Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт хоёр эгнээ зам барих нь

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн (өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан) хүрээнд Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлд нэмэлт хоёр эгнээ зам барих, мөн “Улаанбаатар хотын дулааны сүлжээ” төслийн зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, тус банкны бүс нутгийн дэд бүтцийн асуудал хариуцсан захирал Екатерина Мирошник, УБДС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан нар өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг өргөтгөх төслийг 137 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр шийдвэрлэжээ. Уг зээлийг 18 жилийн хугацаатай авч буй бөгөөд эхний дөрвөн жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Дээрх чиглэлийн 202 км замыг дөрвөн урсгалтай, “Asian highway 3” стандартын нэгдүгээр зэрэглэлийнх болгосноор Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, “Бүс ба зам” санаачилга зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтой гэнэ. Зам, тээврийн хөгжлийн яамныхны мэдээлснээр дээрх чиглэлийн шинээр барих хоёр эгнээ авто замын барилгын ажлын гүйцэтгэгч, үүнд техник, технологийн хяналт тавих зөвлөх, төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтыг ЕСБХБ-ны цахим хуудсаар дамжуулан анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулжээ.

Нийслэлийн дулааны шугам сүлжээг шинэчлэх, дэд станцуудыг сайжруулах, шинээр байршуулах, дулаан түгээлтийн хэмнэлтийн горимоор ажиллах аккумляторуудыг суурилуулах зорилго бүхий “Улаанбаатар хотын дулааны сүлжээ” төслийг 16.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх нь. Үүний 10 сая ам.доллар нь зээл, таван сая нь буцалтгүй тусламж, 1.5

сая нь техникийн туслалцаа хэлбэртэй байх аж. Уг төслийн хүрээнд нийт 3.8 км магистралын шугамыг шинэчилж, шахуургын станцыг өргөтгөснөөр I, III, IV, X хорооллын орон сууцууд, Хан-Уул дүүргийн XI, XV хороо, Баянзүрхийн орон сууцын зарим хорооллын дулаан хангамжийг сайжруулах, хэрэглээг хангах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн дулааны 7.6 км шугам татсанаар Баянзүрх дүүргийн аравдугаар хороо болон Амгалан, III, IV хорооллын эцэс, Бичил хороолол, Толгойт, Цэргийн хотхон орчмын дахин төлөвлөлтийн байршилд шинээр орон сууцын хорооллуудыг холбох боломжтой болох нь.

Бэлтгэсэн: Ц.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)