УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

Өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн зөвшөөрсөнгүй. Уг дүгнэлтээр Цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Тодруулбал, тус хуулийн 6.1 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...” гэсэн заалт, 28.3.1 дэх заалтын “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 16.9, 19.1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, түдгэлзүүлээд буй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1-т “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт бий. Парламент энэ оны нэгдүгээр сарын 30-нд 13 тоот тогтоол баталснаар 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарласан бөгөөд санал авах өдрийг зургадугаар сарын 24 байхаар тогтоосон. 

Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 30-наас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн бол тус нам энэ удаагийн сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй болно гэсэн үг. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1- т “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ болон холбогдох бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” хэмээн заасан байх аж. Уг хуулийг баримтлан Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь ёсоор өнгөрсөн сарын 25-наас өмнө нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28.3- т “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийг товлон зарласан нэгдүгээр сарын 30, эсвэл нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх сүүлчийн хугацаа болох энэ сарын 25-наас өмнө Дээд шүүхэд бүртгүүлснийг нь сонгуульд оролцуулах уу гэж эргэлзэхэд хүргэж буй дээрх хоёр заалтын аль аль нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэц үзсэн.

Үргэлжлүүлэн УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим гишүүний зүгээс хуралдааны дэг, журам зөрчсөн, ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох уу, гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарласан талаар тодруулж байлаа. Уг төслийг санаачилсан гишүүн Д.Лүндээжанцан “2006 оноос хойш УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Танхимын дэг алдагдуулсан бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна гэж заасан. Гэхдээ хуралдаан даргалагч нь гишүүний үг хэлэх эрхийг хасаад, хавчиж шахан, танхимаас хөөж гаргаад байвал Төрийн байгуулалтын байнгын хороонд “давж заалдах” эрхтэй. Тус байнгын хороо гишүүний гомдлыг шийдвэрлэж, эргэж мэдээлэхээр тусгасан” хэмээн хариулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)