Улаанбаатар утаан “хөшиг”-өө эргэн нөмрөв

Дэнжийн мянга орчмын гэр хороолол. 2020.10.29-ний 08.39 цаг

Нийслэлийн засаг захиргааны II байр болох “Хангарьд” ордны нэгдүгээр давхарт агаарын чанарыг дэлгэцээр тогтмол мэдээлдэг байлаа. Хотын аль бүс, дүүрэг хамгийн их утаатай, агаарын чанарын индекс нь хэд байгааг тэндээс хардаг, мэддэг байв, саяхныг болтол. Харин одоо тэр мэдээлэгч үүргээ гүйцэтгэхээ больжээ. Оронд нь “Нийслэлийн агаарын бохирдлын 80, тоосонцрын хэмжээ 60 хувь, гэр хорооллын 200 гаруй мянган яндан, 3000 аж ахуйн нэгж” гэсэн ойлгомжгүй, утга, найруулга төгс бус өгүүлбэр хэдхэн минутын давтамжтай гардаг болж. Үйлчилгээний ажилтнууд “Утаа гайгүй болсон учраас тэгсэн байлгүй” гэж тайлбарлах юм. Харин яг энэ мөчид (өчигдөр 12.30 цаг) “O2” аппликэйшнээр Улаанбаатарын агаарын чанарыг хэмжихэд Нисэх 180, Баянхошуу 176, Монгол газар 174, Зуун айл 149 гэсэн үзүүлэлттэй байв. Стандартаар бол агаарын чанарын индекс 200 хүрвэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж эхэлдэг, 400-гаас давбал маш их бохирдолтой гэж үздэг юм. Өдрийн ид дулаан, галлагааны идэвхтэй бус цагаар Улаанбаатарын утаа иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байна. Энэ тоо өссөөр 20.00, 22.00 цаг гэхэд “улаан шугам”-ыг өлхөн давна. Угаасаа та, бид л утаанаасаа үүрд хагацсан мэт ойлгож, аяглаж буйгаас биш, “тэр” ойрын өдрүүдэд хорт бодисоо хотоор нэг тарааж буйг уншигчид мэдэрч байгаа нь лавтай.

Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон 62 дугаар тогтоолыг өнгөрсөн жил хэрэгжүүлснээр Улаанбаатарын агаарын бохирдол 50 хувиар буурсан гэсэн эерэг үзүүлэлт, сайхан мэдээг албаныхан танилцуулдаг. Иргэд ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Агаарын бохирдол хариуцсан байгууллагынхан, дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй хүмүүс “Энэ өвөл амжилтаа ахиулж, нийслэлийн утааг 80 хувиар бууруулна” хэмээн томоохон зорилт дэвшүүлсэн билээ. Улмаар түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсийг өргөжүүлж, таван хороог нэмсэн, нам даралтат зуух хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллагын тал шахам хувийг сайжруулсан түлшний хэрэглээнд “урвуулсан” (өмнөх жил хэрэгжүүлээгүй) учраас энэ өвөл утаа ирэх жилийнхээс ч бага байх нь гарцаагүй гэсэн итгэл үнэмшил албаныханд ч, иргэдэд ч бий болсон. Гэвч бодит байдалтай зөрчилдөв. Идэр есийн хүйтэн эхлээгүй энэ өдрүүдэд нийслэлийн агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс давсаар байгаа юм.

Утааны голомт бүхий бүсэд тооцогддог байсан Баянхошуу, Зуун айл, МҮОНРТ болон Нисэх, Сонсголон орчмын агаарын чанарын индекс өдөр 170-220-ийн хооронд хэлбэлзсээр, орой 21.00, 22.00 цагийн үед оргил үзүүлэлтдээ хүрч байна. Тухайлбал, энэ сарын 22-ны 21.45 цагт Сонсголонд агаарын индекс 416-д хүрч, МҮОНРТ орчмынх 276, Нисэхийнх 268, Баянхошууных 272, Зуун айлынх 254 болов. Үүнээс хоёр хоногийн дараа яг энэ цагт хэмжихэд Баянхошууных 400-д хүрч, бусад нь 240-310-ын хооронд байлаа. Харин уржигдар 20.45 цагийн байдлаар Сонсголон орчим маш их бохирдолтой буюу 500-гаас дээш гэсэн тэмдэглэгээтэй, Нисэх орчим 413, Гандантэгчэнлин хийдийнх 271, бусад нь 164-181-тэй байсан юм.

