Улсаа хөл хорионоос гаргасан эрхэм

Францыг хөл хорионы дэглэмээс гаргах асуудал хариуцсан комиссын даргаар ажиллаж байсан Жан Кастекс улсынхаа Ерөнхий сайдаар томилогджээ. Засгийн газар солигдох сураг гарсан ч энэ нь дээд зэргийн тавилттай жүжиг байсан гэж ажиглагчид дүгнэсэн байна. Энэ сарын 3-нд Сайд нарын танхимын ээлжит хуралдаан цуцлагдаж, зарим гишүүн нь албан ёсны мэдэгдэл хэдийн авсан байв. Тиймээс хуралдааны тов өөрчлөгдөв үү, өөр асуудал үүсэв үү гэсэн таамаг дэвшүүлэхэд хүрчээ. Ерөнхий сайд Эдуар Филипп Засгийн газраа огцруулах хүсэлт тавьсныг Ерөнхийлөгч нь хүлээн авсан болохыг хуралдаан эхлэх ёстой байсан 09.00 цагт Елисейн ордноос мэдэгдэв.

Өнгөрсөн сарын эцсээр болсон орон нутгийн сонгуулийн дараа Эдуар Филипп огцорч магадгүй болжээ. Тэрбээр Гавр хотын сонгуулийн хоёрдугаар шатанд 58 хувийн санал авснаар ялах нь тодорхой болсон аж. Үүний дараа Э.Филипп Ерөнхийлөгч Э.Макронтой хоёр жил ажиллах уу, эсвэл Гавр хотыг зургаан жил удирдах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болж.

Елисейн ордноос мэдээлэл хийсний дараа Францын шинжээчид Засгийн газрын тэргүүний халааг авах боломжтой хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргаж эхэлжээ. Тэдний дунд Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан, Батлан хамгаалахын сайд Флоранс Парли, өмнөх танхимын Николя Уло болон олны сайн мэдэхгүй Жан Кастекс байв. Түүний ачаар францчууд кинотеатр, кафед орох боломжтой болжээ.

“Гурван жилийн турш тэрбээр надтай хамт их ажил амжуулж байна. Бид чухал шинэчлэл хийсэн” гэж орон нутгийн сонинд Ерөнхийлөгч Э.Макрон ярилцлага өгөхдөө хэлсэн нь Филиппийг дахин томилох нь гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэв. Гэхдээ Эдуар Филипп анх удаа огцорч буй явдал биш гэнэ. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 15-нд томилогдоод, сарын дараа огцорсон ч үүрэгт ажилдаа улиран сонгогдсон байна. Тиймээс Ерөнхийлөгч нь ямар шийдвэр гаргавал илүү ашигтай болохыг Францын улстөрчид энэ удаа урьдчилан хэлж чадсангүй. Орон нутгийн сонгуульд ялсны, Ерөнхийлөгчийнхөө нэр хүндийг давж, 55-65 хувийн дэмжлэг авсны (2022 оны сонгуульд ч Ерөнхийлөгчийн өрсөлдөгч байх боломжтой) үр шимийг хүртэг гээд Эдуард Филипийг Гавр хот руу явуулах нэг, ойрын хамтран зүтгэгч бөгөөд албатаа дахин хоёр жил далбаан дороо байлгах хоёр дахь хувилбар Э.Макронд байв.

Филиппийг хотын захирагчийн сонгуульд ялсны дараа Засгийн газрын тэргүүн болон Ерөнхийлөгчийн хооронд санал зөрөлдөөн гарсан гэх мэдээлэл ч өмнө нь Францын хэвлэлүүдэд гарсан аж. Үүнийг нотолж, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон цар тахлын дараа улс орон нь сэргэж байгаатай холбогдуулан Засгийн газартаа халаа сэлгээ хийхээр төлөвлөж буйгаа зарлажээ.

Эдуар Филипп ч огцрохоо мэдэгдэв. Халаа авах хүнд зориулан улаан хивс ёслолын ордны үүдэнд хэдийн дэвсэж, огцорсон Ерөнхий сайд, түүний танхимын ажилтнуудын эд зүйлсийг цаасан хайрцагт хийн, зөөж буй тухай өргөөний үүдэнд жижүүрлэсэн сэтгүүлчид илтгэж байлаа. Удалгүй Засгийн газрын шинэ тэргүүнээр Жан Кастекс томилогдсоныг мэдэгджээ.

