УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлт маргааш буюу энэ сарын 6-ны 12.00 болно.

"COVID-19" халдвараас сэргийлэх зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит чуулганыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасны дагуу УИХ-ын Тамгын газарбэлтгэлийг хангаж байна. Чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, нэгдсэн хуралдаан болон байнгын хороо, ажлын багийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна УИХ-ын гишүүдийг зайнаас оролцох боломж бүрдүүлэх юм. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цуглуулахгүй байхаар зохион байгуулна.

Хуралдааныг цахимаар зохион байгуулахад УИХ-ын гишүүд ирцээ бүртгүүлэх, санал өгөхөөс эхлээд хуулийн зөрчил үүсэх магадлалтай юм. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 1-нд өргөн барьсан. Уг төсөлд халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн УИХ-ын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдүүлэхээр тусгасан байна. Ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулахаар зохицуулалт оруулжээ. Харин онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудал хэлэлцэхгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)