“Улаанбаатар-цэвэр агаар” төслийг 2021 он хүртэл үргэлжлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Улаанбаатар-цэвэр агаар” төслийг 2012 оноос эхлэн Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй бөгөөд энэ жил 5000 орчим айлыг “Дулаалга аян”-д хамруулахаар төлөвлөжээ. Төслийн гол зорилго нь дээрх тооны айлын халаалтыг цахилгаанаар шийдэх, халаалтын зуухнаас ялгарах утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах аж. Уг аяны хүрээнд иргэдэд гэртээ түлш хэрэглэхээс бага зардлаар дулаан хуримтлуурын цахилгаан халаагуур суурилуулж өгөх гэнэ. Гэр хорооллын айл өрхүүд түлшиндээ багаар бодоход сард 105 мянган төгрөг зарцуулдаг байна. Тэгвэл уг төсөлд хамрагдсанаар дулаан хуримтлуурыг хоёр жил түрээслэх эрхтэй болж, сард 50 мянга орчим төгрөг төлөх юм байна. Засгийн газар өвлийн улиралд утааг багасгахын тулд гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг тэглэж буй. Шөнийн цагт дулаан хуримтлуулах халаагуурын үнийн 70 хувийг төслийн санхүүжилтээс гаргах аж. Одоогоор 820 айл өрх төсөлд хамрагдахаар болоод байгаа гэнэ. Үлдсэн 4200 орчим нь харьяа хороондоо хандан хамрагдаж болох нь.

Бэлтгэсэн: А.Номундарь


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)