Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн зам барих санхүүжилтийг АН-ынхан голов

УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр хуралдлаа. Хэлэлцсэн асуудлын талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор анзаарагдахгүй өнгөрч, иргэдийг бухимдуулж байгаа, цаг үеийн зарим ажлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авч байхаар болсноо онцлов. Энэ удаа Улаанбаатар-Дархан-Уул болон Улаанбаатар-Гачуурт-Налайх чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын талаар салбарын сайд тэргүүтэй албан тушаалтнуудаас мэдээлэл авсан байна. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 200 гаруй км замын санхүүжилтийг АН-ынхан голов. Мөн арваннэгдүгээр сард, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулна гэдэгт эргэлзэж буй аж. Ирэх долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхнаас ургац хураалтын талаар мэдээлэл сонсох гэнэ.

Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй томьёоллыг баталсан байна. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах, ард нийтийн санал асуулга явуулах агуулга бүхий шаардлагад УИХ-ын дарга хариу өгөөгүйг мөн тэмдэглэв. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлахгүй, үнэмлэхүй олонхоороо хүч түрж батална гэвэл АН-ынхан хэлэлцүүлэгт оролцохгүйгээ дахин мэдэгдлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Зөвшилцөж байгаа талуудын ажлын явц ямархуу байна вэ?

-Миний бие зөвшилцөх ажлын хэсгийн хуралдаанд оролцсон. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, эсэх талаар нэлээд ярьсан. Тоонд асуудал бий гэж бид харахгүй байгаа. Завсрын гэмээр зарим нэг зүйлд онцгой ач холбогдол өгөх шаардлагагүй.

-Ард нийтийн санал асуулга явуулбал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж амжихгүй, нэлээд хөрөнгө, хүч шаардлагатай гэж яриад байна.

-Анх ирэх аравдугаар сарын 3-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ бүрэн ойлголцож байж батлах ёстой. Энэ бол төр тулгаж хийдэг ажил биш. УИХ үнэмлэхүй олонхоороо батлах юм бол мэдээлэлгүй байгаа ард иргэдэд шууд тулган шаардаж, эрх ашигтаа нийцүүлсэн нэмэлт, өөрчлөлт хийсэн гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлгүүд хийсэн. Гэхдээ Ерөнхийлөгч төслөө өргөн барьснаас хойш наадам, амралтын хугацаанд хэлэлцүүлэг хийсэн гэхэд итгэх боломжгүй. Ард нийтийг мэдээлэлгүй байгааг далимдуулж, нэг талын байр суурийг хэт баримталж болохгүй. Сөрөг үр дагаврыг нь хэн хариуцах вэ. Тэгээд ч энэ бол хөрөнгө, мөнгөөр хэмжигдэх хэрэг биш. Бид бараг гучаад жилийн дараа шинэ Үндсэн хуулиа хөндөх, эсэхээ хэлэлцэж байна шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)