Улсаас мөнгө авдаг хувийн эмнэлгүүд иргэдэд хөнгөлөлт үзүүлэх ёстой

Эрүүл мэндийн салбарын сул орон зайд “тоглолт хийж” гарч ирсэн хувийн эмнэлгүүд сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрч, иргэдийн сэтгэл зүйгээр даажигнан, хуурамч онош тавьж, авах, “идэхээ” тэргүүнд тавих болсныг “Өнөөдөр” сонин өмнө нь “Хувийн эмнэлгийнхэн хуудуутай онош тавьж, мөнгө хумсалдаг” нийтлэлээрээ хөндсөн. 

Төрөөс улсын эмнэлгийн үзүүлж буй зарим тусламж, үйлчилгээг хувийнхнаар гүйцэтгүүлэх, үйл ажиллагааны чиглэлийг нь өргөжүүлж, төрөлжүүлэх бодлого барьж ирсэн ч зарим нь нүүрээ бууруулсан юм. Улсын эмнэлгийн ачааллыг үүрэлцэж буйнх нь шанд улс жил бүр тэдэнд 30-40 тэрбум төгрөг өгдөг.

Харин үүний хариуд иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх ёстой. Иргэд энэ талаарх мэдлэг, мэдээлэлгүйгээс болж хувийн эмнэлэгт мөнгө төлж, үйлчлүүлсэн хэвээр.

Улсын хэмжээнд хувийн 1466 эмнэлэг үйл ажиллагаа явуулж буйгаас 169 нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй тусламж үзүүлж байна. Тэдгээрийн 86 нь нийслэлд харьяалагддаг бөгөөд 27 нь лабораторийн чиглэлээр үйлчилдэг аж. Даатгуулагчид хувийн эмнэлгээс авсан зарим тусламж, үйлчилгээнийхээ зардлаас жилд дунджаар 800-900 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болжээ. 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тусламж, үйлчилгээний чанарын албаны ахлах мэргэжилтэн Б.Баярболд “Эрүүл мэндийн даатгалын сангаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг. Даатгуулагчид хувийн эмнэлэгт ийм хөнгөлөлт эдэлнэ, улсынхад нь тусдаа гэсэн юм байхгүй. Гэхдээ мөнгөн дүн нь өөр.

Даатгуулагч урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо авах зардлын дээд хязгаар нь жилд хоёр сая төгрөг байдаг. Даатгалын сангаас тогтоосон хувь хэмжээнд тохирсон тусламж, үйлчилгээг хувийн, улсын эмнэлгийн алинаас нь ч авах боломжтой гэсэн үг. Гэхдээ ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. 

Тухайн өвчтөн хатгалга тусаад хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүллээ гэж бодоход төлбөр нь 350 000 төгрөг. Харин даатгалын сангаас үүний 175 000 төгрөгийг иргэдэд буцаан өгнө гэсэн үг. Энэ бүхнийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулсан. Манайх жил бүрийн эхэнд шаардлага хангасан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийж, мөнгө төсөвлөдөг. 

Ингэхдээ тухайн эмнэлэгт өмнөх онд нь иргэдээс гаргасан санал, гомдлыг шийдвэрлэсэн, эсэхийг харгалздаг. Жилд хоёр удаа үйл ажиллагааных нь явцыг хянаж, шалгадаг. Тухайн эмнэлэгт очиж, үйлчлүүлэгчдийн өвчтөний түүхийг нягталж, утсаар ярьж, эмчлүүлсэн, үгүйг нь лавладаг. Чанарын албаны мэргэжилтнүүд ерөнхийд нь хянадаг. Харин МХЕГ даатгалаар үйлчилж буй эмнэлгүүдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангадаг. 

Хэрэв хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тогтоосон хэмжээнд иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлээгүй, эсвэл өвчтөний мэдээллийг хуурамчаар бүрдүүлж, татаас авсан нь илэрвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Одоогоор ийм хэрэг бүртгэгдээгүй. Харин зарим эмнэлэг оношийн бүлгийг зөрүүлж мэдүүлэх замаар илүү төлбөр авч байсан нь илэрсэн. 

