Улаанбаатарт эрүүл хүүхэд төрүүлэхэд бэрх боллоо

“Хотын утаа хүүхдийн эрүүл мэндэд хор учруулж байна” гээд зоригтойхон хэлчих эмч, мэргэжилтэн саяхныг хүртэл олддоггүй байв. Энэ нь агаарын бохирдол нялхсыг хэрхэн хөнөөж буйг батлах дорвитой судалгаа хийгээгүй байсантай холбоотой. Харин одоо бид баталгаа, нотолгоотой “заргалдах” цаг иржээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд” судалгааг төр, засаг, иргэний нийгмийн байгууллагуудын 70 гаруй мэргэжилтний тусламжтайгаар энэ онд нэгтгэсэн нь томоохон баримт бичиг болов. Тус сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхэд, жирэм сэн эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн. Энэ нь ураг амьгүй болон дутуу, жин багатай төрөх, цаашлаад амьсгалын замын архаг өвчин, уушгины хатгалгаагаар хязгаарлагдахгүй болж, амийг нь авч одох боллоо. Хорт утаа хүүхдийг хэвлийд байхаас нь эхлээд насанд хүрсэн хойно нь ч заналхийлж буйд санаа ихэд зовниж байна. Агаарын бохирдлыг зөвхөн улаанбаатарчууд биш, улсын хэмжээнд ярих болжээ” хэмээн судалгааны тайландаа онцолжээ.

Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд Монгол Улсыг хүйтний улиралд хүн амьдрахад хамгийн аюултай хотоор нэрлэн, АНУ-ын “Нью-Йорк таймс” сонин “Монголчууд амьсгалсныхаа төлөө үхэж байна” гарчигтай нийтлэл гаргасан нь олон улсад бидний нэр хүндийг “өндөрт өргөөд” буй юм. Учир нь, Улаанбаатарын зарим хэсэгт агаарын бохирдлын түвшин байнга маш их буюу улаан өнгийн дохио зааж, ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс хэдэн зуу дахин их байна. Тус байгууллагын зөвлөсөн хэмжээгээр бол манай улс аль хэдийн онц байдал зарлаж, иргэдээ хотоос хөөх ёстой байв. Гэвч эрх баригчид “Агаарын бохирдол түгшүүр зарлах хэмжээнд хүрснийг хэн нотлох юм бэ” гээд хээвнэг суух. Болж өгвөл бохир агаарын индексийг худал мэдээлэх, иргэдээс аль болох нуухыг хичээх болсон. Бид ч яах вэ, насанд хүрсэн хүмүүс гээд эхний удаа өөрсдийгөө хойш тавья. Тэгвэл Монголын ирээдүй болсон балчир үрс хэвлийдээ утаанд боомилуулан, төрснийхөө дараа ч угаараар “угжуулж”, хар нялхаараа өвчний үүр уурхай болсоор байх уу.

Хүний эрүүл мэндэд онц ноцтой, хор хөнөөл учруулах хэмжээний бохир орчинд амьдарч буй хүүхдүүд, тэр дундаа тав хүртэлх насныхан уушгины үрэвсэл, амьсгалын замын архаг өвчинд нэрвэгдэн, богино хугацаанд хүндэрч, нас барж буйг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаанд дурдсан. Ургийн эндэгдэл өвөл нь зунаасаа 3.5 дахин их байгааг анхаарууллаа. Тодруулбал, сүүлийн 10 жилд 10 000 хүн тутамд ногдох амьсгалын замын өвчин огцом тархаж, 2.7 дахин өсжээ. Өнөөдрийн байдлаар тав хүртэлх насныхны эндэж буй хоёр дахь том шалтгаан нь уушгины үрэвсэлт өвчин болж. Агаарын бохирдол өндөртэй дүүрэгт оршин суудаг багачуудын уушгины багтаамж орон нутгийн хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг судлаачид хэлэв. Ийм байдалтай удвал агаарын бохирдлын улмаас хүүхдийн өвчин, эндэгдэл улам нэмэгдэн, анагаах зардал нь л гэхэд 2025 онд одоогийнхоос 33 хувиар нэмэгдэх хандлагатай аж. Эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргаж, эсрэг арга хэмжээ авахгүй бол 2018-2025 онд хүүхдүүд 1.2 сая хоног хэвтэн эмчлүүлэх, 145 000 удаа амбулаториор үзүүлэх нэмэлт ачааллыг эмнэлгүүд үүрэхээр байна. Шууд бус санхүүжилт, өвчтэй хүүхдээ асрах гэж ажлаасаа чөлөө авах эцэг, эхийн хөдөлмөрийн үнэлгээг тооцвол нийт зардал 46.6 тэрбум төгрөгт хүрнэ гэж мэргэжлийн хүмүүс тогтоожээ.

