УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн зардлын тайланг өнөөдөр мэдээлнэ

УИХ-ын сонгуулиас сунжирч үлдсэн ганц ажил нь нэр дэвшигчид, намуудын зардлын тайлан. Тодруулбал, өнгөрсөн сонгуульд нэр дэвшсэн 606 хүний зардлын тайланг Үндэсний аудитын газар (ҮАГ)-ынхан долдугаар сарын 24-ны дотор хүлээн авч, хянаад өнөөдөр нийтэд мэдээлэх ёстой. Энэ тухай УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.1-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдөр (долдугаар сарын 24)-өөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг. УИХ-ын сонгуульд өрсөлдсөн 13 нам, дөрвөн эвслийн тухайд зардлын тайланг нь ирэх сарын 6-ны дотор ҮАГ-аас нийтэд мэдээлэх үүрэгтэй. Нэр дэвшигчид хэчнээн төгрөг дансандаа байршуулж, хэдийг нь зарцуулсан, мөн хэдий хэмжээний хандив авсан зэргийг тайлангаас харж болно. Түүнчлэн хөрөнгөө зориултаар нь буюу сонгуулийн сурталчилгаандаа ашигласан, зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн, эсэхийг нь хянах юм. Ташрамд дурдахад, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний 65 хувь нь хуулийн хугацаанд зардлын тайлангаа ҮАГ-т хүргүүлээгүй. Мөн хоёр нам аудитын дүгнэлт бүхий тайлангаа тус газарт ирүүлээгүй байгаа юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)