Улстөрчдийн эрхшээл дэх АТГ

АТГ (Авлигатай тэмцэх газар)-т дарга тогтдоггүй, хачин, жигтэй байгууллага. Уг газрыг 2007 онд байгуулснаас хойш таван даргын нүүр үзсэн. Тэдний нэг нь ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан удаагүй. Уг нь Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргын алба хаших хугацаа зургаан жил. Жишээ нь, 2019 оны тавдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн хурандаа Х.Энхжаргал хуульд зааснаар 2022 онд албанаасаа буух байв. Улстөрчид Х.Энхжаргалыг “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексээр Монгол Улс хангалтгүй үнэлгээтэй гарсан буюу 37 оноо авсан хэмээн баалж буруутгасан. Улмаар албыг нь өөр хүнд шилжүүлэх гэж улайрсан. Тухайн үед Германд төвтэй дээрх олон улсын байгууллага мэдэгдэл гаргаж “Авлигын индекс нь Монгол Улсын Ерөнхийлөгч авлигын эсрэг үндэсний байгууллагын эрх мэдлийг хасах шалтаг болох учиргүй. АТГ үүргээ хуулийн дагуу биелүүлж буй. Харин улстөрчдийн зүгээс дарамт шахалт үзүүлэх нь их байна” хэмээж байсан.

Хэд хоногийн өмнө “Транспэрэнси интернэшнл” байгууллага 2019 оны авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулав. Монгол Улс 35 оноо авч 180 орноос 106-д жагсжээ. Хамгийн гол нь Монгол Улсад онцмуу дүн тавьсан шалтгаанаа улстөрчид хангалтгүй ажилласантай холбоотой, үүнд АТГ огт хамаагүй гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Засгийн газар, хууль тогтоох дээд байгууллага улс төр дэх бохир мөнгийг хязгаарлах хүсэлгүй, иргэдийн саналыг сонсолгүй улс төрийн шийдвэр гаргадаг, сонгуульд зориулсан халамжийн хавтгайрсан бодлого явуулдаг хэмээн мэдээлэв. Улмаар төрийн алба болон төсвийн зарцуулалтыг ашиг сонирхлоос ангид байлгах, улс төрийн санхүүжилтийг хянах, сонгуулиа шударга явуулахыг зөвлөсөн билээ.

Авлигын төсөөллийн индексийн дэлхийн дундаж оноо 50. Сүүлийн хэдэн жил Монгол Улс авлигын индексээр тогтмол 50-иас доош оноо авч ирсэн. Тодруулбал, 2012 оноос хойш хамгийн ихдээ 39 оноо авсан байдаг. Энэ нь 2014, 2015 оны үзүүлэлт. Харин өнгөрсөн жил 35 оноо авлаа. Ерөөс дэлхийн дунджаас доогуур үнэлгээ авна гэдэг туйлын муу үзүүлэлт. Тиймээс нэг, хоёр оноо нэмэгдлээ гэж хөөрөх, хасагдлаа гэж нийгмээрээ маргаж, мэтгэлцэх шаардлагагүй. Гол нь тодорхой ажил хийх хэрэгтэй. Одоо яах вэ. Байнга дэлхийн дунджаас доогуур оноо авсаар байх уу. АТГ-ын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас гаргасан судалгааны талаар “Авлигыг бууруулахын тулд хоёр үндсэн чиглэлийг л барьж ажиллах шаардлагатай. Нэгдүгээрт, авлигыг илрүүлж, мөрдөн шалгаад, прокуророор хянуулж, шүүхэд шилжүүлэх.

Шүүх тухайн авлигачид ял оноож чадаж л байвал үр дүн гарна. Тиймээс илрүүлж, шалгаж, хянаж, ял оноодог системээ бэхжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, УИХ, Засгийн газар, төрийн байгууллага, шүүх эрх мэдэл, гүйцэтгэх засаглалынхан, хувийн хэвшлийнхэн хамтдаа авлигатай тэмцэх хэрэгтэй байна. 2016 онд УИХ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрт хэн юу хийх, ямар чиг үүрэгтэйг нь нэгбүрчлэн зааж өгсөн. Дээрх хоёр чиглэлийг уялдаатай, хамтад хөгжүүлж байж л авлигын намаг балчгаас гарна” гэсэн юм. АТГ-ыг улстөржсөн байгууллага гэдэг. Үе үеийн дарга, удирдлага нь улстөрчдөөс томилогдож ирсэн болохоор үгүйсгэх аргагүй. Нөгөөтээгүүр, үгүй ч байж мэдэх. Учир нь улстөрчдийг шалгах зориг тэдэнд бий. Шалгуулсан улстөрч “АТГ акул бус, жараахай агнадаг” гэж мэдээлэл хийх нь олширсон. АТГ-ынхан ч мөчөөгөө өгөлгүй “Улс төрийн хүрээн дэх авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэг буурахгүй байна” гэх агуулгатай яриа мэдээллийг нийгэмд байн байн түгээж, хариуг нь барьдаг. Үүнээс харахад улстөрчид дэмжихгүй байгаа болохоос биш АТГ хэр чадлаараа ажиллаж буй. Авлигатай тэмцэх ажиллагааны явцад бэрхшээл мундахгүй гарна. 

