ашиг хөндөгдсөн, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй аливаа террорист ажиллагаа, сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээлэл солилцох, терроризмоос урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, олон улсын томоохон арга хэмжээ, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээний хамгаалалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох тохиролцоонд хүрэх юм.

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООВ

2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталлаа. Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу тус тусын аймаг, орон нутагт зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн бүрт эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх, тэдэнд цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдийг дүйцүүлэх алба хаалгах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Дүйцүүлэх албанд хамрагдсан иргэд орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцохоос гадна байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг нийтэд сахиулж ажиллахад дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэг хүлээн оролцох юм. Мөн орон нутагт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, сум орноо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

ЗАРИМ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА

Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүрэгт 10 га, лаг боловсруулах, булшлах зориулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэх Төв цэвэрлэх байгууламж, “ДЦС-4”-ийн үнсэн сангийн орчимд 22 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хэмжээ, хил хязгаарын эргэлтийн цэгүүдийн солбилцлыг батлав. Тусгай хэрэгцээний газрын мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгалаа.

Тус газруудын хилийн заагаас гадагш нэг километрийн дотор аюулгүйн бүс тогтоож, тухайн бүсэд хүн ам суурьшах, мал аж ахуй, тариалан, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэх, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний аливаа үйл ажиллагаа явуулах, барилга байгууламж барих, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлж ашиглуулахгүй байхыг нийслэлийн удирдлагад чиглэл болгожээ.

УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ, ФЕРМЕР, СААЛЬЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭВ

Улсын аварга, хошой аварга малчин өрх, улсын аварга фермер, улсын аварга саальчин шалгаруулах журмыг шинэчлэн батлав. Шалгарсан улсын аваргуудыг шагнахад шаардлагатай хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхээр болгожээ.

Улсын аварга, хошой аварга малчин өрх, фермер, саальчдыг шалгаруулах журмыг өөрчлөхдөө малын тоо толгойг хэт өсгөхөөс илүү малын үржил, селекцийг мэргэжлийн удирдлага доор, шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, малын чанараа сайжруулан, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, малын төрөл, сүргийн зохистой бүтэц бий болгох, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт малаа хамруулж, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зэрэг шаардлага тавьж, эдгээрийг харгалзан орон нутаг бүрт шалгаруулалтаа явуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгон, журамласан байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн сүүлийн жилүүдэд бэлчээр талхлагдаж, доройтсоор байна. Монгол Улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн байх жилээр тооцвол 84.6 сая хонин толгой малын багтаамжтай бөгөөд гантай жилд бэлчээрийн даац 30 хүртэл хувиар буурдаг байна. Өнгөрсөн жилийн эцэст тоологдсон 66.5 сая толгой малыг хонин толгойд шилжүүлэхэд 111 сая болж буй юм.

ИРЭХ МЯГМАР ГАРАГТ БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан ирэх сарын 3-ны мягмар гаргийг бүх нийтээр амрах өдөр болгов. Тухайн ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Бэлтгэсэн: А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)