УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс 638.8 сая төгрөгийн зөрчил илэрчээ

УИХ-ын сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл оролцож, 606 хүн нэр дэвшсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчид хэчнээн төгрөгийн орлогыг дансандаа (аль нэг банкны дансны дугаарыг тухайн сонгуулийн хороондоо бүртгүүлсэн) төвлөрүүлж, иргэдээс хэдий хэмжээний хандив авч, хэчнээнийг нь зарцуулсан, эсэхийг Үндэсний адуитын газар (ҮАГ)-ынхан хянаж, дүнг нь өнгөрсөн баасан гарагт нээлттэй байршуулав. Уг ажлыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/55 дугаар тушаалаар баталсан Сонгуулийн зардлыг тайлагнах заавар, аргачлалыг үндэслэн гүйцэтгэжээ. Дээрх сонгуульд нэр дэвшигчдээс 469 нь зардлын тайлангаа ирүүлсэн аж. Тэдний дансанд 66 778 200 000 төгрөгийн орлого төвлөрч, үйл ажиллагаандаа 67 260 000 000 төгрөг зарцуулсан бөгөөд харилцах дансанд 855.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй, 1 337 700 000 төгрөгийн өр төлбөртэй гэж тайлагнасан байна. Нэр дэвшигчдэд хуулийн 836 этгээд 11 236 300 000, 22 149 иргэн 34 735 900 000 төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгчээ.

Үндэсний аудитын газрынхан 638.8 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ. Үүнд зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн 48.8, хөрөнгийнх нь эх үүсвэр нотлогдоогүй 44.7, хөрөнгийн эх үүсвэрийг зээлээр бүрдүүлсэн 169 сая, зардлын дансандаа төвлөрүүлээгүй 1 287 100 000 төгрөг зарцуулсан зэрэг зөрчил багтсан. Мөн иргэн болон хуулийн этгээд хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн 51 сая төгрөг хандивласан бол 0.5 сая төгрөгийн мөнгөн бус хандивыг хүлээн авахдаа гэрээ байгуулаагүй, 200 мянган төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, хуулиар зөвшөөрөөгүй 409.1 сая төгрөгийн хандив зарцуулсан зэрэг зөрчил илрүүлсэн байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар зардлын данс байршуулсан банкны захирал, эсвэл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээний хуулгыг өнгөрсөн долдугаар сарын 24- ний дотор ҮАГ-т хүргүүлэх ёстой. Тэгвэл хоёр нэр дэвшигчийн сонгуулийн дансны хуулгыг ХААН, “Кредит” банкнаас ирүүлээгүй аж.

Дээрх аудитын зөвлөмжид “Нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлан гаргах, аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулах, тайланг хүргүүлэх, нийтэд мэдээлэх зэрэг ойлголт дутмаг, хэрэгжилт хангалтгүй байгааг СЕХ анхаарч, холбогдох хуулийн талаар сургалт зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах” гэж бичжээ. Мөн Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газарт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нэр дэвшигчдэд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцуулах зөвлөмж хүргүүлжээ.

Ташрамд дурдахад, нам, эвслийн зардлын тайланд хийсэн аудитын дүгнэлтийг ирэх сарын 7-нд танилцуулна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)