УЛСТӨРЧДИЙН ЗӨРЧИЛ улсын эв нэгдлийг алдагдуулах вий

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах талаар зөвшилцөхөөр өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг хүргүүллээ. Өмнөх өдөр нь Төрийн тэргүүн зарлиг гаргаж, экс Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлөв. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч орон тооны бус 24 зөвлөх ажиллуулж байж. Шинэ Ерөнхийлөгч тэднээс тавыг нь үргэлжлүүлэн ажиллуулахаар болж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн 19 эрхмийг Тамгын газрын дарга нь “Нэр дэвшигч Х.Баттулгыг муулж, М.Энхболдыг магтаж, цагаан хуудас өгөхийг уриалаад байсан нөхөд Ц.Элбэгдоржийн зөвлөх байж” хэмээн “мэдэгдэв”. Төрийн ордноос бус, түймрийн голомтоос ажлаа эхлүүлэн, хүрз барьж, гал цохиж амжсан Х.Баттулга Ерөнхийлөгч олон аймгийн нутгийг хамарсан ой хээрийн түймрийг унтраахад Зэвсэгт хүчний анги, салбаруудаас хүч, хэрэгсэл татан оролцуулахаар зарлиг гаргаад буй. Бас гадаадын зочид, төлөө­лөгчдийг хүлээн авч, удирдлагыг нь то­милдог байгууллагынхантай уулзав. Мон­гол түмний цэнгэл, үндэсний их баяр наадмын өмнөхөн тангараг өргөсөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эр­хийн эхний арав хоногт хийсэн ажлыг тоймловол энэ. 

ЭЛЧИН САЙД, ЗӨВЛӨХӨӨР “ОРОЛДОХ” ХЭРЭГ БАЙВ УУ

Төрийн тэргүүний тоймтой хэдхэн шийдвэр нь түүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд бусдад банга хүртээх, шууд­хан хэлбэл, өшөөгөө авах байдлаар ажил­лах вий гэсэн болгоомжлол төрүүлж ор­хилоо. Тухайлбал, эхэлж онилсон хүн нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бололтой. Там­гын газрын дарга З.Энхболдын цахим мэ­дэгдлээс үзэхэд экс Ерөнхийлөгч намаасаа нэр дэвшигчийг дэмжих нь байтугай, сон­гуулийн кампанит ажлын эхнээс л түүний эсрэг ажиллаж ирсэн гэх итгэл үнэмшил нь батжиж, гомдол, хорслоо ийн тайлж буй нь илт. Учир нь Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр дотносож, ардчилсан Ерөнхийлөгч МАН-ын нэр дэвшигчийг дэмжих нь гэ­сэн хардлага, тунирхлын үгсийг кам­панит ажил эхлэхээс өмнө, сурталчилгаа ид өрнөж байхад ч АН-ынхан хэлж ирсэн. Тэгээд ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Х.Баттулгыг өрөөндөө дуудаж, ганц ч үг хэлүүлэлгүй загнасныг олон нийт тод санаж буй биз ээ. 

“Хааны алба халаатай. Эзний алба ээлжтэй” гэдэг. Угтаа өмнөх Ерөнхий­лөгчийн дэргэдээ томилон ажиллуулсан хүмүүсийг халаа авсан нь халж, чөлөөлөх нь тэгтлээ гайхах зүйл биш. Ерөнхийлөг­чийн тухай хуульд ч “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан нь Тамгын газрын дарга, зөвлөхөөс бусад ажилтныг ажлаас нь өөрчлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Тэгтэл орон тооны бус зөвлөхүүдийг нь хүртэл зүгээр нэг явуул­ чихалгүй, өш зангидах үг дайж буй нь өмнөх болоод өнөөгийн Ерөнхийлөгчийн хоорондын харилцаа ямар хэмжээнд хүрснийг илтгэх мэт. Нэг талаас Тамгын газрын дарга, нөгөөтэйгүүр туршлагатай улстөрчийн хувьд З.Энхболд хоолой дээр гарч ирсэн үгсийг залгиад өнгөрч болох л байсан. Гэвч тэр тэгсэнгүй, чадсангүй.

