УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зориг агсны хэрэгт холбоотой зарим баримтыг дэлгэв

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон гэх хэрэгтэй холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэн зарим баримтыг дэлгэлээ.

Тэрбээр, “С.Зориг агсны амь насыг хохироосон гэх хэрэгт гурван хүн 24-25 жилийн ял шийтгүүлсэн. Хоёр шатны шүүх хурал хаалттай явагдсан. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг олон нийтэд мэдээллээ. Гэхдээ энэ хэргийн байдал ээдрээтэй, олон нийтэд эргэлзээтэй асуудал олон байгаа учраас хэдийгээр миний хариуцдаг ажил биш ч гэсэн Монголын хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шүүх засаглалын дүр төрх, хүний эрх, эрх чөлөө гэх мэт олон эмзэг асуудлыг хөндөж байгаа учраас энэ асуудлын талаар мэдээлэл хийж байна” гэдгээ онцлов. Уг гэмт хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрт нь хандаж өргөдөл гаргасныг тухайн үед нь хуулийн байгууллагуудад уламжилж байсныг Улсын Их Хурлын дэд дарга мэдээлэлдээ дурдаад Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх нь зөрчигдөж байгаа хохирогчдын дуу хоолой, хүсэлтийг олон нийтэд хүргэх үүднээс мэдээлэл хийж, яллагдагсдыг баривчлагдахаас өмнө болсон зарим баримтыг дэлгэж байна" гэлээ.

Түүнчлэн яллагдагч Ц.Амгаланбаатараас Чимгээ, Содномдаржаа нарт тухайн үед нь бичиж байсан гар утасны мессежүүдийг ил болгосон юм.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж эцэст нь “Одоо энэ хэргийг нууцын зэрэглэлтэй гээд 25 жил хав дарна. 25 жилийн дараа дахиад сөхөх үед энэ хэрэгтэй холбогдолтой бүх хүмүүс бурхны оронд одсон байх учир одоо энэ хэрэгт тун няхуур хандах хэрэгтэй” гэдгийг онцлов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)