"Улаан Цамцтанууд" цусаараа тахил өргөнө

     Тайландын Ерөнхий сайд Апхисит Вежажива “улаан цамцтанууд”-ын тавьсан парламентыг тараах, шинэ сонгууль зарлах шаардлагыг хүлээн авахаас татгалзсаны дараа нийслэл Банкокт байдал улам ээдрээтэй боллоо. “Улаан цамцтанууд”-ын тэмцэл улам бүр хийрхлийн шинжтэй болж, Засгийн газрын ордон руу цусаа цацах хөдөлгөөн өрнүүллээ. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд тэд цусан хандив авч эхэлсэн байна. Тэдний удирдагч Веера Мусикапонг гэгч хамгийн түрүүнд цусаа хандивлаад, “Бидний тахил болгон өргөх энэ цус эх орончид ард түмнээ хэрхэн хайрладаг, бас үнэнч болохыг үзүүлэх юм” гэсэн байна.

    Ерөнхий сайд шаардлагыг нь биелүүлэхээс татгалзсаар байх аваас тэд хандиваар авсан цусаа Засгийн газрын ордны дааман хаалга руу цацах гэнэ. Тайландын Эрүүл мэндийн яам, Улаан загалмай нийгэмлэг болж байгаа үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд, “Олон хүнээс цус авах үеэр ариун цэвэр сахиагүйн улмаас эрсдэл гарч болзошгүй” гэж мэдэгдэв. Тэгвэл “Улаан цамцтанууд”-ын удирдагчид “Цус авах ажилд зориулан гурван асар барьсан. Бидний тэмцлийг дэмжиж байгаа эмч, сувилагч гээд мэргэжлийн хүмүүс сайн дураараа тусалж байгаа учраас эрсдэл гарахгүй” гэлээ. Тэд дэмжигчдээсээ нэг тонн орчим цус авах зорилготой байгаа юм.

      Сүүлчийн гурав хоногийг цэргийн баазад өнгөрөөсөн Ерөнхий сайд Апхисит Вежаживагийн байр суурь өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. Гуравдугаар сарын 15-нд “Улаан цамцтанууд”-ын төлөөлөгчдийн түүнтэй хийсэн уулзалт тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн.

О.Тогоо "Өнөөдөр" Сонин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)