Улстөрчийн гэр бүлийн хүн шантаажлуулж алдсан хохирлоо нэхэмжилжээ


- 85 сая төгрөгөөр тусал, үгүй бол бичлэгийг чинь илгээнэ –

Техник, технологи хөгжихийн хэрээр нэгнийхээ элдэв авир, ёс зүйгүй үйлдэл, хэрүүл, тэмцлийг мөнгө олох хэрэгсэл болгон хардаг хүн олон болов. Ялангуяа улстөрч, улс төрд нөлөө бүхий хүмүүс, тэдний хамаарал бүхий иргэдийн ярианы болон дүрстэй янз бүрийн бүрийн бичлэгийг нийтэд дэлгэж, эсвэл дэлгэхээр сүрдүүлэн мөнгө нэхэх явдал цөөнгүй гарч байгаа. “60 тэрбум”-ын схемээс гадна улстөрчдийн ёс зүйгүй авирлаж бичсэн хэд хэдэн дүрс бичлэгийг олон нийтэд сонгуулийн үеэр цацах гэж байна хэмээн 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр яригдаж байсан. Түүнээс нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэж, тамхи татаж буй бичлэгийг Х.Бат-Ялалт тэргүүтэн нийтэд дэлгэснээс өөр бичлэг одоохондоо олон нийтэд хүрээгүй л байна. Л.Эрдэнэчимэг ёс зүйгүй үйлдэл гаргасандаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж уучлалт гуйсан бол уг бичлэгийг нь дэлгэнэ хэмээн сүрдүүлж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдуулан Х.Бат-Ялалтыг хэд хоногийн өмнө цагдан хориод буй билээ.

Түүнээс хойш МАН-ын, Улаанбаатар хотыг удирдах эрх бүхий албан тушаалтнуудын бичлэгийг цацах гэж байгаа тухай яриа олны дунд тархсан ч тухайн хүмүүс нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс болсон уу, эсвэл үнэхээр тийм бичлэг байгаагүй юм уу, нийтэд дэлгэсэн нь үгүй. Өдгөө УИХ-ын 2020 оны сонгууль ойртож байгаатай холбоотойгоор МАН-ын өөр нэг эрх бүхий албан тушаалтны, Сэлэнгэ аймагт амралтын газарт элдэвлэж буй бичлэгийг санал хураалт дөхөх үед сөрөг хүчнийхэн цацахаар бэлтгэсэн тухай яриа гарах боллоо. Олон нийтэд цацах, эсэхийг цаг хугацаа харуулах биз.

Гэхдээ олон нийтэд ил болоогүй, улстөрчийн хамаарал бүхий хүний гэр бүлээс гадуурх харилцааны бичлэгийг хийж, түүгээрээ шантаажлан мөнгө нэхэж буй үйлдэл гарч байгаа юм. Удахгүй шүүхээр шийдвэрлэхээр болсон энэ хэргийн талаар өгүүлье. Улстөрчийн, түүний хамаарал бүхий хүний нэр хүндийг хамгаалах үүднээс нас, хүйс, бусад мэдээллийг нууцлан болсон явдлыг товчлон хүргэхийг зорилоо.

20 САЯЫГ АВЧИХААД НЭМЖ МӨНГӨ ӨГӨХИЙГ ШААРДАВ

Энэ явдал хэдхэн сарын өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн нутагт болжээ. Улстөрчийн хамаарал бүхий хүн фэйсбүүкийнхээ чатаар хэн нэгэнтэй танилцсан аж. Улмаар утасны дугаар, фэйсбүүк хаягаа солилцон мессеж бичиж байгаад уулзахаар болсон байна. Ингээд нэгнийхээ урьсан газарт нь очсон гэнэ. Өөрөөр хэлбэл, улстөрчийн хамаарал бүхий хүнд нэг газар “хүрээд ирээч” гэсэн зурвас илгээжээ. Үүнийх нь дагуу хаягаар нь явж очтол урьдаас бэлтгэн хүлээж байсан бололтой, шил нанчид задалж дуустал нь хүртэв. Хоёулаа ууж халамцаад, улстөрчийн хамаарал бүхий хүн ариун цэврийн өрөө орохоор босох хооронд уригч этгээд гар утасныхаа дүрс бичлэг хийх горимыг нь идэвхжүүлж, орчин тойрноо сайн харагдах газарт байрлуулсан аж. Зоригоо чангалцгаасан тэд ариун цэврийн өрөөнөөс гарч ирснийхээ дараа хамт нэг оронд хэвтэн бэлгийн харьцаанд оржээ. Төд удалгүй уригч этгээд “Манай гэрийнхэн ирлээ, чи одоо явсан нь дээр” гэснээр уригдсан иргэн гарч явсан байна. Гэрээс нь холгүй газарт урьсан учраас харихаар алхаж явтал фэйсбүүкийнх нь чатаар зурвас ирэв. Үзтэл тэдний бэлгийн ажил хийж буй бичлэг байжээ. Улмаар араас нь “Чи надад 85 сая төгрөгийн туслалцаа үзүүл. Эс тэгвэл гэр бүлийн чинь хүнд илгээнэ” гэсэн аж.

