Улаанбаатарын үнэр дайжих уу

Хотын баруун хэсэгт амьдардаг иргэдийн хамрыг “мялаадаг”, заримдаа бүр төвөөр ч зочилдог, Төв цэвэрлэх байгууламжийн гэх тодотголтой өмхий үнэрээс өнгөрсөн зун бид АСЕМ-ын ачаар арай гэж ангижирсан түүхтэй. Уг арга хэмжээг энэ жил Монгол Улс зохион байгуулахгүй учраас манайхан түргэн авч, хөл хөдөлгөөн болохгүй. Гадаадынхан ирэхгүй юм чинь өмхий самхайгаа дарахгүй ч байж болно гэсэн үг.

Гэхдээ АСЕМ-ыг далимдуулж үнэр дарах ажиллагаа өрнүүлсэн учир хуучных шиг жорлонд байгаа мэт сэтгэгдэл арай ч төрүүлэхгүй байлгүй гэж найдаж байна. Өмхийн голомтын орчим амьдардаг иргэд ч одоохондоо амар жимэр сууж буйгаа дуулгасан. Харин удахгүй дулаарч, цаашлаад зун болохоор хэрхэх бол?

Олон улсын төлөөлөгчдийн өмнө нүүрээ улайлгахгүйн тулд АСЕМ-ын өмнө “жорлонгийн” үнэрийг нэн даруй дарах үүргийг Ерөнхий сайд холбогдох байгууллагуудад үүрэгдсэн. Ингээд арга хэмжээ авахад зориулж улсаас 8.1 тэрбум төгрөг гаргасан. Ажил ч үр дүнгээ өгч, улаанбаатарчууд өмхий биш, эрүүл агаараар амьсгалж болдгийг харуулсан. Сэтгэл байвал ажил хийж болохыг төр түмэндээ тийн нотолсон нь үгүйсгэх аргагүй үнэн. Гэхдээ уулзалт дуусаж, гадаадынхан буцаад төд удалгүй бохирын үнэр сэргэсэн нь энэ зун дахиад ханхлахын цондон гэхээс өөр яах вэ.

Төв цэвэрлэх байгууламжийн гэх тодотголтой өмхий самхай хэд хэдэн эх үүсвэртэй. Байгууламжийн өдөр тутмын үйл ажиллагаанаас гарсан лагийг хуримтлуулдаг задгай талбай гол голомт нь. Нийт 15 га газрыг эзэлдэг уг талбай 44 карт буюу хэсгээс бүтдэг. Нэг картанд хуримтлуулсан лагийг 3-4 жилийн турш хадгалж, байгалийн жамаар хатаадаг гэхээр тэр хугацаанд нойтон лагнаас үнэр ялгаралгүй дээ. Арай гэж хатсаны дараа хуулж аваад лаг хуримтлуулах талбайд бас л ил задгай овоолдог нь өмхий ханхлах бас нэг эх үүсвэр болдог байна.

Цэвэрлэх байгууламжаас гарсан усыг Туул голд хүргэх сувгаар уг нь сайтар цэвэрлэгдсэн ус урсах ёстой. Гэхдээ зарим тохиолдолд байгууламж ачааллаа дийлэхгүй “самгардаж”, ус, лаг нь ялгагдахгүй юм сувгаар гүйдгээс болж тэнд 70 см зузаан лаг хуримтлагджээ. Нийт 12 орчим га талбай эзлэх тус суваг дээрх шалтгааны улмаас Улаанбаатарын үнэрийн гол “үйлдвэрлэгчдийн” нэг болдог юм. Байгууламжаас гарсан ус 50 га талбайд хуримтлагдаж, бүр нуур үүсчихсэн нь өмхий тарих бас нэг хүчин зүйл аж. Дээрх асуудлуудыг шийдэхэд өнөөх 8.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд 44 карт дахь лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, Цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх сувгийг цэвэрлэх зэрэг цөөнгүй арга хэмжээ аваад байгаа юм. Мөн үнэр гарах хамгийн том шалтгаан болдог учраас байгууламжийн доголдсон, элэгдэж муудсан зарим тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг сайжруулсан гэнэ.

Энэ мэтийг багтаагаад нийт 25 багц ажил гүйцэтгэхээр төлөвлөснөөс одоогоор 19-ийг нь бүрэн дуусгасан бол үлдсэнийг нь хараахан амжуулаагүй юм билээ. Уг нь АСЕМ-аас өмнө буюу өнгөрсөн оны долдугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь, амжуулж чадахгүй байсаар өвөлтэй золгож, хүйтэрсэн тул түр зогсоочихсон байгаа аж. Ирэх сараас үргэлжлүүлж, зургадугаар сарын 1 гэхэд эцэслэх зорилго тавьжээ.