Түүнийг Францад “Хөл хорионоос гаргасан эрхэм” гэдэг. Гурван сар үргэлжилсэн хөл хорионы дараа Эмманюэль Макрон улсаа хэвийн байдалд оруулах комиссын тэргүүнээр Жан Кастексыг томилсон аж. Эл ажил үүргээ гүйцэтгэхдээ тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж, Засгийн газартай харилцах шаардлага гардаг байв. Жан Кастексыг барууны үзэл баримтлалтай улстөрч гэдэг бөгөөд Ерөнхийлөгч Николя Саркозигийн засаг захиргаанд ажилласан туршлагатай. Тодруулбал, Прад хотын даргаар ажиллаж, Үндэсний спортын агентлагийг удирдан, 2024 онд Францад болох ёстой олипмын наадмын бэлтгэл ажлыг хэсэг хугацаанд хариуцаж байжээ. Тэрбээр өрсөлдөгч бус, Ерөнхий сайдаар ажиллах хүсэлтээ Ерөнхийлөгч Э.Макронд илэрхийлсэн аж. Тэгээд ч Төрийн тэргүүний сонгуулийн өмнөх хоёр жилд Эмманюэль Макрон дангаар “гялалзах” ёстой.

УДАМ ДАМЖСАН УДИРДАГЧ

Жан Кастекс 1965 оны зургадугаар сарын 25-нд Францын өмнөд нутгийн Вик-Фезансак хотод мэндэлжээ. Аав нь хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг, регбигийн клубийн удирдагч. Өвөө нь Вик-Фезансака хотын дарга (1971-1989), сенатч (1980-1989) Марк Кастекс аж.

Ж.Кастекс 1986 онд Улс төр судлалын дээд сургууль, 1991 онд Үндэсний удирдлагын сургууль дүүргэжээ. Энэ нь Францын хэд хэдэн Ерөнхийлөгчийн төгссөн, нэр хүндтэй их сургууль аж.

Сургууль төгсөөд Францын Тооцооны танхимын аудитч болов. 1999-2001 онд зүүн өмнөд нутгийн Воклюз мужид ажиллаж байгаад 2001-2005 онд Эльзас мужийн Тооцооны танхимд хэлтэс удирджээ. 2008 оны гуравдугаар сард Кастекс Прад гэдэг жижиг хотын даргаар “Ардын хөдөлгөөний төлөө холбоо” (2015 оноос “Бүгд найрамдахчууд”) намаас нэр дэвшин сонгогдсон аж. Түүнийг сонгогчдын 50.37 хувь нь дэмжжээ. 2014 онд 70.19, 2020 онд 76 хувийн саналаар улиран сонгогдсон байна.

2010-2015 онд Лангедок-Руссильон бүс, 2015 оноос тус бүсийн Зүүн Пиренеи мужийн (гол хот нь Прад) зөвлөхөөр ажиллажээ.

ИТГЭЛ ДААСАН ЗҮТГЭЛТЭН

Ж.Кастекс 2005-2006 онд Эв санаа, нийгмийн нягтралын яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан газар, 2006-2007 онд Эрүүл мэнд, эв нэгдлийн яамны, 2007-2008 онд Франсуа Фийоны Засгийн газрын Хөдөлмөрийн яамны Тамгын газрыг удирдаж байв.

2010 оноос Францын Ерөнхийлөгч Николя Саркозигийн засаг захиргаанд нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөс эхлээд, 2011 оноос ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллажээ. 2012 онд Төрийн тэргүүнээр Социалист намын Франсуа Олланд сонгогдож, Ж.Кастексын халааг Эмманюэль Макрон (2017 оноос Францын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй, төвч үзэлтнүүдийн “Бүгд найрамдах улс марш алхаж байна” намыг үүсгэн байгуулагч) авсан байна.

2017 оны есдүгээр сард Ж.Кастекс 2024 оны олимп болон паралимпын наадмыг зохин байгуулахаар нэр дэвшсэн Парисыг дэмжих Олон улсын олимпын хорооны 131 дүгээр чуулганы төлөөлөгчөөр томилогджээ. Франц улс наадам эрхийг авсан билээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас тэрбээр Үндэсний спортын агентлагийн Ерөнхийлөгч болсон байна.

Францад цар тахалтай холбоотойгоор эрүүл ахуйн онцгой байдал, хөл хорио тогтоосон (иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, үйлдвэр, дэлгүүр, дунд сургуулийг хаасан) өнгөрсөн гуравдугаар сард Ж.Кастекс эл дэглэмээс улс орноо гаргах стратегийг боловсруулах үүрэг хүлээжээ. Дөрөвдүгээр сард тэрбээр хориог аажмаар цуцлах ажлыг зохион байгуулах 18 хүний бүрэлдэхүүнтэй комиссын удирдагчаар томилогдсон юм. Хориог цуцлах ажлын эхний хэсэг тавдугаар сарын 11, хоёр дахь нь зургадугаар сарын 28, гурав дахь нь зургадугаар сарын 28-нд эхэлсэн бол энэ сарын 3-нд Эрүүл ахуйн онцгой байдлын дэглэмээс гарах хуулийг парламент нь баталжээ. Жан Кастексын гэргий Сандре Рибелейг нь Вальсеболлер хотын хурлын гишүүн. Тэднийх дөрвөн охинтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)