Жишээлбэл, мэс заслын тусламж үзүүлээгүй хэрнээ хийсэн мэтээр мэдүүлдэг. Ийм тохиолдолд санхүүжилтээс нь хасаж тооцдог. Даатгалын сангийн мөнгө иргэдийн төлсөн шимтгэлээс бүрддэг. Тиймээс даатгуулагч иргэд хувийн эмнэлгийнхний тусламж, үйлчилгээний чанар, харилцаа, ёс зүй зэргийг хянах эрхтэй. Онош буруу тавьсан, ёс зүйгүй хандсан, гэрээтэй хэрнээ даатгалаар үйлчлээгүй зэрэг үл ойлголцол гарвал санал, гомдлоо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлж болно” гэж ярилаа.

Даатгалтай иргэд хувийн эмнэлэгт дараах хөнгөлөлт эдлэх эрхтэй. Үүнд хэвтэн эмчлүүлэхэд жилд нэг удаа 85 000-406 000, уламжлалт эмчилгээнд 117 000, сэргээн засах (рашаан, сувилал) 110 000, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд 175 000, хорт хавдрын үеийн эмчилгээний зардлаас 175 000 төгрөг хасуулах боломжтой гэсэн үг. 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл сангаас хариуцах тусламж, үйлчилгээний оношийн бүлгийг тодорхойлдог. Тухайлбал, тархины харвалт, шигдээс, амьсгал, зүрх, судасны өвчин, мэдрэл, нүд, чих, хамар, хоолой, хатгалгаа, багтраа, эрүү, нүүр, цээж, хэвлийн хөндийн мэс засал, гэмтэл, бэртэл, харшил, арьсны өвчин, элэг, цөс, нойр булчирхай, хавдар, бөөр, давсагны өвчнүүд, түлэгдэх, хөлдөх гээд нийт 118 төрлийн оношоор та хувийн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авахдаа хөнгөлөлт эдлэх нь.

Эдгээрээс хамгийн өндөр зардалтай нь амьсгал, бөөр, шээсний замын үрэвсэл, уушгины хатгалга, бусад үрэвсэл, даралт ихсэх өвчнүүд, элэгний С вирусийн ачаалал тоолох, мэдрэлийн тогтолцооны эмгэг, үе мөчний мэс засал, тархи, зүрхний өвчнүүд ордог аж.

2018 онд ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдээс дурдвал, бидний сайн мэдэх “Ачтан”, “Бүсгүй”, “Хатагтай”, “Мангут”, “Номун” “Гурван гал”, “Бумаа санаа”, “Интермед”, “Грандмед” “Улаанбаатар мед”, “Аллерги мед” “Монгол хьюндай”, “Мамба дацан”, “Солонго” “Орбита”, “Болор мэлмий”, “Улаанбаатар Сонгдо” ЭМЖЖ, АВМА, АШУҮИС-ийн эмнэлэг, “Ортопед”, “Ивэн” зэрэг багтаж байна. 

Иргэд хувийн эмнэлэг зорихдоо эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг, эсэхийг судалж, хэрэв тийм бол ямар тусламж, үйлчилгээнээс хэдэн төгрөг хөнгөлөхийг нь лавлаарай. Тухайлбал, гэрээтэй, ор бүхий хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд өвчний оношоос хамаарч тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 85 000- 406 000 төгрөгийн хөнгөлөлт эдэлж буй юм. 

2017 онд л гэхэд хувийн эмнэлгүүдэд нийт 168 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Тэдний хэд нь даатгалынхаа үр шимийг хүртсэнийг хэлж мэдэхгүй. Албаны хүмүүс ийм хэмжээний мөнгийг хувийн эмнэлгийн хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээнд зарцуулсан гэнэ. Харин хувийн эмнэлгүүд нь төчнөөн хүнд үйлчилсэн гээд баахан тоо ярьж суудаг. Ачир дээрээ иргэд даатгалынхаа үр ашгийг хүртэж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)