Улаан-Үд Улаанбаатарын хооронд шууд нислэг эхэлнэ

ОХУ-ын Эрхүү хотын “Ир Аэро” агаарын тээврийн компани ирэх сарын 9-нөөс эхлэн Улаан-Үд Улаанбаатар хотын хооронд “Bombardier CRJ-200” онгоцоор шууд нислэг хийх гэж байна. Нислэгийн тасалбар 6.5 мянган рублийн үнэтэй бөгөөд Улаан-Үд хотын “Байкал” нисэх буудалд болон интернэтээр зарж эхлээд байгаа гэнэ.

Шууд нислэгийг долоо хоногт хоёр удаа даваа, баасан гаригт үйлдэнэ. Буриад, Монголын нийслэлийн хооронд шууд нислэгтэй байсан боловч алдагдалтай хэмээн 2012 оноос зогсоосон юм. Харин өнгөрсөн жил хоёр улсын хооронд визгүй болсноор жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна.

“Монголын жуулчид Улаан-Үдээр дамжин, ОХУ-ын Хабаровск, Красноярск, Новосибирск, Владивосток, Москвад зорчиж болох бол Буриадын зорчигчид Сөүл, Токио, Бээжин, Хонконг, Шанхайд аялахдаа Улаанбаатараар дайран өнгөрөх тааламжтай нөхцөл бүрдлээ” гэж “Ир Аэро” компаниас мэдээлжээ.

М.СУГАРАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)