Улаанбаатарчууд мөнгөн усаар амьсгалж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумд хууль бусаар алт олборлож байсан хятад иргэд цианит натри, мөнгө усаар шороо угааж, их хэмжээний газрыг бохирдуулсан хэрэг 2007 онд гарсан нь дуулиан тарьж, олныг цочирдуулж байв. Монголчууд эл үйл явдлаас л мөнгөн усны хор хөнөөлтэй “танилцсан” гэхэд хилсдэхгүй. Гэхдээ мөн л өрөөсгөл ойлголттой байсаар өдий хүрснийг Монгол, Японы эрт, эдүгээ, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Япон улсын Чюоггакүин сургуулийн нийгмийн тогтолцооны судалгааны төвийн захирал Сато Хироши дурдсан юм. Учир нь бидний хайхрамжгүй хаядаг хог, өдий хүртэл тэмцээд гаргалгааг нь олоогүй утаа монголчуудыг мөнгөн усанд “живүүлж” мэдэхээр байгааг тэрбээр анхааруулсан юм.

1996 онд манай Засгийн газрынхан Японы эрдэмтдийг урьж, хөгжлийн чиг хандлага, хөгжиж буй орнуудад тулгамддаг асуудлуудын талаар илтгэл сонсож байжээ. Тухайн үед ирсэн япон эрдэмтдийн дотор Сато Хироши байсан аж. Тэрбээр Японы эдийн засаг хөгжихийн хэрээр байгаль орчноо хэрхэн сүйтгэж, хүн арддаа ямар хор хөнөөл учруулж байсныг хэлж байж. 1996 он бол манай улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж байсан тул үйлдвэрүүдээ хэрхэн хөгжүүлэх, ямар шинэчлэл хийх талаар өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас судлах нь чухал байсан тул байгаль орчноо анхаараагүй, одоо ч тийм хэвээрээ байгааг тэрбээр онцолсон.

БАЙГАЛЬ, ЭКОЛОГИД НӨЛӨӨЛЖ БУЙ МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭ

Тухайн үед Сато Хироши тавьсан илтгэлдээ үйлдвэржилтийн нөлөөгөөр байгаль орчинд ямар хөнөөл учрах талаар дурджээ. Тухайлбал, нэгэн уурхайнхан ашиглаж байсан мөнгөн усаа далайд асгаснаас сүүлгүй загас төрөх зэргээр амьтдад сөргөөр нөлөөлөх болсон аж. Түүгээр ч зогсохгүй иргэд нь ч эрүүл мэндээрээ хохирсон гашуун түүх бий. Энэ бол хөгжиж буй орнуудад нийтлэг үзэгддэг алдаа гэдгийг манайханд сануулсан юм байна. Түүний илтгэлийг сонссон манай сайд, дарга нар “Тийм зүйл байдаггүй” гэж бодож, ойлгохгүй байгаа мэт санагдсан тухайгаа тэрбээр дурдсан. Гэтэл манай улсын байгаль экологийн өнөөгийн байдал тухайн үед анхааруулсан шиг болсныг дахин санууллаа.

Тэрбээр мөнгөн ус биш, гол, мөрний бохирдол судалдаг байж. Тиймээс анх манай улсад зочилсноосоо хойш хэд хэдэн удаа ирж, Монголын ундны усанд судалгаа хийжээ. Ингэхдээ Гачуурт, Буянт-Ухаа, Яармаг, Мах комбинатад байрладаг, улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэрээс судалгаагаа эхлүүлжээ. Судалгаа хийхэд нь анхаарал татсан нэг зүйл нь гол болон гүний ус. Усыг цэвэршүүлээд Улаанбаатарын орон сууцны айл өрхөд түгээдэг. Гэтэл тухайн үед голын ойролцоох ургамал үхэж, тэндээс ундаалсан мал, амьтан хордож, хээл хаяж буй тухай мэдээллүүдийг өдөр тутмын сонинууд нийтэлж эхэлсэн гэнэ. Тиймээс тэдгээрийн учрыг олохоор судлахад энэ нь зөвхөн улаанбаатарчуудын асуудал биш болохыг ойлгосон аж. Учир нь Улаанбаатар хотод үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс Туул голд бохироо асгадгаас гадна уул уурхайн асуудал хүндхэн байгааг хэвлэл мэдээллээр дамжуулан сонссон нь мөнгөн усны хор хөнөөлийг судлах зам руу хөтөлжээ. Тэр дундаа “нинжа” нарын ажил сонирхлыг нь татсан аж. Монгол Улсын хуульд бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг хориглосон ч одоо хүртэл байсаар. Тэд мөнгөн ус хэрэглэж, түүгээр дамжуулан байгальд хор хөнөөл учруулж буйг тэрбээр хэлсэн. Түүнчлэн улаанбаатарчууд өдөр тутам мөнгөн усаар амьсгалах болсныг ч онцлов.

“ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ Л БАЙГАА БОЛ МӨНГӨН УСААР АМЬСГАЛНА ГЭСЭН ҮГ”

Манай улсад жилийн хагаст нь хүйтэн, сэрүүн байдаг. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалах эдгээр өдрүүдийг даван гарахын тулд нийслэлчүүд өнөөг хүртэл түүхий нүүрсээр дулаанаа шийдэж ирсэн билээ. Энэ оны тавдугаар сараас л Улаанбаатарын утааны бүсэд оршдог айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Гэхдээ тусгай зөвшөөрөлтэй байгууллагынхан болон орон нутаг, хотын төвөөс алслагдсан хорооны иргэдийг түүхий нүүрс хэрэглэхийг хориогүй. Гэтэл түүхий нүүрснээс ялгарч буй хорт бодист мөнгөн ус байдгийг Сато Хироши олж мэджээ. Тэрбээр өнгөрсөн онд манай улсын агаарын бохирдлыг судалсан байна.

Сүүлийн үед өсөлтгүй жэрэмслэлт, төрөлхийн гажигтай хүүхдийн тоо өссөөр байгаа харамсалтай тоо баримт бий. Тодруулбал, манай улсад 2014 оноос хойш нярай үедээ оношлогдсон, төрөлхийн гажигтай хүүхдүүдийн 600 орчим нь “хүн” болоогүйг “Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчин, эндэгдэл, төрөлхийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгаа”-нд улаанаар тэмдэглэжээ. Гэтэл энэ бүхэн нь бид мөнгөн усанд хордож буйг илтгэх нотолгоо аж. Сато Хироши “Мөнгөн ус утаагаар дамжиж хүний биед ордог. Иймд олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Утаанд мөнгөн ус ямар хэмжээгээр агуулагдаж байгааг мэдэж, тогтоох хэрэгтэй. Үүнийг нотлох хамгийн наад захын жишээ нь ургийн гажиг. Утаанд агуулагддаг мөнгөн ус эхээс урагт нөлөөлж буйн илрэл. Танай улс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон нь сайшаалтай ч сайжруулсан түлшид мөнгөн ус агуулагдахгүй хэмээн бодож болохгүй. Тиймээс ямар хэмжээтэй агуулагддаг талаар дорвитой судалгаа хийх шаардлагатай. Монгол Улсад мөнгөн ус аюулын харанга дэлдээд байна гэсэн минь энэ” гэв.

ХӨРСӨӨР ДАМЖИН МӨНГӨН УСАНД ХОРДОЖ БУЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Манай улс, тэр дундаа Улаанбаатарын хөрсний бохирдол тартагтаа тулсан талаар бид олонтоо уншиж, ярьсаар ирсэн. Гэхдээ үүнийг ихэвчлэн нүхэн жорлонтой холбон шүүмжилдэг. Хашаандаа худаг гаргуулж, орон сууц шиг тохижуулан амьдрах хүн цөөнгүй. Тэгвэл замбараагүй хог хаягдал ч хөрсний бохирдол үүсгэдэг, тэр дундаа илүү хортойгоор нөлөөлдгийг санахад илүүдэхгүй нь. Ил задгай орхисон хог хаягдал бол хөрс бохирдуулах эх үүсвэр. Ялангуяа манайхан шиг хогоо ангилан ялгах нь бүү хэл, зориулалтын саванд нь ч хийж чаддаггүй иргэдэд бүр ч хатуу сануулмаар. Учир нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон гэрлийн чийдэнд мөнгөн ус агуулагддаг. Гэхдээ сүүлийн үеийн LED гэрэлд байхгүй гэдгийг эрдэмтэн Сато Хироши дурдсан. Мөн халууны шил, гэрийн дулаан мэдрэгч гээд мөнгөн ус агуулдаг бүтээгдэхүүн олон. Нялх хүүхэдтэй айл бүрт халууны шил байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс бидний хайхрамжгүй орхисон хаягдал дунд энэ мэт мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүн байхгүй гэх баталгаа алга. Япон улс минамата өвчнөөс хойш энэ талаар нарийн судалж, иргэддээ ухуулан таниулах сурталчилгаа хийх болжээ. Японд бүү хэл дэлхий дахинд харамсаж, халагламаар санамж өгсөн эл өвчнийг бид үр хойчийнхоо төлөө санаж авахад илүүдэхгүй биз ээ.

Мөнгөн усны бохирдлын талаар анхааруулсныхаа дараа эрдэмтэн Сато Хироши хэрхэн шийдвэрлэж болох талаар санаа бодлоо илэрхийлсэн юм. Тэрбээр “Танай улсад маш их хүйтэрдгийг би мэднэ. Тиймдээ ч өдий хүртэл түүхий нүүрс хэрэглэсээр ирсэн. Гэхдээ халаалтын системийг цахилгаанаар шийдэх нь хамгийн зөв арга гэж бодож байна” гэлээ. Япон Улсад төвийн халаалтын систем байдаггүй. Айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд дор бүртээ өөрсдөө дулаанаа шийддэг. Ихэнх нь цахилгаанаар дулаанаа шийддэг бол зарим нь байшингийнхаа дээврийг нарны хавтангаар бүрхсэн байдаг гэнэ. Ингэснээр цахилгаан хуримтлуулж, хэрэглээнээсээ үлдсэнийг нь худалддаг аж. Дулаанаар хангаагүйнхээ төлөө тус улсын Засгийн газраас иргэддээ нэг ч иен төлдөггүй. Иргэд нь ч “гомдоллодоггүй” аж. Тиймээс бид өөрсдийнхөө, цаашлаад үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө засаг, төрийн дэмжлэг хүлээж суулгүй, дор бүрнээ хариуцлагатай хандвал ганц ч болов аюулаас мултарч чадах нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)