Наад зах нь авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчин таатай бус. Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо төдийгүй хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үүрэгтэй байсан. Шинээр нийтийн албанд томилогдож буй иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ ирүүлснийг АТГ-т хянан шийдвэрлэдэг байлаа. 2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайдад Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад Д.Цэнгэл нарын хүн нэр дэвшиж байв. АТГ-аас Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасны дагуу нэр дэвшигчдийг шалгасан.

Улмаар Ц.Анандбазар “Содмонгол” группийг эзэмшдэг, Ж.Цолмонг анагаахын салбарт хувийн үйл ажиллагаа эрхэлдэг, Г.Өнөрболор, Д.Цэнгэл ч хувийн компанитай буюу ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж, улмаар УИХ-ын чуулганаар тэднийг дээрх албанд томилоогүй билээ. Гэтэл 2017 оны арванхоёрдугаар сард иргэдийг шинэ жил хэмээн үймж байх хойгуур УИХ-ын гишүүд дээрх хуулийн 23.7 дахь заалтыг “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол АТГ илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гэж өөрчлөн, 2019 оны нэгдүгээр сараас мөрдөхөөр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, албан тушаалд нэр дэвшигч мэдэгдэл гаргаж, “Би хөдөө аж ахуйн компанитай ч гэсэн ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллаж чадна” гэж мэдэгдэл гаргаад сайд, дарга болох боломж бүрдсэн. 

Ийнхүү ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд төрийн албанд баруун солгойгүй томилогдож эхлэв. Үүнээс гадна улстөрчид АТГ-ыг эдийн засгаар нь хяхан хавчихыг санаархсан. Үүнийгээ ч биелүүлсэн. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд байсан “Авлигатай тэмцэх газрын төсвийг нь батлахдаа өмнөх жилийнхээс нь багасгахгүй” гэх заалтыг хассан явдал юм. Өдгөө улстөрчид хүссэн үедээ хуулийн төсөл санаачилж, төсвийг нь танах боломжтой болсон гэсэн үг. Энэ мэтээр улстөрчид АТГ-ын араа, шүдийг нэг нэгээр нь мулт татсаар байгаа юм. Нөгөөтээгүүр, АТГ үүргээ биелүүлэхэд чөдөр тушаа болсон хуулийн зүйл заалт цөөнгүй. Тухайлбал, Сангийн сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд 318 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам нь төсвийг үр ашиггүй зарцуулах замыг нээсэн төдийгүй өдгөө албан тушаалтнууд дураар авирлаж, танил талдаа давуу байдал олгож, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хөрөнгө захиран зарцуулж, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргаж буй. Журамд зааснаар урьдчилан төлөвлөх боломжгүй нэг удаагийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэх, шагнал урамшуулал, буцалтгүй тусламж олгох, байгууллага, иргэдээс тавьсан хүсэлтийг шийдвэрлэх боломжтой. Аймаг, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар үүнийг овжноор ашиглан нөөц хөрөнгөө баяр ёслол, тэмцээн уралдаан, шагнал, урамшуулал, туршлага солилцох аялал, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийн хоол, буудал, унаа, бэлэг зэрэгт зарцуулах нь түгээмэл болжээ. 

Банкны тухай хуулийн 7.2.3-т заасны дагуу зөвхөн эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн, албан тушаалтны банкны данс, гүйлгээтэй холбоотой аливаа мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр гаргуулдаг. Харин нийтийн албан тушаалтны ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах, түүний хамаарал бүхий этгээдүүдийн банкны данс, гүйлгээний мэдээллийг авах боломжгүй. Энэ нь албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажиллагаанд томоохон бэрхшээл учруулж байгааг АТГ-ынхан хэлдэг. Эцэст нь АТГ байгуулагдсанаасаа хойш арваад жилийн дараа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. Ингэснээр Монгол Улс авлигатай тэмцэх бодлогоо тодорхойлж, албан ёсны баримт бичигтэй болсон билээ. Үе үеийн парламентад жил дараалан дуншсан энэхүү бодлогын баримт бичгийг 2016 онд арай гэж баталсан ч хэрэгжилт нь төдийлөн сайн биш. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан саяхан энэ тухай “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг монголчуудын 70 гаруй хувь нь мэддэггүй” гэж ярьсан удаатай.

Үндэсний хэмжээний хөтөлбөрөө иргэд, тэр дундаа улстөрчид, яам, агентлагийн дарга, аймаг, сумдын Засаг дарга нар мэддэггүй нь тоогүй. Тиймдээ ч Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн гүйцэтгэл 2018 онд 35.3 хувьтай гарчээ. Тодруулбал, 2018 онд 202 ажил хэрэгжүүлэхээр тусгаснаас 24 арга хэмжээ хэрэгжээгүй, бусад нь тодорхой хэмжээнд хэрэгжсэн гэнэ. Тиймээс хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр УИХ-ын Тамгын газар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, бүх яам, агентлаг, нийслэл болон 21 аймгийн Засаг дарга, төрийн бус байгууллагад зөвлөмж, чиглэл өгсөн гэнэ. Товчхондоо, зарим байгууллага албан тушаалтнуудын хөшүүн хойрго байдлаас хамаарч үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэрхшээл учирч буй. Хангалтгүй байгаа шалтгаан нь төрийн байгууллагууд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргадаггүй, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа төлөвлөөгүйтэй холбоотой аж. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн дүн хараахан гараагүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)