Улаанбаатар-Лүн, Дундговь аймгийн Сайнцагаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

Төв аймгийн Лүн сумын нутагт энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрч, зорчих боломжгүй болсон тул ЗТХ-ийн сайдын тушаалаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 17-ны өдрийн 18 цаг хүртэл хязгаарласан.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум чиглэлийн авто замын 64-75 дахь км-т үерийн усны улмаас зорчих хэсгийн хоёр талын хөвөө нийтдээ усанд угаагдаж, хучилтууд хэсэгчлэн эвдэрч, доогуураа усанд идэгдсэнээс тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үүссэн тул Төв аймгийн Өндөр Довын уулзвараас Дундговь аймгийн Сайнцагаан сум хүртэлх зам, замын байгууламжийг түр хаасан.

Дээрх чиглэлүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд замын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учир “Авто зам, замын байгууламжийг түр хаах тухай” тушаалын хэрэгжих хугацааг сунгаж магадгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн амь, нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүйн тулд дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг ЗТХЯ-наас анхааруулж байна.

Цаг агаартай холбоотойгоор замын нөхцөл байдал хүндэрсэн тул тээвэрлэлтийн үйл ажиллагаа, замын нөхцөл байдал хүндэрсэн тус өдрүүдэд Автотээврийн үндэсний төвийн “Шуурхай бүлэг”, Хөдөлгөөний удирдлагын төв, орон нутгийн автотээврийн төв, АЗЗА, Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон нараар ахлуулсан баг бүрэлдэхүүн газар дээр нь ажиллав.

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн эдгээр өдрүүдэд Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс аймгаас Улаанбаатар хот чиглэлд тээврийн хэрэгслийн тээвэрлэлт гүйцэтгэж байсан 15 аж ахуй нэгжийн 27 тээврийн хэрэгслийн 1033 зорчигийг төв суурин газарт байршуулж, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Одоогийн байдлаар тус суманд бороо нэмж ороогүй боловч эвдэрсэн замыг засаж дуустал түр зам гаргаж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхлээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)