Улсад солгой, хувийнхдаа баруун гараараа ажилладаг эмч нар

хувийн эмнэлэг эмч

“Өнөөдөр” сонин одоогоос таван жилийн өмнө “Эмч нарын “давхар дээл”-ийг тайлъя” хэмээн бичиж байсныг сануулъя. Эрүүл мэндийн сайдаасаа эхлээд улсын эмнэлгийн дарга, эмч нар нь хүртэл хувийн эмнэлэгтэй, эсвэл давхар ажилладаг нь тусламж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгааг бид шүүмжилсэн юм. Тухайн үед эрүүл мэндийн цөөн байгууллага эмч, мэргэжилтнүүдээ хувийн эмнэлэгт ажиллуулахгүй байх журам гаргасныг тэмдэглэх нь зүйтэй. Гэвч энэ асуудлыг салбарын хэмжээнд бодлогоор зохицуулаагүйгээс эмч нар өдий хүртэл “давхар дээл”-ээ нимгэлсэнгүй. Хумсалсаар, хумсалсаар хулгайч гэгчийн үлгэрээр өнгөрсөн хугацаанд эмч, тасгийн эрхлэгч нар Улсын эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм, тариа, ороох боох материалыг шамшигдуулж, хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан гэх ёс зүйгүй үйлдэл ч нэлээд гаргалаа.

Эмч нарыг өмөөрөх гээд оролдъё. Мэдээж давхар хөдөлмөр эрхлэх нь хувь хүний эрх. Улсын ажлыг цалгардуулахгүй л бол чөлөөт цагаараа нэмэлт орлого олоход буруу юу байх вэ. Тэртэй тэргүй улс эмч нартаа олигтой цалин өгдөг биш. Гэхдээ эдгээр нь тэдний талд зогсох хангалттай шалтгаан болж чадахгүй. Тэр дундаа нарийн мэргэжлийн эмч нар хувь, хувьсгалын эмнэлэгт давхар ажиллаж байгаа нь тусламж, үйлчилгээний чанарт муугаар нөлөөлөөд зогсохгүй ёс зүйн том алдаа гаргахад хүргэж байгааг эрдэмтэн, судлаачид шүүмжиллээ. Улсад солгой, хувийнхдаа баруун гараараа ажилладаг эмч нарын асуудлыг өдгөө сөхөхөө больсон нь салбарын том алдаа гэж хэлж болно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ынхны 2014 онд хийсэн хяналт шалгалтын дүнгээр улсын төсвөөс цалинждаг 370 гаруй эмч “давхар дээл”-тэй. Тэдний 60 орчим хувь нь удирдах албан тушаалтай байв. Эрүүл мэндийн ганцхан байгууллагад гэхэд хувийн эмнэлэгтэй 40 гаруй эмч байсан гээд бод. Тэд мэдрэл, эмэгтэйчүүд, ЭХО, дүрс оношилгоо, хүүхэд, чих, хамар, хоолой, лабораторийн чиглэлээр эмнэлэг байгуулсан байдаг. “Ёсонд нийцэхгүй зүйл биш” хэмээн бодож буй нэгэн байвал анхаарлаа хандуулна уу.

Улсын эмнэлгийг тойруулаад өөрсдийнхийгөө байгуулж болох уу. Тусламж эрээд орж ирсэн хүмүүст “Манайд ийм ч эм, тариа, тийм ч урвалж бодис байхгүй, дууссан. Тоног төхөөрөмж эвдэрсэн (тохиргоог нь санаатайгаар өөрчилж, гацаасан тохиолдол нэгээр тогтохгүй гарч байсан), онош буруу “хэлдэг” гэх зэргээр чулуу хөөлгөж, хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг нь эмчийн ёс зүйд нийцэх үү. Хувийн эмнэлэгтээ хийх ёстой хагалгаа, эмчилгээг улсын байгууллагын өрөө, тасалгаа, багаж, хэрэгсэл ашиглан, гүйцэлдүүлж болох уу. МХЕГ-ынхнаас энэ талаар тодруулахад “Манайх төлөвлөгөөнийхөө дагуу хяналт шалгалтаа хийж байна. Эмч нарыг давхар хөдөлмөр эрхлэхийг хуулиар хориглоогүй учраас энэ асуудлыг дахин судлах шаардлагагүй гэж үзсэн. Тэгэхээр нарийн тоо гаргах боломжгүй” гэснээс өөр дорвитой мэдээлэл өгсөнгүй. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Хувь хүний эрх ч гэлээ эмч нарын давхар ажиллах асуудлыг улс бодлогоор зохицуулах цаг болсон. Энэ асуудлаар АТГ-т хандсан ч халгаагаагүй” гэлээ.

АТГ-ын 2018 оны жилийн эцсийн тайланг сөхлөө. 28 хуудастай тус эмхэтгэлд “Авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл өндөр, энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг ихээр гарах магадлалтай Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулсан. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах төлөвлөгөөний дагуу тусламж, үйлчилгээнийх нь хүртээмж, ачаалал, бүртгэл, төлбөр, хураамж авч буй хэлбэр, эмнэлгийн ажилтнуудын зан харилцаа зэрэгт тандалт хийсэн” гэсэн хоёр л өгүүлбэр байна.