Маргааш нь иргэн Б харилцагч, мөнгө нэхээд буй Б-дээ туслахаар шийдэн ах, дүү нараасаа асууж сураглаж байгаад 20 сая төгрөг шилжүүлсэн гэнэ.

Энэ тухай хохирогч Б-гийн дүү нь “Хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг маань хийгээд чатаар над руу явуулж мөнгө нэхээд байна. Мөнгө өгөх хэрэгтэй боллоо гээд ХААН банкны данс руу нь 20 сая төгрөг шилжүүлсэн. Гэвч түүнээс хойш нэмж мөнгө нэхээд байхаар нь цагдаад хандах талаар зөвлөгөө өгсөн” гэж мэдүүлжээ. Үүнийх нь дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн холбогдогч Б-г шалгасан байна.

“ДЭЛХИЙ БӨӨРӨНХИЙ, МОНГОЛ ЖИЖИГХЭН ШҮҮ”

Холбогдогч Б 20 сая төгрөг нэхэж аваад тогтсонгүй. Нэмж 65 сая төгрөг олж өгөхийг удаа дараа шаардах болжээ. Ингэхдээ “Ээж хүнд өвчтэй, мэс заслын эмчилгээний зардалд 85 сая төгрөг нэмж олох хэрэгтэй байна” гэж эхэлж бичиж байв. Нэхсэн хэмжээнийх нь мөнгийг хохирогч Б нэмж өгөхгүй байсан учраас холбогдогч арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл чатаар мессеж бичин шантаажлах болжээ. Тухайлбал, “Чи надаас зугтаагаад хаана холдох вэ дээ. Дэлхий бөөрөнхий, Монгол жижигхэн шүү” гээд бэлгийн харилцаанд орж буй бичлэгийнхээ зарим хэсгийг зураг болгон хавсаргаж явуулсан байна.

Хохирогч Б цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “Түүнтэй уулзсаны маргаашаас хойш надаас мөнгө нэхэж, шантаажилж, заналхийлж, утсаар удаа дараа залгаж байна. Маш их гомдолтой, 20 сая төгрөгөө нэхэмжилж байна” гэдгээ дурджээ.

Хууль сахиулах байгууллагынхан уг хэргийг шалгаж дуусаад холбогдогч Б-г Эрүүгийн хуулийн 13.5-1 дэх хэсэгт заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон гэнэ. Удахгүй энэ хэргийг шүүх хурал харьяалах шүүхэд нь болж гэм буруутай, эсэхийг нь тогтоох биз ээ. Шүүх холбогдогч Б-г гэм буруутай гэж үзвэл дээрх зүйл ангид заасны дагуу 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялаас аль нэгийг нь сонгон оноох хууль өнөөдөр үйлчилж байна. Түүнчлэн шантаажилж авсан 20 сая төгрөгийг нь гаргуулж, хохирогч Б-д олгох аж.

Энэ мэтээр элдэв бичлэг хийж, гэр бүлээс гадуурх харилцаа, ёс зүйгүй авир, ёс бус үйлдлийг баримтжуулж мөнгө нэхэх явдал цаашид гарах магадлалтай учраас улстөрч, тэдний хамаарал бүхий иргэд, төрийн өндөр албан тушаалд томилогдох хүсэлтэй хүмүүс, ер нь хэн ч гэсэн явдал, мөрөө цэнэж байхыг сануулах үүднээс дээрх хэргийг сөхлөө. Ер нь Эрүүгийн хуулийн 13.5 дахь хэсгийн шантаажлах гэсэн зүйл ангид зааснаар хууль сахиулах байгууллагад гомдол гаргасан улстөрд нөлөө бүхий албан тушаалтнууд цөөнгүй байдаг юм билээ. Тэдний гэр бүлийнхэнд хохирол учруулна хэмээн сүрдүүлж, их, бага хэмжээгээр мөнгө нэхсэн нэг бус хэргийг шүүхээр шийдвэрлэсэн аж.

Бэлтгэсэн: Д.Дайчин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)