“УЛААНБААТАРЧУУДАД ХОТОО ХАЙРЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА”

“Imagination” фильмийн хамт олон “Ах дүүс”, “Эрэмдэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл тэд тун удахгүй “Улаанбаатар, би чамд хайртай” хэмээх телевизийн олон ангит киног үзэгчдэд хүргэх нь.

Тус фильмийн гүйцэтгэх продюсер, маркетингийн албаны дарга, жүжигчин Б.Эрдэнэбаттай өчигдөр 16:00 цагийн үед утсаар холбогдлоо.

-“Улаанбаатар, би чамд хайртай” кино хэдэн ангитай вэ. Үзэгчдэд хэзээ хүрэх бол?

-20 ангитай. Ирэх оны эхний улирлаас үзэгчдэд хүргэнэ.

-Кинонд ажиллаж байгаа уран бүтээлчдийг танилцуулахгүй юу. Гол дүрд ямар жүжигчид тоглож байна вэ?

-“Imagination” фильмийн уран бүтээлчид ажиллаж байгаа. Ерөнхий найруулагч, зохиолч М.Энхболд, найруулагч А.Төгсбаяр, ерөнхий зураглаач Ж.Отгондаваа, ерөнхий зураач Ж.Мөнх-Оргил, дууны найруулагч, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Я.Одгийв нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Гол дүрд “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга болон О.Цэнгэл, Т.Бадамжав нар тоглосон. “Хэцүү анги”, “Гэр” гэх мэтчлэн олон ангит кинонд ажиллаж байсан туршлагатай хамт олон гар нийлж ажилласан.

-Киноны нэр үзэгчдийн сонирхлыг татаж байгаа байх. Энэ талаар тодруулаач?

-Улаанбаатар хотыг гэгээлэг талаас нь харуулсан кино болно. Өнөөгийн Улаанбаатар хотын залуусын өнгө төрх, стиль имиж, хайр дурлал, хотын бүтээн байгуулалтыг ч харуулна.

Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүхнийг хотдоо хайртай байгаасай, улам цэвэр цэмцгэр хотод амьдарцгаая гэж уриалах гэж энэ нэрийг өгсөн юм.

-“Улаанбаатар, би чамд хайртай” кино аль телевизээр гарах вэ?

-Киноны зураг авалт дуусаагүй учраас аль телевизээр гарахыг хэлэхэд эрт байна.

-“Imagination” фильмийн дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу?

-Дараа дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн. Нэг ангит бүрэн хэмжээний кино, олон ангит кино хийнэ. Одоогоор зохиолоо бичиж байна.

А.ТАЙШИР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)