Засварын ажил дууссаны дараа цэвэрлэх байгууламж лаг халдваргүйжүүлэх шинэ дамжлагатай болох гэнэ. Тус байгууламж өдөрт 190.000 (сарын дундаж үзүүлэлт) орчим шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлээд Туул голд нийлүүлдэг. Уг үйл ажиллагааны явцад өдөрт 1500 шоо метр лаг ялгардаг байна.

Өмнө нь бол гарсан лагийг халдваргүйжүүлэлгүйгээр задгай талбайд хаяж, дээр дурдсанчлан байгалийн жамаар хатах хүртэл нь хүлээдэг байв. Харин засвар хийснээр шинээр гарч буй лагийг тогтмол ариутгадаг болох аж. Ингэснээр лаг цэвэрлэгдэж, бордоонд ашиглах ч боломж бүрдэх гэнэ лээ. Хэрхэн биеллээ олохыг нь харах л үлдэв.

Төлөвлөсөн энэ мэт ажлуудаа ирэх зунаас өмнө дуусгалаа ч өмхийгөөс бүрэн салах магадлал бага гэнэ. Байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулсан гэхээр өдгөө 53 нас хүрч байна. Тэгсэн хэрнээ ачаалал нь жилээс жилд нэмэгдэж, хүлээн авах усны хэмжээ төдийгүй, бохирдлын түвшин нь ахисаар байгааг ажилтнууд нь мэдээлдэг. Нөхцөл байдал ийм тул хэчнээн заслаа шинэ юм шиг болохгүй нь хэнд ч ойлгомжтой.

Бохирын үнэр дайжих боломжтой, эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн М.Балдандоржоос тодрууллаа. Тэрбээр “Иргэд энэ засварыг дуусгачихаар ямар ч асуудалгүй болчих юм шиг ойлгож байна. Төв цэвэрлэх байгууламж олон жил ажилласан, ашиглалтын шаардлага хангахгүй шахуу болчихоод буй. Ийм том байгууламжийн асуудлыг 8.1 тэрбум төгрөгөөр бүрэн шийдчихнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт.

Машин аваад хэдхэн жил уначихаад заавал засуулдаг биз дээ. Түүн шиг байнга тордох ёстой ч үнэндээ ойрын хэдэн жил арга хэмжээ аваагүй” гэсэн юм. Энэ оны тухайд бол үлдсэн ажлаа дуусгахаас өөр төлөвлөгөө, төсөвлөсөн хөрөнгө байхгүй юм билээ. Тиймээс тогтмол тордох санаачилга ирэх он хүртэл хүлээгдэх бололтой.

Байгууламж нэлээд хуучирч, засал авахад хэцүү болсон тул нэн даруй арга хэмжээ авах талаар амтай болгон ярьдаг болсон. Нэлээд өндөр настай тул тоног төхөөрөмжүүд нь элэгдэж хуучирсан, стандартаас хэтэрсэн их ус хүлээн авдаг зэрэг ярьсаар байгаад улиг болчихсон асуудал хэтэрхий олон. Нэгэнт ийм байдалд хүрсэн тул шинээр барихаас өөр аргагүй гэж эрдэмтэн, мэргэжилнүүд хэдийнэ сануулаад олон жил өнгөрчээ.

Харамсалтай нь, “Одоо эхэлье” гээд ханцуй шамлах зоригтон гарч ирсэнгүй. Өөрийгөө олонд таниулж, од болох хүсэлтэй хүмүүс хааяа нэг түүгээр эргэлдэж, зураг татуулж, “Шийднэ” гэж цээжээ дэлдэхээс хэтэрсэнгүй. ТЭЗҮ боловсрууллаа гэж дуулдсан ч түүнийхээ дагуу ажил эхэлсэнгүй, дэндүү удлаа. Шинэ байгууламжийн сураг одоо ч дуулдаагүй л байна.

Шинэ байгууламжтай болтол хуучнаа ашиглах нь, тэр хүртэл тэсэхээс өөр зам байхгүй нь үнэн. Тэсээд зогсохгүй, Улаанбаатарын иргэдийг өмхийгөөр байн байн утахгүй байх ёстой. Эс тэгвээс нийслэлчүүдийн эрүүл мэнд хэрхэхийг хэлж өгөх хүн одоогоор алга.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)