Манайхан “Нялхас болон тав хүртэлх насныхны эндэгдэл тогтвортой буурч, Мянганы хөгжлийн Гэвч хүн ам цөөн байсан 1990 оны тоон үзүүлэлтийг одоогийнхтойхэдий болтол жиших гэсэн юм бол. ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаныхан улсын хэмжээнд эх, хүүхдийн өвчин, эндэгдлийн талаарх тоон мэдээллийг нэгтгэдэг. Тус албаныхан “Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчин, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгаа IV”-г гаргаад буй. Тайланг сөхвөл, 2013-2017 онд жилд дунджаар 470-560 хүүхэд амьгүй төрж, 900-1200 ураг зулбасан байна. Тэгвэл нярайн үедээ дунджаар 771, 1-12 сартайдаа 1315, 1-5 насандаа 1500 орчим хүүхэд нас баржээ. Хэвлийдээ бүтсэн, амьгүй төрсөн нялхсыг оролцуулахгүйгээр тоолбол, Монгол Улс жил бүр тав хүртэлх насны 3000 орчим иргэнээ буцаагаад “явуулчихдаг” аж. Судалгаанаас харахад, тэдний тал хувийг өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилж болох байсан нь харамсалтай. Энэ нь бага насныхны өвчин, эндэгдлийг бууруулах бүрэн боломжтойг илтгэж буй юм. Учир нь, ийм насны хүүхдүүдийн эндэж буй гол шалтгаанд амьсгалын замын өвчин, уушгины хатгалгаа, осол гэмтэл онцлох байр эзэлж байна. Зөвхөн хатгалгаагаар гэхэд жил бүр 400-500 хүүхэд нас барах болжээ. Эдгээр өвчин хүндрэхэд хорт утаа хамгийн их буруутай.

Түүнээс гадна агаар, хөрсний бохирдлоос улбаатай ургийн гажиг, хүүхдийн өвчний хавдар хурдацтай нэмэгдэх болсныг эмч, мэргэжилтнүүд хэлэв. Сүүлийн дөрвөн жилд цусны эмгэг, нүд, чих, нүүр, амны согог, уруул, тагнайн сэтэрхий, зүрх, судас, хоол боловсруулах, амьсгалын эрхтэн тогтолцооны гажигтай 2561 хүүхэд мэндэлсний 574 нь энджээ. ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба 2014 оноос төрөлхийн хөгжлийн гажгийг улсын хэмжээнд 0-28 хоногтой байхад нь бүртгэж эхэлсэн бөгөөд тоон мэдээллийг олон улсын жишигт ойртуулах, тархалтыг тогтоох зорилгоор 2015 оны нэгдүгээр сараас таван нас хүртэл нь дүнг нэгтгэх болсон. Өнгөрсөн оны байдлаар гэхэд ийм насны 3279 хүүхэд төрөлхийн гажигтай гэж тоологдсон нь хоёр жилийн дотор 1339-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Тэгвэл 122 хүүхэд хорт хавдраар өвчилсөн нь 2016 оноос 14-өөр нэмэгдсэн тоо юм.

Тэдний 39.3 хувь нь дөрөв хүртэлх, 24.6 хувь нь 5-9, 18.9 хувь нь 10-14, үлдсэн нь 15-19 насныхан байна. Төрөлхийн гажиг, хавдар үүсгэгч гол хүчин зүйлд генийн өөрчлөлт, удамшил, эцэг, эхийн хорт зуршил, хотын утаа голлон нөлөөлж буй аж.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны цорын ганц шийдэл гэдгийг албаны хүмүүс онцолж буй. Дэлхий дахинд ядуурлаас ангижирч, улс орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээ сайжирсантай холбоотойгоор хүүхдийн эндэгдэл хурдацтай буурч байна. 2000 оноос хүүхдийн амьдрах орчин, чадварыг дээшлүүлэхэд гаргасан улс орнуудын ахиц дэвшил нь тав хүртэлх насны 50 сая хүүхдийн амийг аварчээ. НҮБ 2018-2030 онд хүүхдийн эндэгдлийг 10 саяар бууруулах шаардлагыг гишүүн орнууддаа тавиад буй. Гэвч манай улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ болон өнөөгийн бодит байдлаас харвал нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт өвлийн улиралд сайжирч, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртлээ олон жил зарцуулах төлөвтэй. Тэр болтол мянга мянган хүүхэд агаарын бохирдлын улмаас өвдөж, шаналах нь гарцаагүй.

НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын талаарх байр суурь, Хүүхдийн эрхийн тухай конвенцод зааснаар тухайн улс агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнд хөрөнгө оруулаад зогсохгүй хүүхдүүдийг утаанд өртүүлэхгүй байх, өвдсөнд нь эмнэлгийн тусламж үзүүлэхэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг онцолсон байдаг. Тодруулбал, Улаанбаатар хотын утаа багасаж, хорт чанар нь бууртал хүүхдүүдийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулах, амны хаалт үнэгүй тараах, эрсдэлтэй бүлгийн багачуудад шаардлагатай эм, тариагаар үйлчлэх, өрхийн эмнэлгүүдийн эмч нарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах, өвлийн улиралд аюулын түгшүүр зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг зөвлөж байна.

АНУ-ын Чикаго хотын их сургуулийн Агаарын чанарын газрын судалгааны багийнхан хорт утааны улмаас хүний нас дэлхийд дунджаар 1.8 жилээр хорогдож буйг мэдээлэв. Тэд агаарын бохирдол хамгийн өндөртэй Энэтхэг улсын нэгэн бүс нутгийн оршин суугчдын дунд судалгаа явуулахад дундаж нас нь 11 жилээр богиноссон байсныг тогтоон, хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд нь яг л дайн шиг халдаж буйг онцолжээ. Харин монголчууд хорт утаанаас болж нас нь 10 гаруй сараар багасаж буйг тус тайланд дурдсан байна. Монгол Улсын хүн ам зүйн бодлогод хотын утаа хэдийн харшилж, эрүүл хүүхэд төрүүлж, өсгөхөд бэрх болжээ. Амь, амиа бодохоос өөр арга алга. Дэлхийн хамгийн аюултай хотод аж төрж буй иргэн та өөрийгөө болон энхрий үрсээ энэ гамшгаас хамгаалахыг хичээгээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)