БОАЖЯ-ны харьяа, нийслэл дэх суурин харуулуудын мэдээлэлд үндэслэдэг agaar.mn сайт, “O2” аппликэйшн Улаанбаатарын утаа багасаагүйг, хорт бодис, тоосонцрын хэмжээ өдрийн оргил цагт аюул учруулахуйц түвшинд хүрч байгааг, иргэд амны хаалтаасаа бүрмөсөн салах цаг хараахан ирээгүйг ийнхүү илчилсээр. НҮБ-ын Хабитат, Грийнпийс, Байгаль орчны хөтөлбөрийн технологийн түншлэлийн хүрээнд байгуулсан, агаарын чанарын “AirVisual” сайт ч Улаанбаатарыг хамгийн бохир агаартай хот гэж хэдэнтээ зарлав. Тодруулбал, есдүгээр сарын 14, 17, 23, 28, аравдугаар сарын 14, 23-нд Монголын нийслэл энэ үзүүлэлтээрээ дэлхийн хотуудаас эхний тавд эрэмбэлэгджээ. Харин энэ сарын 23-нд тэргүүлсэн аж. УИХ-ын дарга асан З.Энхболд “Агаарын бохирдлоороо дэлхийд нэгдүгээрт орлоо” хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн ч иргэд тухайн асуудалд анхаарах бус, “Миний, чиний утаа” гэж талцаж, хэрэлдсээр өнгөрөөсөн юм. Гэвч үнэнийг үгүйсгэх аргагүй нь яалтай.

Өчигдөр 15.08 цагийн байдлаар Улаанбаатар хамгийн бохир агаартай 100 хотын 12 дугаарт Малайзын Куала Лумпур, Израилын Иерусалим хоттой зуузай холбож явна. Энэтхэгийн Дели, Пакистаны Лахор, Украины Киев хот эхний байрт жагсжээ. “AirVisual”-д хамгийн сүүлд энэ сарын 23-нд нийтэлсэн “Улаанбаатар хотын оршин суугчид хамгийн бохир агаараар амьсгалж байна” нийтлэлд “Тус улсын Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг хориглосны дараа хотын агаарын чанар эрс сайжирсан ч энэ оны ес, аравдугаар сарын дундаж үзүүлэлт муу байна. Өчигдрийн 20.00 цагийн байдлаар Улаанбаатар Энэтхэгийн Дели, Пакистаны Лахор, Хятадын Чэнду, Сербийн Белградын өмнө орж, тэргүүллээ” хэмээн онцолсон юм.

Улаанбаатарын агаарын бохирдол ийм түвшинд байна. Зарим үед, ялангуяа оройн цагаар хорт утаа яг л өмнөх шигээ үнэртэж, мэдрэгдэж, хоолой хорсгох боллоо. Гэвч иргэд дөжирчээ. Амны хаалт зүүсэн хүн тун ховор. Холбогдох байгууллагынхан “Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан” хэмээсэнд иргэд гүнээ итгэж, одоо ч энэ хэвээрээ “царцсан” гэж боддог бололтой. Утаа ярьсан, асуудал хөндсөн нэгнийгээ “Харин ч өмнөхөөсөө дээрдсэн. Бүх зүйлийг шүүмжилж, харлуулахаа боль” гэж үгүйсгэх хандлага түгээмэл байна. Төр, засгийн эрх барьж буй хүмүүс, нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагынхан ч үнэнийг хүлээн зөвшөөрөх “дургүй” сууна.

2020.10.29-ний 08.20 цаг

Утаа бол хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан тогтоол, шийдвэр гаргах, хуралдах төдийхөнд сарничихдаг зүйл биш. Гэр хорооллынхон тэр аяараа түүхий нүүрс хэрэглэхээ болилоо ч агаарын бохирдлын бусад эх үүсвэр болох цахилгаан станц, тээврийн хэрэгсэл, нам даралтат зуухтай томоохон аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн асуудлыг цэгцлээгүй цагт агаарт хорт бодис эргэлдсээр л байх юм. Өөрөөр хэлбэл, утаанаас ангижрахын тулд түүнийг ялгаруулагч бүх эх үүсвэртэй тэмцэх хэрэгтэй. Үүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, тууштай байдал чухал. Энэ бүхнийг зангидсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, шат дараатай хэрэгжүүлэх урт хугацааны бодлого шаардлагатай. Бидэнтэй ижил зовлонтой байсан дэлхийн улсууд ийм л замаар утаанаасаа салсан. Тиймээс “Өнгөрсөн жил утааг 50 хувиар бууруулсан. Энэ онд 80 хувьд хүргэж, түүний дараа ор мөргүй болгоно” гэж ярих нь, бодох нь дэндүү өрөөсгөл юм.

УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн гол “хөзөр” нь агаарын бохирдлын асуудал байв. Өнгөрсөн жил утаа мэдэгдэхүйц багассаныг нэр дэвшигчид өөртэйгөө яаж ийгээд хамаатуулахыг, “наахыг” хичээж, өнгөрсөн хугацаанд хийсэн гол ажлаа гэж тайлагнасан. Өчигдөр тохиосон нийслэлийн түүхэн өдрөөр ч хотын удирдлагууд “Нийслэлчүүд утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золголоо” хэмээн мэдэгдэж ахуйд (өчигдөр 16.30 цаг) Улаанбаатар агаарын бохирдлоороо дэлхийн хотуудаас есдүгээрт эрэмбэлэгдэж байв.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны III хуралдаан уржигдар болсон. Хорооны гишүүдийн хүрээнд л болсон тус хурлын үеэр ямар асуудал, шийдэл ярьсан талаар БОАЖЯ, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодруулахад ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав. БОАЖЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаныхнаас мэдээлэл авах боломжтой гэв. Харин тэд “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд төвийн зургаан дүүрэгт шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулж чадсан. Энэ амжилтаа бататгаж, 80 хувьд хүргэхээр төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна...” гэсэн албаны бөгөөд хуучин мэдээллээ өгсөн юм. Тус хорооны дарга холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг, чиглэл энэ үеэр өгчээ. Тодруулбал, шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх, хүртээмж, хяналтыг сайжруулах, өнжмөл нүүрсний асуудлыг цэгцлэх, угаарын хийн хордлогоос сэргийлэх чиглэлд анхаарахыг захисан аж.

“О2” аппликэйшн Улаанбаатарын агаарын чанарыг ийнхүү үнэллээ

Тус хуралд оролцсон, “Утаагүй аав, ээжүүд” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Пүрэвхүү “Нийтээрээ 300 орчим тэрбум төгрөг зарцуулаад, утаатай тэмцэж байхад 79 уурын зуух түүхий нүүрс түлсээр л. Нэг зуух нь 14 мянган айлын яндантай дүйцэх хэмжээний утаа гаргадаг. Даварсан уурын зуухнууд” хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж орхив. Хурлын үеэр агаарын бохирдлын одоогийн бодит нөхцөлийг гишүүд хүлээн зөвшөөрч, хэлэлцээгүй ч уурын зуухтай холбоотой асуудлыг ийнхүү хөнджээ. Харин энэ талаарх мэдээллийг дээрх эмэгтэй хөндөөгүй бол бас л “нууц” хэвээр үлдэх нь. Улаанбаатарт өдгөө хэчнээн аж ахуйн нэгж түүхий нүүрс түлж байгааг нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын түлшний бодлого хариуцсан мэргэжилтэн н.Батцэцэгээс лавлахад “Нам даралтат зуухтай 400 гаруй аж ахуйн нэгж байсны тэн хагас нь энэ жилээс сайжруулсан түлш хэрэглэхээр гэрээ байгуулсан” гэв. Тэгэхээр 70 ч биш, багадаа 200 гаруй уурын зуух яг одоо хотын агаарт хорт бодис нийлүүлж байна. Агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулах зорилт тавин ажиллаж буй холбогдох байгууллагууд гэр хорооллынхны яндан, зуухтай ноцолдож суухын оронд эндээс ажлаа эхлүүлэх нь зүйтэй мэт. Мөн утаа бүрмөсөн алга болчихоогүйг хүлээн зөвшөөрч, иргэддээ хорт бодис, тоосонцроос эрүүл мэндээ хамгаалах боломж олгоосой. Агаарын чанарын стандарт тогтоож, индекс баталсны гол зорилго нь үүнээс үүдэлтэй эрсдэл, гамшгаас хамгаалах гэдгийг тэдэнд ойлгуулах юм сан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)