"УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, цахимаар хуралдах нөхцлийг бүрдүүлнэ"

УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Коронавирусийн халдварын онцгой нөхцөл үүссэнтэй холбоотойгоор чуулганы нээлтийг цахимаар зохион байгуулах юм байна.

Гэвч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд цахим хуралдаан хийх нарийвчилсан заалт байхгүйг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

Тэрбээр "Цахим хуралдааныг онцгой нөхцөлд хийх тул түүндээ тохирсон тусгай зохицуулалт шаардагдаж байгаа юм. Тухайлбал, хурууны хээгээр ирц, санал хураалтад яаж оролцох, хэлэлцэх асуудлын материалыг хэрхэн хүргүүлэх, зайнаас ямар байдлаар оролцох, үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ дараалалд хэрхэн орох болон хориглох зүйл гэх мэтийг тодорхой заах зайлшгүй шаардлагатай.

Тиймээс Цахим хуралдааны дэгийг тогтоосон нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нарын зэрэг гишүүд ажиллаж байна. Төслийн талаар хэлэлцүүлэг хийж, гишүүдээсээ санал авна. Улмаар УИХ-ын даргад өргөн барьж, Байнгын хороо, Нэгдсэн чуулганаар хэлэлцэж батална" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)