УИХ-ын чуулганыг маргааш болтол хойшлууллаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцоогүй учраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх боломжгүй нөхцөл үүсч хүлээлээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын хүрээнд УИХ өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг болохыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэмдэглэн хэлэв. Засгийн газрын өнөөдрийн байр суурь нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гээд “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг томилж, чөлөөлдөг, хариуцлага тооцдог хуультай. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Аливаа асуудлыг Үндсэн хуулийнхаа хүрээнд шийдвэрлээд явах нь зүйтэй. Тиймээс УИХ-аас Засгийн газарт, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр хугацаатай шаардлага хүргүүлье” гэлээ. Л.Энх-Амгалан гишүүний уг горимын саналын дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ. 

Мөн Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Оюунхорол гишүүн чуулганы хуралдааныг маргааш болтол хойшлуулах горимын санал гаргалаа. Санал хураалтад 43 гишүүн оролцсоноос 27 гишүүн дэмжиж 62.8 хувийн саналаар Л.Оюунхорол гишүүний гаргасан горимын санал дэмжигдэж, өнөөдрийн чуулганы хуралдааныг хойшлуулахаар боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)