С.Баяр, М.Энхсайхан нарыг Ц.Элбэг­доржийн санал болгосноор Элчин сайдаар томилоод жил ч болоогүй байна. Тэдний томилолтын хугацаа гурван жил. Харин тэднийг эгүүлэн татах үндэслэлээ тодор­хой хэлсэнгүй, Ерөнхийлөгч. Намдаа тө­дийгүй, төр, түмэн олонд өөр өөрийн дэм­жигч, тойрон хүрээлэгчтэй, басхүү үзэн ядагчидтай тэднийг эгүүлэн татах нэг болов ч үндэслэл албан бичигтээ дурдсан бол өөр хэрэг. Гэхдээ тэднийг томилсон шийдвэрээсээ УИХ буцах нь юу л бол. Тэднийг эгүүлэн татна гэдэгт Х.Баттулга Ерөнхийлөгч ч тэгтлээ найдаагүй бо­лов уу. Тэрбээр гурван ч Засгийн газарт ажиллаж байсны хувьд танхимын тэргүүн нарынхаа тухайд “Арай гайгүй нь С.Баяр байсан. Баяр чинь юм ойлгодог, хориг саад тавилаа гэхэд болгоомжлолоо ил шууд хэлдэг байсан” хэмээсэн нь гурван жилийн өмнө. Харин Шинэчлэлийн Зас­гийн газарт зүтгэж байсан Х.Баттулга, М.Энхсайхан хоёр төмөр замын царигийн асуудлаас болж ил цагаан хэрэлдэж байсан нь саяхан. С.Баярын Засгийн газрын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын, Н.Алтанхуягийн танхимын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын өргөн царигтай төмөр зам тавих хүсэл, бодлоготой тухайн үеийн “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханы үйл ажиллагаа зөрчилдөж, улмаар түүнийг ажлаас нь чөлөөлж байв. Интернэтийн хайлтын системд тэдний нэрийг хамтад нь бичвэл Х.Баттулга, М.Энхсайхан хоёрын хэрүүл, зөрчилтэй холбоотой мэдээллүүд хамгийн түрүүнд гарч ирнэ. 

ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ

Нийт ард түмнээсээ сонгогддог Мон­гол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий ко­мандлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төдийгүй га­даад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, УИХ-ын чуулганд тааллаараа оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэ­дээлж, саналаа оруулах эрхтэй. Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулж, улсын цол хүртээх, одон, медалиар шагнах, уучлал үзүүлэх, УИХ-тай зөвшилцөж шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагыг томилох, хууль санаачлах, бү­рэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, хууль, УИХ-ын бусад шийдвэрт бүхэлд нь болон хэ­сэгчлэн хориг тавих зэрэг Үндсэн хуулиар олгогдсон олон эрх эдэлдэг. Улстөрчдийн эхлүүлж, санаачилж зүрхэлдэггүй зүйл­сийг барьж авах боломж ч Ерөнхийлөгчид бий. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн санаачилсан сайд нарын “давхар дээл”-ийг тайлах, Сонгогдсон болон то­милогдсон төрийн албан тушаалтанд хү­лээлгэх хариуцлагын, Улс төрийн намын болон Иргэний улс төрийн эрхийг хэрэг­жүүлэх тухай төсөл нь хууль болж бат­лагдаж чадаагүй ч Шилэн дансны болон Гамшгаас хамгаалах тухай хууль зэрэг нь олон нийтээс талархал хүлээж буй.

Энэ ч утгаараа бидэнд Ерөнхий­лөгчийн хүлээн зөвшөөрөгдөх чанар, чадамж өндөр. Улс төрийн намаас нэр дэвшдэг ч сонгогдсон хойноо намаасаа албан ёсоор түдгэлздэгийн хувьд Төрийн тэргүүн манай нийгэмд нүүрлээд буй хэтийдсэн улстөржилт, эцэс төгсгөлгүй хэрүүл, маргааныг эцэслэж, ард түмний эв нэгдлийг хангахад чухал нөлөөтэй. Өмнөх Ерөнхийлөгчийн тухайд улс тө­рийн тодорхой үйл явдалтай холбогдуулж парламентад суудалтай улс төрийн на­муудын төлөөллийг дуудаж ярилцан, ан­хааруулж, сэдэл, шийдлийн эрэлд гарсан нь нэг бус. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч хүсвэл оролцохгүй асуудал гэж үгүй. Энэ бүхэнд асуудлыг дэвэргэж, аль нэг талыг барих уу, үндэсний язгуур эрх ашиг, ард түмний хүсэл сонирхолд хөтлөгдөх үү гэдэг нь Ерөнхийлөгчөөр ажиллах хувь хүний уг чанар, удирдагчийн арга барилаас шууд хамаарна. Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдлэхээ тангарагласан Ерөнхийлөгч Х.Баттулгын “Монголын маргааш, эх орныхоо хөгж­лийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна” хэмээх амлалт биелэх болтугай. Зөвлөхүүд хийгээд Элчин сайд нартай холбоотой шийдвэрүүд иргэд, олон нийтийг хэдийнэ талцуулаад эхэлчихэж. Үе үеийн Ерөнхийлөгч нарын үндэсний эв нэгдлийг хангахын төлөөх хичээл, зүтгэлийг Х.Баттулга Ерөнхийлөгч илүү өндөрт гаргана гэж найдъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)