Улаан буудай 25-30 хувийн цавуулагтай байгаа гэв

ХХААХҮ-ийн сайд ургац хураалтын явцтай газар дээр нь танилцаж, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг томилж, тодорхой үүрэг даалгавар өгчээ. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Баянцогт, Угтаал, Цээл, Сүмбэр, Жаргалант, Дархан-Уул аймгийн Орхон, Сэлэнгийн Хушаат, Сант, Хөтөл, Ерөө сумд ажилласан байна. Улсын хэмжээнд 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тн буудай, 176.8 мянган тн төмс, 91.2 мянган тн хүнсний ногоо, 38 мянган тн тосны ургамал, 80.4 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан баланс гарсан. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар 69.3 мянган га-г ангилан хадаж, нийт 181.8 мянган га-гаас 233.5 мянган тн үр тариа, үүнээс 227.4 мянган тн улаан буудай, 13.6 мянган га-гаас 167.3 мянган тн төмс, 6.4 мянган га-гаас 70.2 мянган тн хүнсний ногоо хураажээ. Ингэснээр үр тарианы хураалт 51.9, хүнсний ногооных 80.4, төмснийх 90.8 хувийн явцтай байгаа аж.

Төв аймгийн хэмжээнд үр тарианы хувьд 24 866 га-гаас 30 447 тн буюу нэгжээс 12.2, төмс 7396 га-гаас 95 468 тн буюу 129.1, хүнсний ногоо 925.7 га-гаас 9804 тн буюу нэгжээс 105.9, тэжээлийн ургамал 8302 га-гаас 27 864 тн буюу 33.6 цн ургац хураагаад буй. Өчигдрийн байдлаар үр тарианы 37, төмсний 95, хүнсний ногооны 87, тэжээлийн ургамлын 66.3, тосны ургамлын 30 хувийг хураан авчээ. Дархан-Уул аймгийн хувьд урьдчилсан балансаар 21 019 га талбайд тариалалт хийснээс 1413 га-гийн ургац алдаж, 19.6 мянган га-гаас 32.5 мянган тн ургац хураан авахаар байна. Энэ сарын 11-ний байдлаар нийт 11 774 га-гаас 22 024 тн ургац хурааж, 56 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Тэгвэл Сэлэнгэ аймгийн хувьд өчигдрийн байдлаар 66 691 га талбайгаас улаан буудай хураан авч, нэгж га-гаас 12 цн буюу 80 140 тн ургац авсан дүн гарчээ. Улаан буудайнхаа 47 хувийг хураагаад байгаа гэнэ.

Өнгөрсөн жилийн өвөл цас багатай, хөрсний чийг муу байсан, бороо оройтож орсноос шалтгаалж зарим нутгаар тариалалтыг хугацаанаас нь хожимдож эхлүүлсэн. Тиймээс тариа, ногооны болц гүйцэхгүй, тарианы чанар шаардлага хангахгүй байх эрсдэл үүсэж болзошгүй байжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны ажлын хэсгийн ахлагч, Гавьяат агрономич Г.Даваадорж “Энэ жил үр тариа хэдийгээр хорчгор байгаа ч чанарын хувьд харьцангуй сайн, цавуулаг нь 25-30 хувьд хүрч буйг гурилын үйлдвэр, мэргэжлийн лабораториудын шинжилгээ харуулж байна. Бид арваад аж ахуйн нэгжийн тариалангийн талбайгаар орж үзэхэд үр тарианы чийг санаа зовох хэмжээнд биш, өөрөөр хэлбэл, сайн хатсан байна. Үлдсэн хугацаанд ургац хураалтыг сайн зохион байгуулж, ойрын долоо хоногтоо шуурхайлах нь маш чухал” гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Ундрал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)