Улаан цутгалан дээгүүр “гүйнэ”

“Монголын циркийн нэвтэрхий толь” номд нэр нь бичигдсэн уран бүтээлчдийн нэг нь М.Мягмарсайхан. “Хамгийн өндөрт үзүүлбэр толилуулсан жүжигчин” хэмээн үе үеийн циркчдийн амжилтын буухианд тэмдэглүүлсэн тэрбээр ирэх ням гарагт буюу наймдугаар сарын 11-нд Монголдоо нэгэн гайхамшигт үзүүлбэрээ толилуулах гэж байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт, Улаан цутгалан хүрхрээн дээгүүр татсан утсан дээгүүр явах юм байна. Өөрөөс нь энэ талаар тодруулахад “25 метр өндөрт татсан, 65 метр урт, төмөр утсан дээгүүр явж, тэнцвэрийн үзүүлбэр хийхээр бэлтгэж байна. Байгалийн үзэсгэлэнт газарт чанга утасны үзүүлбэр (циркийн урлагт олсны олон төрлийн үзүүлбэр бий)-ийг Монголд анх удаа толилуулахаараа онцлог” гэлээ. Ийм тоглолтыг олон улсад sky walk, high wire буюу тэнгэрийн алхаа, өндрийн утас гэхчлэн нэрлэдэг бөгөөд Америк, Швейцарын уран бүтээлчид энэ төрлөөр дэлхийд алдартай, гарамгай амжилтуудыг эзэмшдэг юм байна.

Монголын циркчин М.Мягмарсайхан 2005 онд Швейцарын жүжигчин, Гиннесийн 22 удаагийн амжилт эзэмшигч Фредди Нокод “уруу татагдан” өндөр утасны үзүүлбэрт хүч, самбаа сорих болжээ. Тэрбээр 2009 онд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах III тэмцээнд оролцож, Хан мөрний дээгүүр татсан, 30 метр өндөр, 1000 метр урт утсан дээгүүр 12.55 минут гүйж, дөрөвдүгээр байрт шалгарсан юм билээ. Монголын циркчдээс хамгийн залуудаа Соёлын тэргүүний ажилтан болсон тэрбээр үүнээс өмнө 2005 онд Швейцар улсад, 30 метрийн өндөрт татсан, 120 метр урт утсан дээгүүр, шөнө нуруундаа салют бэхлэн алхсан нь тухайн үедээ нэлээд шагшигдаж байв. Мөн Германд циркийн барилга болон томоохон байгууламжийн хооронд татсан 15-30 метр өндөр, 40 метр урт, өгсүүр, чанга утсан дээгүүр гүйжээ. 2008 онд Швейцарын Үйркхайм тосгонд, 30 метр өндөр дээр, 80 метр урт утсан дээр явсан зэрэг олон амжилтын эзэн М.Мягмарсайханы үзүүлэх Улаан цутгалангийн үзүүлбэрийн аюулгүй ажиллагааг Циркийн сургуулийн багш Х.Ганболд, акробатчин А.Чүвсэнсэнгэ нараар удирдуулсан багийнхан хангах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)