Улсын хэмжээнд хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт, салбарын хүний нөөц, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ зэргийг нэгтгэдэг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөнд ч “давхар дээл”-тэй эмч нарын мэдээлэл алга. Ажиллах хүчний судалгаанд давхар хөдөлмөр эрхлэлтийн талаар дурдсан байдгийг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хэлсэн юм. Үүний дагуу тус судалгааны өнгөрсөн оны дүнг харвал улсын хэмжээнд 1 253 000 хүн хөдөлмөр эрхэлж буйн 22 600 нь давхар ажил хийдэг юм байна. Мэдээж эрүүл мэндийн салбарт ажиллагсдынх гэж тусад нь гаргаагүй. Тухайн жилд долоо хоногоос 12 сар хүртэл үндсэн албаасаа гадна цалинтай ажиллахыг давхар хөдөлмөр эрхэлсэн гэж тооцдог аж. “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн шалгуур үзүүлэлтэд уртасгасан болон хэт олон цагаар ажиллах нь хүний бие, махбод, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулахаас гадна амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлж, бүтээмжийг бууруулдаг” хэмээн дээрх судалгаанд дурджээ.

Холбогдох байгууллагууд эмч нарын эрхийг ихэд дээдэлдэг болсныг баримт, материал цуглуулах явцдаа мэдлээ. Сайн хэрэг шүү. Хуульд ч гэсэн “онцгой” эрх эдэлдэг юм байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт” байдаг. Төрийн албан хаагчид дараах ажил, албыг давхар эрхлэхийг зөвшөөрдөг. Тухайлбал, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн олон нийтэд тустай, багшлах, эрдэм шинжилгээний чиглэлээр, олон улсын гэрээгээр зөвшөөрсөн ажлыг давхар гүйцэтгэх эрхтэй. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөрдөх албаныхан хуульд тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглодог. Зэвсэгт хүчнийхэн удирдах албан тушаалтныхаа зөвшөөрлөөр болон гэрээгээр давхар ажиллах эрхтэй. Харин бусад албан тушаалтан дээрх заалтаас гадна ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй нөхцөлд давхар хөдөлмөр эрхлэхийг хориглодоггүй юм байна. Эмч, багш зэрэг төрийн бусад албан хаагч нарын тухайд зөвшөөрч, хориглосон заалт лав алга.

Бодит байдалд хамгийн их ашиг сонирхлын зөрчил гаргадаг бүлгүүдийг төр анхаарахгүй байгаа нь чамламаар. Уг нь эмч нарын ажлын цаг 08.00-16.00. Гэвч тэд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, ажлын цагаа гүйцээлгүй, хувийн эмнэлэг рүүгээ гүйдэг, өвчтөнүүдээ өөрийн эмнэлэгт зуучилдаг, албаддаг байдлыг иргэд мэддэг, мэдэрдэг болоод удаж байна. Цайны цагаас хойш улсын эмнэлэгт барагтай л бол үзлэг хийдэггүйг бүгд гадарлана. Эдгээр нь дээрх хуулийн зарим заалтыг зөрчдөг болохыг албаны хүн хэлсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1-т “Нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ”, “Албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг, хувийн ашиг сонирхол зэрэг нь албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшлахгүй байх” зэргийг тусгажээ. Гэвч уг заалтад албан тушаалтан гэсэн учир эмч нар үүнийг зөрчсөн байлаа ч зугтаах боломжтой.

Энэ мэт өвчтөнөө үзэж, эмчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг зардал, чирэгдэлгүй, шуурхай хүргэх үүрэгтэй эмчээс ашиг сонирхлын зөрчил нэвт “ханхалдгийг” иргэд андахгүй болжээ. Ийм ёс бус үйлдлийг нь хориглож, зохицуулах эрх зүйн орчин манайд даанч алга. Эмч нараа “Алтан гартай” хэмээн хүндэлж, итгэдгийнх нь хариуд тэд иргэдэд эмнэлэг байгуулж “өгч”, халаасыг нь сэгсэрч суудаг. Хувийн эмнэлэгтээ сувилагч, оюутнуудыг дураараа дайчилдаг, бүр малдаа хүртэл урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэсэн эмнэлгийн дарга ч байсныг олон нийт мартаагүй биз ээ.

Мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргасан “давхар дээлтнүүд”-д хариуцлага тооцсон, эсэх нь одоо ч тодорхойгүй. Хувийн объектоо хаасан, зарсан гэсэн мэдээллийг албаныхан лав өгөөгүй. Улсын эмнэлгүүд болон дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч, тасгийн эрхлэгч нарын олонх нь хувьдаа эмнэлэг, лаборатори, эмийн сан, сувилалтай нь шалгалтаар нэгэнт илэрсэн байдаг. Нэг аймагт гэхэд 15-20 эмч хувьдаа эмнэлэгтэй, эсвэл давхар ажил эрхэлдэг гэсэн судалгаа бий.

“Эмч нар хувийн эмнэлэгт давхар ажиллаж байгаа нь салбарын гажуудал бодлогын алдаанаас эхтэй. Хэдийгээр тангараг өргөсөн ч гэлээ амьдралаа дээшлүүлэх, ар гэрээ авч явахад мөнгө хэрэгтэй шүү дээ. Тиймээс энэ асуудлыг ил болгоод, хуулиар зохицуулбал таарна. Жишээ нь, тухайн эмч улсад, хувийн эмнэлэгт хэдэн цаг ажиллахыг нь журамлах хэрэгтэй. Эмч нарыг давхар хөдөлмөр эрхлэхийг хориглочихвол улсад ажиллах хүн олдохоо больж мэднэ” хэмээн санал нэмэрлэсэн эмч ч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)